Саалийн ганц үнээгээ саах уу, идэх үү?

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Саалийн ганц үнээгээ саах уу, идэх үү?

Монгол Улс “Эрдэнэт” гэх ганц саалийн үнээтэй.  Түүнийгээ саах уу эсвэл идэх үү гэдгийг  парламент удахгүй эцэслэн шийдэх болж байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчиг­дөр энэ асуудлыг хэлэлцэх шатанд гишүүдийн дунд маргаан дэгдэн биенээ бүр “Хуц,  солиор” гэж зандраад авлаа.  Уг нь ажлын хэсгийнхний зүгээс  “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэр­лэсэн зэсэнд нэг тонн тутамд 15 хувь хүртэлх татвар ногдуулахаар болоод байсан юм, өмнөх өдөр нь л дөө. Гэтэл нэгхэн хоногийн дотор дахин таван хувиар өсгөж, 20 хувьд хүргэч­ихэж…. Энэ тохиолдолд манай улсын татварын дарамт өндөр авч, ганц “Эрдэнэт” үйлдвэрээ сөхөө авахуулахгүй нь гэж гишүүн Д.Зоригт шүүмжиллээ. Харин ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр “Хэрвээ зэсэнд ногдох татварыг энэ хэмжээгээр тогтоохгүй бол Монгол Улсын баялаг гадаад руу урсаад алга болно” гэсэн байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир зэсэнд ногдох татварыг 20 хувь хүртэл нэмэгдүүлэхээр төсөвт орох орлого хэд болж өсч байна вэ. Өчиг­дөр 15 хувиар тооцоход 209 тэр­бум төгрөг яригдаж байсан, 20 хувь гэхээр түүнээс өндөр болж таарна. Энэ асуултад Сангийн сайд хариулт өгсөнгүй, гэдийлээ. Гэхдээ нэг тонн зэсийг 8500-гаар тооцон, 18 хувийн татвар ногдуулахад төсөвт жилдээ 377 тэрбум төгрөг төвлөрнө гэв. Зөвхөн орлого төвлөрүүлэх нэрийн дор ганц саалийн үнээгээ ийн сааж, ул­маар алж идэх ажил руу орж буйд олон гишүүн шүүмжлэлтэй хандлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Зоригт :Монгол Улс зэсийн ганцхан үйлдвэртэй. Гэнэтийн ашгийн татвар 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болж, эхлэнгүүт зөрүүлээд энэ өндөр татварыг ногдуулах нь Монголд дахин шинээр зэсийн үйлд­вэр байгуулагдахгүй болох, гадаа­дынхан хөрөнгө оруулахгүй болох нөхцлийг тавих нь. Яагаад Зас­гийн газраас өргөн барьсан төс­лөөс татварын хэмжээг дөрөв дахин өсгөх гээд байгаа юм бэ. Энэ чинь цаанаа 400 дахин өндөр дарамт үүсгэнэ. Ингэж төсөвт татаж авчирсан мөнгийг иргэдэд тараагаад явах юм уу.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:-Социалист санаанаасаа татгалзах хэрэг­тэй.  Бүх юмыг төр хийнэ гэж, тэгээд өндөр татвараар дарамталдаг, шуналын сэтгэлээр ханддагаа боль л доо. Хэрвээ зэсэн дээр 20 хувийн татвар ногдуулна гэвэл зэсийн шинэ үйлдвэр байгуулагдахгүй. Хэн ийм өндөр татвар төлөхийн төлөө хамаг юмаа эрсдэлд оруулан, үйлдвэрт хөрөнгө оруулж суудаг юм.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Гэнэтийн ашгийн татвар хү­чин­гүй болонгуут “Эрдэнэт” үйлд­вэр улсад төлдөг байсан мөнгөө зэс хайлуулах үйлдвэр барихдаа зарцуулахаар төлөвлөж байсан. Гэтэл зөрүүлээд ийм өндөр 20 хувийн татвар ногдуулахаар юугаараа үйлд­вэр барих юм бэ, олон жил энэ үйлдвэрийг татвараар дарамталлаа.

УИХ-ын гишүүн Х.Бадам­сүрэн: -Монголын төр ашигт малтмалынхаа боловсруулалтын төвшинг боловс­ронгуй болгох шаардлага бий. Дар­ханы хар төмөрлөгийн үйлдвэр бариг­даж дуусангуут түүхий эдийн гачигдалд орсон гашуун туршлагыг “Эрдэнэт” үйлдвэр дээр давтах гээд байна. Ер нь ч ойрын жилд зэс хай­луулах үйлдвэр байгуулагдахгүй нь энэ янзаар.

