Олборлож буй компаниудын ажлыг түдгэлзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Олборлож буй компаниудын ажлыг түдгэлзүүлнэ

Урт
нэртэйгээ адилхан удаан хэрэгжилттэй нэ­гэн хуулийг бид бараг
цээ­жилтлээ ярьж байна. “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий
газрын хамгаалалтын бүс, ойн сан бү­хий газарт ашигт малтмал хайх,
ашиглахыг хориглох тухай хууль”-ийг Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, “эко”
Г.Баярсайхан тэргүүтэй хэдэн гишүүд санаачлан, нэлээд дуулиан­тайгаар
батлуулж байсан. Байгаль орчиндоо хам­гаас илүү хайртай гэх иргэний
хөдөлгөөнийхөн ч хажуугаас нь дэмнэн суулт зарлаж, уриа лоозон хашгирч,
сүрийг үзүүлж байгаад хуулийн төслийг УИХ-аар батлуулж амжсан билээ.
Харин өнөөг хүр­­тэлх хоёр жилийн хуга­цаанд хэрэгжүүлж амж­сангүй. Гэвч
өнгөрсөн долоо хоногийн  Засгийн газрын хуралдаанаар урт нэрт хуулийн
хэрэг­жилтийг түргэвчлэх зарим нэг алхмыг хийгээд байгаа. Хуралдаанаас
1782 аж ахуйн нэгжийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр
гаргалаа хэмээн хэвлэлээр нэг шуу­гисан. Эрдэс баялаг, эр­чим хүчний
сайд Д.Зоригтын хийсэн тайлбар ч мөн энэ мэдээллийг залруулаагүй билээ.
Гэвч Засгийн га­зарт ашигт малтмал хайх, ол­борлох тусгай зөвшөөрлийг
цуцлах эрх огт байдаггүй. Угтаа бол долоо хоно­гийн өмнөх Засгийн газрын
хурал­даанаас “Ашигт малт­малын хайгуулын бо­лон ашиглалтын тусгай
зөв­шөөрөл эзэмшигчдэд нө­хөх олговор олгох журам”-ыг баталсан юм.

Журам батлагдсанаар  гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий
газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан алтны шороон
ордын тусгай зөвшөөрлөөр ол­го­сон талбайн хэсэгт уул уурхайн хаалт,
нөхөн сэр­гээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагаа
явуулахыг зог­соожээ. Үүнийг нь тусгай зөв­шөөрлийг цуцалсан мэ­тээр
ташаа мэдээлэл тараад байгаа юм байна. Ингэхдээ 1782 аж ахуйн нэгж
хэмээн тодотгожээ. Гэвч эдгээр 1782 аж ахуйн нэгж урт нэрт хуулиар
хориглосон бүсэд лиценз эзэмшиж байгааг ийн эн­дүүрсэн хэрэг гэдгийг
мэргэжлийн байгууллагын зүгээс тайлбарлаж байна. Тэдний 1391 нь
хайгуулын, 391 нь ашиглалтын лиценз эзэмшигчид.

Эдгээрээс эхний ээл­жинд алтны шороон орд эзэмшигч 254 аж ахуйн нэгжийн
асуудлыг авч үзэхээр Засгийн газраас батал­сан журамд тусгасан байна.
Гэхдээ тэдний тусгай зөвшөөрлийг шууд цуцлах эрх бас үүсэхгүй. Учир нь
Ашигт малтмалын тухай хууль болоод урт нэрт хуулинд “…аж ахуйн нэгж,
компаниудад нөхөн олговрыг олгосны дараа тусгай зөвшөөрлийг цуцал­на”
гэсэн заалт байдаг ажээ. 2011 оны төсвийн төсөлд нөхөн олговрын мөнгө
гэж нэг ч төгрөг тусгагдаагүй учир хууль ёсоор бол  ирэх ондоо ч
ком­паниудын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх үүсэхгүй нь. Тэр байтугай
компаниуд нөхөн олговроо аваагүй гээд олборлолтоо үргэлжлүүлээд байж
мэдэх нь. Тиймээс геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны бай­гуул­л­агын зүгээс Мэр­гэжлийн хяналтын бай­гуул­лагад
хандан хуулинд заасан орчинд ажиллаж буй компаниудын олборлох үйл
ажиллагааг нь түд­гэлзүүлэх арга хэмжээг авахаар төлөвлөөд буй юм.

Харин энэ зуураа ком­паниудтай хамтран нө­хөн олговрын асуудлаа шийдэж,
нөхөн олговрын санхүүжилтийг 2012 оны төсөвт суулгах бодлогыг
баримтлахаас өөр арга­гүйд хүрсэн байна. Нөхөн олговрын хэмжээ хэд
байхыг одоогоор тааш­гүй. Дээр дурдсан 1782 компанийн гуравны нэг орчим
нь л Ашигт малт­малын газарт нөхөн олгов­рын саналаа өгчээ. Тэрхүү
саналыг зуун хувь болгон үржүүлвэл нөхөн олговорт 7,1 их наяд төгрөг
шаардлагатай гэсэн тооцоо ч бий. Гэвч энэ бол компаниудын са­нал.
Компанийн зүгээс зарцуулсан хөрөнгө мөнгөө санаснаараа нэмэгдүүлэн,
амандаа багтсан тоо хэ­лэхийг үгүйсгэхгүй. Тий­мээс нөхөн олговрыг
зөв­хөн компаниудын са­на­лаар бус татвар, мэр­гэжлийн хяналт  болон
байгаль орчны үнэлгээний мэргэжлийн байгууллагууд хамтарч, тусгай аргаар
тог­тоосон үнэлгээгээр тог­тоох аж. Хэрэв ком­пани, мэргэжлийн
бай­гууллагын санал зөрөлд­вөл шүүх цагдаадаа ту­лах ч магадгүй. Энэ
мэтчилэн урт нэрт хуулийг хэрэгжүүлэхэд уч­рах саад мундахгүй байна.
Х
уулиа хэрэгжүүлээд хоёр мянга шахам аж ахуйн нэгжийг хөөгөөд гаргачихлаа
гэхэд тэдний ашиглаж байсан талбайг урт гарт нинжа нар эзэл­чихийг
үгүйсгэх аргагүй. Татвараа төлөөд, нөхөн сэр­гээлт хийгээд явж байсан
ком­паниудыг гаргаад хууль дү­рэм үйлчилдэггүй, нэг ч төгрөгийн татвар
төлдөггүй нинжа нарт эзлүүлчихсэн тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ
гэсэн асуултад мэргэжлийн байгууллагын зүгээс “Хууль баталсан УИХ,
дэм­­жиж  хашгиралдсан ир­гэний нийгмийнхнээс наад асуултаа асуу” хэмээн
ёжлонгуй хариулна лээ. Эндээс их хэмжээний хөрөнгө мөнгө зарлагадаж,
араасаа өч төчнөөн асуудал дагуулсан урт нэрт хуулийг батлалгүйгээр
байгаль хам­гаалах асуудлыг шийдэж болох байсан уу гэсэн асуулт урган
гарах нь мэдээж.  Хэд хэдэн гарц байсан гэж зарим хүн тайлбарласан.

Хамгийн наад зах нь дээрх бүсэд хай­гуул, олбор­лолт явуул­бал  энгийн
тал­байн­хаас роял­ти, татвар, төлбөрийг хэд дахин өндөр хэмжээгээр
төлдөг байхаар зохицуулж болох байсан гэх энгийн гаргалгааг олон хүн
хэ­лэх юм билээ. Урт нэрт хуульд дурдсан усны урсац бүрэлдэх эх, усны 
болон ойн санд  хай­гуул, олборлолт явуулж буй компаниуд дотор нө­хөн
олговрын сургаар чимээгүйхэн алгаа ташиж суугаа нь цөөнгүй. Хайгуул
хийгээд юу ч илрээгүй, эрдэс илэрсэн ч агуулга нь санасан хэмжээнд
хүрээгүй, эсвэл ашиглаад дуусчихсан талбайн эзэд бол ахиухан  дуугараад
ихээ­хэн нөхөн олговор авахаар хичээж буй нь мэдээж. Ийм тохиолдолд
татвар төлөгчдийн мөнгийг тэ­дэнд зүгээр л бэлэглэж байгаа хэрэг бус уу.

Анх батлах үеэсээ л хэл ам дагуулсан урт нэрт хуулийг хэсэг улстөрчдийн
тоглолт байсан гэх нь бий. Эрдэс баялгийн  ашиглалт, олборлолтоос
хоцорсон нэг хэсэг нь эрдэнэсээр арвин хэсэг газрыг хуулийн нэ­рээр
далайлган авчихаад дахин хуваарилалт хийх сонирхол эрх мэдэлтнүүдэд
төрөхгүй гэх баталгаа бас байхгүй л дээ. Багаар бодоход ойрын 2-3 жилийн
турш хэрэгжиж,  цаашдаа ч 2-3 жил үргэлжилж мэдэх урт нэрт хуулийг
хэрэг­жүүлэх эхний шат ямартай ч тавигдлаа. Харин өгөөж нь ямархан
байхыг цаг хугацаа харуулах биз ээ.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж