Хоёр намын амлалт хэрхэн “биелэв”

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Хоёр намын амлалт хэрхэн “биелэв”

Хууль тогтоогчид ашгүй нэг юм олон сараар бантуулсан амлалтынхаа ард гарах арга олов бололтой. Зөвхөн бэлэн мөнгөний амлалтдаа зориулан 805 тэрбум төгрөг зарлагадах зоригтой санаа гаргаж чадсан гишүүдийг тал талаас нь шахаж, олон улсын байгууллагууд ч алсуур нөлөө үзүүлж байж, шахаанд оруулж чадав бололтой. Энэ удаад эрхэм гишүүд 21 мянган төгрөгөө нийлүүлээд ажлын байр бий болгох, үйлдвэрлэл хөгжүүлэх төсөл болгох тохиолдолд иргэдэд мөнгийг нь бөөнөөр нь олгоно гэжээ. Бас нэг мэргэн санаа сэдсэн нь хоршоолол компани байгуулж, төсөл бичээд мөнгөө авч болно. Үүнийг нь хэн нэг нь зангидаж төслүүдийг нь шалгаж хянаад мөнгө олгох гэнэ. Аягүй бол араас нь үнэхээр ажлын байр бий болгов уу үгүй юу, төсөл нь ашигтай юу, ашиггүй юу гэдгийг шалгах байгууллага, бас нэг агентлаг ч байгуулж мэдэх нь.

Гэхдээ манайхан цаасан дээр сайхан тоо биччихээд түүндээ итгэх дуртай юм хойно, ирэх жилийн эцэс гэхэд бидний олгосон 21 мянган төгрөгөөр тэдэн ажлын байр бий болгожээ гээд л оргилуун дарс буудуулах биз дээ. Нэг өрх таван ам бүлтэй гэж бодвол жилд нэг сая 260 мянган төгрөг, ах дүү хамаатан садан 100 хүн нийлбэл 25 сая 200 мянган төгрөг, мянгуулаа нийлэх юм бол 252 сая төгрөг. Мянгуулаа нийлэхэд ч нэг жижигхэн үйлдвэр байгуулна байх аа. Ингээд л Монгол Улсаа аж үйлдвэржүүлээд, бас хүмүүсээ ажлын байртай болгоод, дээрээс нь хоёр нам хоёулаа сонгуулийн амлалтаа биелүүлчихэж байгаа юм. Ухаантай мондинууд шүү…

Нөгөө 21.00 төгрөг дээрээ  Эрдэнийн хувь, Эх орны хишиг гэсэн хоёр нэрээ нийлүүлээд “Хувь хишиг” гэж нэрийдэхээр шийдэв. Естой нэг жин бангүй “нарийн” ухаан сийлсэн байгаа юм шүү, хэн нь ч хэнийгээ гомдоохгүй… 

За ингээд асуудлыг шийдчихлээ. Харин иргэн би вээр 21 мянган төгрөгөө авах гэж хэнтэй хамсч, ямар төсөл бичээд, ямар газарт өргөдлөө гаргаж, мөнгөө аваад үйлдвэрээ байгуулна даа гэж бага зэрэг санаа зовж л байна. Өмнө нь 70 мянган төгрөг өгөх гэж дэвтэр тарааж, дараа дахин сар бүрийн 10, 10 мянган төгрөг өгөхийн тулд хурууны хээ авч, шинэчилсэн бүртгэлд хамруулсан. /Ядахад албаны хүмүүсийн хэлэх дуртай хамрагдана гэдэг үг муухай сонсогдохыг яана. Загас загасчны тор руу гэм сэмгүй хамуулаад хамрагдаад ордог шиг л сонсогдоод байдаг юм/. Харин одоо ямар нэгэн компани, хоршоололд “хамрагдаж” байж төрийнхөө хишгийг хүртэх юм биз дээ. Мэргэн хууль тогтоогчдын гаргасан сайн, сайхан саналыг өөнтөглөв гэж та бүү эмзэглээрэй. Дөнгөж өчигдөр л эрхэм гишүүд маань иргэдээ энэ 21 мянгадаа хэрхэн “хамруулах” талаар санал нэгдэж, нүүр нүүрээ харалцаж байгаа учраас цаашид толгойгоо улам илүү ажиллуулж, буруу зөвөө тунгаагаад нөгөө стандарт бус намын “стандарт бус” даргын хэлсэнчлэн улам төгөлдөршүүлээд явна байх л гэж найдацгаая.

Өчигдөр эрхэм гишүүдийн ярьснаар бол үйлдвэрлэлийн төсөл бичихээс гадна гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, орон сууцжуулах маягтай юм ярьсан. Басхүү анхны амлалтаасаа буцаж няцав гэж загнуулж магадгүй гишүүд “хүмүүс мөнгөө цувуулж авья гэвэл болно, бөөнөөр нь авья гэвэл бас төслөө бичиж болно” гэсэн тал еэвэнгийн үлгэр шиг тайлбарыг дуу султайхан хийж байна лээ. Тийм болохоор 21 мянган төгрөгийн дуулиант хөрөнгөө хэрхэн хүртэх талаар Засгийн газраас тусгай, дүрэм журам гаргаж, бүртгэл, хяналтаа цэгцлэх биз. Төрийн ажлын хурдыг бид ерөнхийдөө гадарлах учир хэзээ төслөө бариад хаана хандах, хэдий хугацааны дараа мөнгө нь “бууж” ирэхийг мэргэч, төлөгчдөөс асуухад илүүдэхгүй байх. Ямар ч болов баахан мөнгө тарааж инфляцийг хөөрөгдөөд, хоолны маань хамнаас салгачихна гэсэн айдсаас эхний удаад ангижруулав. Гэхдээ энэ мэдээж төсөвт дарамт болохгүй гэсэн үг биш л дээ. Бөөнөөр нь ч, цувуулаад ч өгсөн төсвөөс л мөнгө гарах юм хойно. Ямартаа ч төсөл бичих, хүмүүсийг зохион байгуулж, мөнгөнүүдийг нь нэгтгэх гээд ажлын “шинэ” байр бас гарч ирж байна шүү. Харин 1990-ээд онд Их дэлгүүрийн өмнө “Ягаан тасалбар авна” гээд хувьчлалын ягаан цэнхэр тасалбарыг багсайтал бариад зогсч байсан шиг тийм “ажлын байр” л гарахгүй байгаасай.

“Эхнэр салаад явчихлаа, ноосоо тушаачихлаа, намынхаа батлахыг хураалгачихлаа. Ажил ч эмхэрч байна даа” гэдэг шиг ингээд л нэг сумаар нэлээд хэдэн хоёр гурван “туулай” буудчихаад байгаа юм даа, манай хууль тогтоогчид. Төсвийн төслийн ганц гацааг ингэж хямдхан арилгасан болохоор ирэх жилийн төсвийг ногоон гэрлээр батлах юм биз дээ.

А.ТУЯА  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж