Ардчилсан солонгосын талаарх асуулт, хариулт

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Ардчилсан солонгосын талаарх асуулт, хариулт

Яагаад хоёр Солонгос байгаа вэ?

Солонгос улс нь 1910 онд Японы колони байсан. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Солонгосын хойгийг их хүчүүд хоёр хувааж, умардад Зөвлөлтийн ноёрхол тогтсон бол өмнөдөд АНУ-ын нөлөө газар авсан юм. Тухайн үед түр зуурын зохицуулалт гэж нэрлэж байсан ч үүнээс хойш 60 жилийн дараа ч байдал хэвэндээ байна.

Ким Ир Сен /Ким Ил Сун/ гэж хэн бэ?

Манж болон Хойд Солонгос дахь Японы империализмын эсрэг босогчдыг удирдагч ба Оросын алс дорнод руу дүрвэсэн нэгэн юм. Тэндээ Улаан армийн офицер болсон ба Дэлхийн хоёрдугаар дайны дараа Хойд Солонгосын удирдагчаар Зөвлөлт Оросоос томилсон байна.

Солонгосын дайн хэрхэн эхэлж, яаж дууссан бэ?

Зүүний хүчний босогчдыг өмнөдөд дарсаны дараа Солонгосын хойг дахь эрх мэдлийг авах зорилгоор Ким өөрийн зөвлөлтийн дэмжлэгтэй армиа дагуулан 1950 оны зургадугаар сард халдлага хийжээ. АНУ-ын зүгээс Өмнөд Солонгосыг хамгаалахаар гар сунгасан ба аравдугаар сард холбоотны хүчээр Хойд Солонгосын цэргүүдийг ялж, сөрөг давшилт хийсэн байна. Хятад улс коммунист дэглэмтэй холбоотондоо туслах болж, 1953 оны долдугаар сар хүртэл АНУ, Өмнөдийн цэргүүдтэй тэмцсэн юм. Энэ дайнаар олон сая хүн амиа алдсан юм. Гэхдээ дайны дараа ч энэ хойгийн асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байна.

Дайны дараа Хойд Солонгос ямар замналаар явав?

БНАСАУ-ын хүн амын тоо өмнөдийнхөөс бараг хоёр дахин бага ч аж үйлдвэрлэл болон байгалийн баялагтай юм. Коммунист дэглэмээ хадгалж үлдсэн тус улс амжилттайгаар сэргэсэн юм. Хойд Солонгос 1960-аад оны “аж үйлдвэрлэлийн гайхамшиг”-аас өмнө Өмнөд Солонгосоос хамаагүй илүү хөгжилтэй байсан юм. Түүнчлэн 1960-аад оны сүүлээр БНХАУ-д соёлын хувьсгал дэгдэхэд тус улсын төрийн аппарат Ким удирдагчийн “таалалд” шилжсэн байна.

Хойд Солонгос хэр аюултай вэ?

Түүхээс харахад маш аюултай. Хойд Солонгосын талаас 1968 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг хөнөөх алуурчин илгээж байсан ба 1983 онд төрийн дээд байгууллагыг бөмбөгдөж, 1987 онд Өмнөд Солонгосын агаарын тээврийн онгоцыг дэлбэлж байсан. Мөн 1968 онд Хойд Солонгос АНУ-ын “USS Pueblo” нэртэй тагнуулын хөлөг онгоцыг эзэлсэн ба одоо хүртэл буцааж өгөөгүй байгаа юм. Мөн 1970-1980-аад оны хооронд Японы иргэдийг барьцаалж, тагнуулын сургуульд Япон хэл заах багшаар хүчээр ажиллуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Баллистик пуужингийн туршилт хийж, олон улсын конвенцийг зөрчсөн ба 2006 болон 2009 онд хоёр удаа цөмийн пуужингийн туршилт хийсэн байна. Түүнчлэн 2010 оны гуравдугаар сард Өмнөд Солонгосын байлдааны зориулалттай “Cheonan” хөлөг онгоцыг сөнөөж, 46 хүний амийг хөнөөсөн гэдэг ч одоогоор үүнийг нотлоогүй байгаа билээ.

Ким Чен Ир /Ким Жонг Ил/ гэж хэн бэ?

Ким Ир Сений хоёр дахь хүү ба залгамжийг нь авах түүний сонголт. Ил Сунг 1994 онд өөд болж, Мөнхийн удирдагч гэгдэх болсон бол Ким Чен Ир улсын удирдагчаар томилогджээ. Одоо тэрбээр Үндэсний батлан хамгаалах холбооны тэргүүн гэсэн албан тушаалтай юм. Түүний эцгийн бодлого нь “өөртөө найдах” байсан бол Ким Чен Ирийнх “нэн тэргүүнд цэргийн хүч” юм. Эцгийнхээ адил нэр хүндтэй биш ч гэсэн тэрбээр “бараг-бурхан” шиг статустаа маш дуртай нь илт байдаг. Гэхдээ түүний эрүүл мэндийн байдал эргэлзээтэй байгаа. Түүнийг 2008 онд цус харвасан гэдэг ба сүүлийн үеийн гэрэл зургууд ихээр сульдсан байгааг харуулдаг.

1990-ээд оны уналт юунаас болов?

Европ дахь коммунист дэглэм 1990-ээд онд нуран унаснаас хойш БНАСАУ худалдааны түншүүдээ алдсанаар эдийн засаг огцом муудаж эхэлсэн байна. Үүн дээр нэмээд ургац хураалтын хэмжээ буурч, хүн амын бараг 10 хувийг нь хөнөөсөн гэгдэх өлсгөлөн гарсан билээ. Олон шинжээч “Ким”-ийн Хойд Солонгос Румыний Николае Чуашескугийн замналаар явна гэж бодож байсан ч одоогоор тийм зүйл болоогүй байгаа аж.

Ким Чен Ир яагаад Хятадын эдийн засгийн бодлогыг дуурайсангүй вэ?

Хэрэвзээ Ким Хятадын эдийн зас­гийн бодлогыг дуурайлган хэрэг­жүүлсэн бол эцгийнхээ бодлогыг үл хүндэтгэсэн явдал болох байсан гэж мэргэжилтнүүд үздэг. Үүнээс хойш Ким Жонг Илийн удирдлага, систем бэхжиж байна. Харин гэнэтийн өөрчлөлт хийвэл доройтож байгаа засаглалд маш эрсдэлтэй байх талтай.

Хойд Солонгосын нийгэм одоо ямар байдалтай байгаа вэ?

1930-аад оны Японы эзэрхийллийн эсрэг тэмцэл, 1950-аад оны Солонгосын дайны дараа тус улс асар их хэмжээний мөнгийг цэргийн салбарт оруулсан билээ. Коммунизм гэдгийг 2009 онд албан ёсоор Үндсэн хуулиас хассан ч одоогийн замналыг харахад фашизм руу явж байгаа гэгддэг.

Ким Чен Ир хэр хүчтэй вэ?

Улс төрийн хувьд бол маш хүчтэй. Тэрбээр 1,2 сая хүний бүрэлдэхүүнтэй армийг удирддаг юм. Хүн амын тоонд харьцуулбал энэ нь дэлхийн хамгийн цэрэгжсэн улс байх талтай. Гэхдээ эдийн засгийн тал дээр Пхьенянаас гаднах бүсүүдэд Ким Жонг Илийн нэр нөлөө буурч байгаа аж.

Эдийн засаг нь юун дээр тогтдог вэ?

Удирдлагын зүгээс эдийн засгийн талаар ямар ч мэдээлэл өгдөггүй ч Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын судалгаагаар Хойд Солонгосын эдийн засаг 2009 оны байдлаар 40 тэрбум ам.доллар байгаа юм байна. Энэ нь Панама улстай ижилхэн гэсэн үг юм. Хойд Солонгос нь хүнд аж үйлдвэр дээр тогтсон эдийн засагтай ч 1990-ээд оноос хойш түүхий эдийн хомсдол үүсч, салбарт оруулах хөрөнгө оруулалт багасч буйгаас болж маш муу байгаа гэж шинжээчид үздэг. Гэхдээ Хойд Солонгос зэр зэвсэг, тэр дундаа пуужин, химийн зэвсэг ихээр үйлдвэрлэдэг. Түүнчлэн далайн хүнс, мөөг зэрэг хүнсний бүтээгдэхүүн экспортолдог юм. Үйлчилгээний салбарын хувьд аялал жуулч­лалаас тодорхой хэмжээний гадаад валют олдог юм. Мөн нүүрс, төмрийн хүдэр, бал чулуу, шохойн чулуу, зэс, цайр, тугалга болон үнэт металлын ордтой хэмээн мэдэгддэг. Ким Жонг Илийн удирдлага дор зэвсэг, тамхи болон мансууруулах бодисын нууц наймаагаар их хэмжээний мөнгө олдог гэдэг юм. Кимийн хувьд улсынхаа элитүүдийн дэмжлэгийг худалдан авахад мөнгө их хэрэгтэй.

Чөлөөт зах зээлийн эдийн засгийн сураг байна уу?

Бага зэрэг. БНХАУ-тай хиллэдэг бүсийн худалдааны салбар 1990-ээд оноос хойш харьцангуй хөгжсөн байна. Хар зах болон фермерийн зах зээлийг хязгаарлагдмал төвшинд зөвшөөрдөг. Бүс нутагт тайван байдал алдагдсан гэх мэдээлэл байдаг ба үүний дараахан буюу 2009 онд мөнгөн тэмдэгтийн ханшийг өөрчилсөн.

Иргэд яаж амьдардаг вэ?

Элитүүд эсвэл цэргийн албан тушаалтан биш бол ядуухан амьдардаг. АНУ-ын тагнуулын төв газрын тооцоолсноор нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 1900 ам.доллар байгаа. Өөрөөр хэлбэл, хойд солонгосчууд маш бага орлогоор амь зуудаг гэсэн үг юм. Аж үйлдвэрлэлийн салбар зогсонги байдалтай байгаа энэ үед олонхи иргэд өөрийн газар тариалангийн бүтээгдэхүүнээр амьдардаг ба өмч хуваарилалт болон арилжаанаас мөнгө олдог гэжээ. Зүүн хойд Азийн эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа энэ үед Хойд Солонгосыг “Азийн хар нүх” гэж нэрлэсэн ч болно. Шөнийн цагаар цахилгаан хангамж байдаггүй тул бүх гэрэл унтардаг.

Хойд Солонгосын түнш, хөрөнгө оруулагч хэн бэ?

Хэдийгээр Зүүн өмнөд Ази болон Европоос тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг ч ерөнхийдөө бол Хятад улс гол түнш нь юм. Өмнөд Солонгос хилийн ойролцоо “Kaesong” аж үйлдвэрлэлийн тусгай бүсийг ажиллуулдаг. Үүнд Хойд Солонгосын ажилчид мөн ирж ажилладаг байна. Бээжин Пхеньяны улс төрийн харилцаа хүчтэй байдаг ба уул уурхайн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Гэхдээ Өмнөд Солонгосын зүгээс Хойд Солонгос Бээжингийн эдийн засгийн колони улс болж байгаа хэмээн санаа зовдог юм. Хэдийгээр Баруун Европын олон орон Пхеньянтай дипломат холбоотой ч Япон, Өмнөд Солонгос, АНУ зэрэг гол тоглогчдын хувьд байдал ийм биш юм.

Хойд Солонгост хүний эрхийн асуудал хэр ноцтой байгаа вэ?

Тус улсын хөдөлмөр, дахин боловсрол олгох тал дээр хааллтай байдаг ч оргон зайлж чадсан иргэдээс авсан мэдээллээс харахад энэ салбар маш муу үзүүлэлттэй байгаа нь тодорхой. Өлсөж үхэхэд ойрхон иргэд, хамгаалагчдын хатуу гарт гэмтэж бэртэх тохиолдол түгээмэл аж. Олон нийтийн нүдэн дээр цаазаар авч байгаа дүрс бичлэг ч байдаг байна. Зугтсан хүмүүсийн хэлж буйгаар тамлан зовоох, хүчээр үр хөндүүлэх, тэр бүү хэл хоригдлууд дээр химийн эсвэл биохимийн зэвсэг турших явдал байдаг аж. Эмнэсти Интернэшнл, НҮБ зэрэг байгууллага Пхеньян дахь хүний эрхийн асуудал маш ноцтой хэмжээнд байгаа гэдэг юм.

Хойд Солонгос-цэргийн заналхийлэл?

Тус улсын цэргүүдийн буу зэвсэг, төхөө­рөмжийн хугацаа хэтэрсэн, шатахууны хомсдол байгаа ч бас маш ноцтой аюул учруулах чадвартай юм. Тусгай албаны цэргүүдийн тоо, биохими болон химийн зэвсэг, хүчирхэг их буу, холын тусгалтай пуужин байгаа ч одоогоор АНУ хүртэлх тусгалтай цөмийн пуужин байхгүй гэдэг. Хэдийгээр олон шинжээч одоогийн засаглал нь бутран унаж болзошгүй тул Хойд Солонгосыг дайн эхлүүлэхгүй гэдэг ч зарим нь “үхэхдээ үхэр буугаа” гэгчээр Пхеньян гэнэтийн алхам хийх магадлалтай гэж үздэг юм. Түүнчлэн дотоодод бослого гарч, иргэний дайн дэгдэх аюултай. Өмнөд Солонгос, Японыг заналхийлдэг тул ямар нэг байдлаар цэргийн ажиллагаа эхэлбэл дэлхийн капиталын зах зээл дээр сүйрлийн аюул ч учруулах боломжтой.

Ким Жонг Ун гэж хэн бэ?

Тэрбээр Ким Жонг Илийн гурав дахь хүү ба олон улсын зүгээс үзэж буйгаар эцгийнхээ залгамж халааг авах нэгэн юм. Гэхдээ үүнийг Хойд Солонгосын зүгээс батлаагүй билээ. Дэлхийн хамгийн нууцлагдмал орны хамгийн нууц гэр бүлийн хүүхэд болохоор түүний талаар тодорхой мэдээлэл огт байдаггүй. Түүнийг Швейцарьт сургууль дүүргэсэн ба аавынхаа зан байдлыг ихээр дуурайсан нэгэн гэх мэдээлэл байдаг. Түүний эцэг нэгт ах, одоо Макаод амьдарч, бизнес эрхэлдэг гэгддэг Ким Жонг Намыг төрийн эрхийг авна гэж байсан ч тэрбээр Японы сэтгүүлчдэд засгийн эрхийг авах сонирхолгүй гэдгээ хэлсэн байна. Мөн удирдагчийн хоёр дахь хүү Ким Жонг-Чулыг төрийн эрхийг авах хэмжээний “эр” биш гэх мэдээлэл байдаг юм.

Хойд Солонгосын элитүүдийн дунд өөр хүчирхэг нэгэн байгаа юу?

Жанг Сонг Таэк буюу Ким Жонг Илийн хүргэн дүүг удирдагчийн баруун гарын хүн гэж нэрлэдэг. Тэрбээр Ким Жонг Илийн хамт Бээжинд айлчилсан ба Ким Жонг Уныг төрийн өндөрлөгт гаргах ажлыг удирдана гэж олон улсын ажиглагчид үздэг юм. Жангийн эхнэр – Кимийн бага дүү – Ким Кёнг Хуй ч мөн адил цэргийн бааз, үйлдвэрийн газруудад ахтайгаа хамт айлчилж буй зураг их байдаг юм.

Хойд Солонгос бутран унах гэж байгаа юу?

Одоогоор тийм шинж тэмдэг байхгүй байна. Гэхдээ зарим эх сурвалжаас харахад нийгэмд тайван бус байдал газар авч байгаа юм. Гуравдахь Кимийг ард иргэд хүлээж авах эсэх нь тодорхойгүй ч тус улсыг маш хатуу хяналтын дор удирддаг тул хувьсгал гарах магадлал бага байна. Гэхдээ Ким Жонг Ун аав болон өвөө шигээ хүчирхэг байж чадах уу, эсвэл нам, цэргийн ямар нэг хүчирхэг хүний гар хөл болох уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Хоёр Солонгосын зэр зэвсгийн хүч ямар вэ? /ВВС агентлаг/

Хойд Солонгос: 2002 оны тооцоогоор 5 тэрбум ам.доллар төсөвлөсөн

Нийт 1,106,000 цэрэгтэй. Явган цэргийн тоо – 950,000. Усан цэргийн тоо – 46,000. Агаарын хүчинд – 110,000.

Нийт 3500 танктай, 63 шумбагч, 388 ширхэг байлдааны онгоцтой.

Өмнөд Солонгос: 24,5 тэрбум ам.долларыг төсөвлөсөн. Нийт 687,000 цэрэгтэй. . Явган цэргийн тоо – 560,000. Усан цэргийн тоо – 68,000. Агаарын хүчинд – 64,000.
Нийт 2750 танктай, 13 шумбагч, 467 ширхэг байлдааны онгоцтой. Үүн дээр АНУ-аас 17,000 явган цэрэг, 7800 агаарын хүчний албан хаагч байдаг.

Нүүрийг бэлтгэсэн: Э.ОЧИРТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж