Хар тамхины хэргээр 15 жилийн ял авлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Хар тамхины хэргээр 15 жилийн ял авлаа

Биднийг “оймс гуталны” хулгайчаа баривчлах гэж мунгинах зуур Монгол Улсад  мансууруулах бодисны мафийн сүлжээ үүрлэж, Монголын иргэн харийн оронд цаазын ял хүртэл сонсож байхад зарим нь эх орондоо хар тамхины хэргээр шалгагдаж эхнээсээ ял сонсож эхэллээ.  Ганцхан жишээ татая.

Их мөнгө амласан хар тамхины сүлжээнд нэгдсэн  хүний мэхэнд хууртан их хэмжээний мансууруулах төрлийн бодис хилээр нэвтрүүлэх гэж байгаад гаалийнханд саатуулагдан шүүхээс 15 жилийн хорих ял  сонссон М.Ойгонбаяр гэх 25 настай залуугийн хэрэг. Түүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр  Баянгол дүүргийн шүүхэд болж, эрүүгийн хуулийн 188.2, 192.3-аар зүйлчлэн 15 жилийг чанга дэглэмтэй хорих ангид биеэр эдлүүлэх шийдвэр гаргав. Яллагдагч  М.Ойгонбаяр анхан шатны шүүхийн  шийдвэрийг эсэргүүцвэл шүүх хурлын шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш  14 хоногийн  дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах эрхтэй.

Хуулиар хориотой их хэмжээний мансууруулах төрлийн бодис зөөвөрлөн, хилээр гаргах гэж байгаад саатуулагдсан М.Ойгонбаяр хуулийн хүрээнд хариуцлага хүлээж зохих ялаа эдлэх нь зөв. Гэвч түүнд энэ саналыг тавьсан, цүнхэнд нь мансууруулах бодисоо хийгээд мөнгө амласан, Эрээн хотод тосч авахаар зэхэж байсан,  2-3 удаагийн  давтан үйлдэлтэй этгээдүүд чухам хаана юу хийж явна вэ. Амьдрал тарчиг, танил талгүй, эгэл ардын хүүхэд  М.Ойгонбаярт Монголын хууль жинхэнэ утгаараа үйлчилж байхад түүнийг түнэр харанхуй руу түлхсэн Цэрэндулам гэгч эмэгтэйг сураггүй алдаж, мансууруулах бодисын сүлжээнийхэн болох Мөнхбат, Саранцэцэг, Байгальмаа, Наранчимэг нар  батлан даалтад гарч эрх чөлөөтэй алхаж яваад М.Ойгонбаярын ар гэрийнхэн  харамсаж буй. М.Ойгонбаярын ээж хэлэхдээ “миний хүү  хийсэн хэргийнхээ ялыг эдлэх ёстой ч  мэдсээр байж хууль бус үйлдэл удаа дараа хийж, гэмгүй ардын хүүхдийг бузар хэрэгтээ ашигласан хүмүүст өнөөдрийг хүртэл  хариуцлага  тооцсонгүй. Бүр батлан даалтад гаргаад чөлөөтэй явуулсан нь Монголын хууль энгийн ард бидэнд л сайн үйлчилдэг юм байна гэж бодогдоход хүргэлээ” гэсэн юм.

Шүүхээс 15 жилийн хорих ял сонссон энэ залуу таксинд явж, нисэх онгоцны буудлаас зорчигч тосдог байж. Ажлаа хийж явахдаа  2009 оны аравдугаар сард  иргэн Цэрэндуламд таксигаар үйлчилж байгаад  танилцжээ. Цэрэндулам Америк, Чех, Хонгконгд амьдарч байсан англи, хятад хэлтэй нэгэн аж. Тэрээр М.Ойгонбаяраар Чингисхаан олон улсын нисэх онгоцны буудалд хүргүүлээд  “гадны хүн тосох найдвартай жолооч хэрэгтэй байна” хэмээн утасны дугаарыг нь авчээ. Дараа нь М.Ойгонбаяр уруу утасдаж хэд хэдэн  удаа нисэх онгоцны буудал хүргүүлсэн гэнэ. 

 М.Ойгонбаяр өнгөрөгч есдүгээр сард болсон  шүүх хурлын үеэр “Цэрэндулам  4-5 удаа  эмийн бизнес хамтарч хийх  санал тавьсан. Би зөвшөөрөөгүй.  Харин машин эвдэрч,  ээжийн бие өвдөн санхүүгийн бэрхшээл үүсээд ахиухан мөнгө олохын тулд Цэрэндуламын саналыг зөвшөөрсөн юм. Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 04-нд  н.Цэрэндуламын хамтрагч н.Саранцэцэг гэх эмэгтэй надад цагаан  саарал чемодантай зүйл авчирч өгөхдөө үүнийг Гуанжуд хүргэн өгсний дараа хөлсөнд нь  1000 доллар өгнө  гэж хэлсэн.  Бас  1300 юань, гадаад паспорт, Эрээн орох тасалбар авч өгөөд галт тэргэнд суулгахдаа эмийг нь чемадонд байгаа гэхээс өөр зүйл хэлээгүй. Галт тэргэнд орсон хойно Цэрэндулам утасдаж “Наадах чинь хар тамхи, болгоомжтой байгаарай” гэж хэлсэн. Би маш их айсан. Тэгээд хил нэвтрэхээсээ өмнө хэргээ хүлээе гэж бодож байсан” хэмээн ярьсан байдаг. Тэрээр гаалийнханд баригдахдаа Эрээний Солонго зоогийн газарт уулзахаар хүлээж байсан Наранчимэгийг барьж өгчээ. Цагдаагийнхан М.Ойгонбаярын тусламжтайгаар н.Наранчимэг, н.Байгальмаа, н.Мөнхбат, н.Саранцэцэг нарыг барьсан ч хэргийн гол буруутан  н.Цэрэндулам,  Филиппины иргэн Эдуард Тони хоёрыг өнөө хэр нь сургийг нь гаргаж чадаагүй  л явна. Энэ мэт хэргийн жишээ Монгол Улсын хууль ард хүнд л үйлчилдэг үү гэж асуухад хүргэлээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж