
Хэнтий аймгийн БТСГ, Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж “Хутагт” групп, “Мөнхжаргалант” компани, орон нутгийн мянгат малчид ивээн тэтгэсэн энэ удаагийн уралдаанд Монгол улсын 16 аймгийн 32 бөх тайлбарлагчид оролцов. Хэнтий аймгийн ҮБХ-ны нарийн бичгийн дарга, аймгийн начин Г.Нэргүйбаатар хол тасархай түрүүлж тэргүүн байранд, Дундговь аймгийн харъяат, МҮБХ-ны менежер С.Гантөр дэд байранд, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Г.Баатарчулуун гуравдугаарт, Дорнодын Д.Тунгалагбаатар дөрөвдүгээрт, Дорноговийн Х.Энхжаргал тавдугаарт, Булганы Д.Дамдиндорж зургадугаарт, Дундговийн Л.Идэрмөнх, О.Гантулга долоо, наймдугаарт, Говь-Алтайн С.Хүрэлбаатар есдүгээр байранд шалгарчээ.
Үндэсний бөх тайлбарлагчдын уралдаанаас эхний есөн байрыг шалгаруулдаг дэг жаягтай юм байна. Бөхтэй холбоотой асуулт хариулт, бөхийн цол дуудах, тайлбарлагчийн ур чадвар, авъяас билиг сорьсон уг тэмцээнд оролцогсдын хамгийн ахмад нь тавь гаруй настай, Дундговийн харъяат, үндэсний бөх тайлбарлагч С.Батчулуун байлаа. Тэрээр хорин жилийн өмнө МҮБХ-ны ур чадварын шалгалтанд орж долоо дахь үндэсний бөх тайлбарлагчийн үнэмлэхийг гардан авч байжээ. Бас Хэнтий аймгийн спортын ордонд 1984, 1985, 1986, 1987 онуудад болсон самбо, жү-до бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцож гурван ч медалийг нь хүртэж явжээ. Тэрээр энэ удаагийн тэмцээний аравдугаар байрыг эзэлсэн юм.
“Эхний тэмцээн хасагдах журмаар болж хаа холын Увс аймгаас ирсэн тайлбарлагч эхний даваандаа бүдрээд урам муутай буцаж байсан бол энэ жилийнх нийлбэр оноогоор нь дүгнэсэн учраас бөх тайлбарлагч нарт ихээхэн боломж олгосон онцлогтой уралдаан боллоо. Хэнтий аймгийнхан ч сайн зохион байгуулсан байна. Харин цаашдаа тэмцээн уралдааныхаа нэр хүндийг бодолцож хоёроос гурван жил тутамд бусад аймгуудад дамжуулан зохиож байвал зохимжтой санагдана. Үндэснийхээ бөхийн тайлбарлагч болох хүсэл эрмэлзэлтэй залуус ч олон болсон нь сайхан санагдлаа” гэж тэмцээний шүүгч, “ТВ-9” телевизийн нэвтрүүлэгч Ц.Батнасан ярилаа. Ховдын Д.Давхарбаяр, “Үнэхээр ур чадвартай, туршлагатай бөхийн тайлбарлагч нар оролцдог юм байна. Их ч юм сурлаа. Энэ удаад ганцаараа ирсэн бол дараа нутгаасаа олуулаа ирж оролцоно оо” гэв. Бодит амьдрал дээр тайлбарлуулах зорилгоор сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон 48 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Батноров сумын харъяат, “Аварга” БТДС-ийн бөх, сумын заан Ц.Тайванхүү түрүүлж, Булган аймгийн Сайхан сумын харъяат, Эрдэнэт хотын “Хангарьд” клубын бөхийн тайлбарлагч, сумын заан Б.Амгаа үзүүрлэсэн юм.
Харин “Үндэсний бөхийн тайлбарлагчдын ур чадварын улсын хоёрдугаар уралдаан”-ыг залгуулаад гурав дахь өдөр нь Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбооны 20 жилийн ойн хаалтын ёслол болж улс, аймаг, сумын цолтой 64 бөхийн барилдаан болсон. Энэхүү барилдаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын харъяат, аймгийн арслан Ц.Батцоож түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэж ,улсын начин Ж.Гансүх, аймгийн арслан Д.Эрдэнэбилэг нар шөвгөрлөө. Тус аймгийн ҮБХ-ны тэргүүн, Хэрлэн сумын уугуул, “Хутагт” группын Ерөнхийлөгч М.Хүдэрбаатар холбооныхоо 20 жилийн ойгоор хорин ажил зохиож нийлбэр дүнгээр энэ хугацаанд жар гаруй сая төгрөгийн ажил, хөрөнгө оруулалт хийснээ тайлагналаа. Тэрбээр аймгийнхаа БТСХ-нд хоёр иж бүрэн компьютер бэлэглэж 20 жилийн ой болоод “Үндэсний бөхийн тайлбарлагчдын ур чадварын улсын хоёрдугаар уралдаан”-д оролцсон бүх тайлбарлагч нартаа өөрөө ивээн тэтгэж хэвлүүлсэн, дэлхий дахинаа бестеллер болсон Жак Уэтерфордын “Монголын Их Хатдын Нууц Товчоо” номыг дурсгалаа.
Дашрамд сонирхуулахад “Үндэсний бөхийн тайлбарлагчдын ур чадварын улсын уралдаан”-ыг Хэнтий аймгийн ҮБХ-ны нарийн бичгийн дарга, аймгийн начин Г.Нэргүйбаатар санаачилсан түүхтэй ажээ. Тэрээр, 1997 онд болсон Хэрлэн сумын аварга шалгаруулах цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд оролцсон 20 гаруй залуучуудтай хамт бөхийн гараагаа эхэлж хоёрдугаар байранд шалгаран сумын начин цол хүртэж байсан бол 1999 онд аймгийн наадмаар Хэрлэн сумын харъяат, аймгийн арслан Х.Болд-Эрдэнэ арслангаар тав давж 2002 онд Босоо Самдан аваргын нэрэмжит барилдаанд аймгийн начин цолоо баталж байлаа.
Тэмцээний ерөнхий шүүгч, улсын засуулч Д.Цогзол, залуучууд маань ур чадвар сууж туршлагаа хуваалцсан сайхан тэмцээнийг Хэнтийнхэн маань уламжлал болгожээ гэж үнэлсэн байна.