Ийнхүү гишүүдийг үгээ хэлж дууссаны дараа ажлын хэсгээс гаргасан саналын дагуу санал хураалгахаар болов. Тус байнгын хорооны хуралдаанд нийт 11 гишүүн оролцож байлаа. Ажлын хэсгээс олон санал гаргасан байсан тул тэр бүгдээр эхнээс нь санал хураав. Ингээд нэг тонн зэсэнд 20 хүртэлх хувийн татвар ногдуулах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад 11 гишүүнээс зургаа нь гар өргөв. УИХ-ын гишүүн Д.Зоригт нүүрсний татвараар санал хурааж байна гэж андуураад гар өргөчихсөн нь тоонд ороодхож. Ядахад санал тоологч ан­дуураад, 11 гишүүнээс долоо нь дэмжлээ гэсэн нь бүр гал дээр тос нэмэв.

УИХ-ын гишүүн Д.Зоригт: -Би зэсийн үнийн татвар дээр санал хурааж байна гэж бодоогүй, нүүрс гэж бодоод гар өргөсөн.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр:
-Д. Зоригт гишүүнээс гадна Л.Гантөмөр гишүүн гар өргөсөн, би харсан.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:
-Би өчигдөр саналаа тодорхой хэлсэн. Хэрвээ Оюутолгойн ордод энэ татва­рыг ногдуулна гэвэл дэмжинэ. Би сая гараа өргөөгүй.

Нэг гишүүн гар өргөөгүй, нэг гишүүн андуурч гар өргөсөн байхад яагаад долоон гишүүн гээд тоолсныг тайлбарлаад орхи гэсэн хатуухан шаардлагын эсрэг байнгын хорооны дарга Ц.Баярсайхан “Д.Зоригт ги­шүүн ээ, та яах аргагүй гар өргөсөн бай­­сан шүү” гэлээ. Улмаар санал хураалтыг дахихаар болов.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:
-УИХ-ын дэгийн тухай хуульд ги­шүүн андуурч саналаа өгсөн тохиолдолд санал хураалтыг дахина гэсэн заалт байхгүй шүү.

-УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир
:-Юу ярьж байгаа юм, дахихгүй яа­даг юм.

Санал хураалтыг дахин явуултал зэсэнд 20 хувь хүртэлх татвар ног­дуулах санал унаж орхив. УИХ-ын гишүүн Н.Батбаяр байнгын хорооны даргыг буруутган “Дахин санал ху­раал­­гахдаа яадаг юм. Эцсийн дүндээ энэ чинь Монгол Улсын хувь заяаны асуудал. Санаатайгаар хувийн со­нирх­лоор санал хураалтыг дахиж уна­га­чихлаа ш дээ. Оюутолгой чамд багадаа юу?

-Ц.Баярсайхан: Солиороод бай­­­­­­­­­­­­­гаа­рай чи, тэгж ярих юм бол би ча­­­­­­майг дэмжээд гар өргөсөн байх шүү.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:
Тэг­сэн, тэгсэн санал өгсөн шүү.

Ийнхүү УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал зэсийн үнэд ногдуулах Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татвараас болж, хурцдан, улмаар энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд  дэмжсэнэээр үү, унагасанаар оруулах уу гэдэг нь маргаантай болж хувирсан юм. Сангийн сайд С.Баярцогт “Шаталсан байдлаар буюу анхны хэлбэрээр нь чуулганд асуудлыг оруулахаас аргагүй боллоо гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Зэс ямар ч татваргүй болчихлоо. Энэ чинь Монгол Улсын үндэсний эрх ашиг хэмээн бухимдсаар энэ удаагийн хуралдаан өндөрлөв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг авч хэлэлцэхэд аль талд санал гарах нь олонхийн шийдвэрээс хамаарна. УИХ дахь МАХН-ын бүлгийн хувьд “Зэсэнд 15 хувийн татвар ногдуулах боломжтой. Энэ тохиолдолд төсөвт 209 тэрбум төгрөг төвлөрнө” гэсэн байр суурь баримтлаад буй. Хэрвээ парламентад олонхи бүрдүүлдэг тус намын бүлгийн дагуу шийдвэр гарвал иргэн бүрт хувь хишиг түгээх хэдэн бор төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрээс босгох бололцоо бүрдэх ч тус үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр байгуулах төлөвлөгөө лөөлөө болж хувирна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж