Хотын дүрмийн хэлэлцүүлэг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Хотын дүрмийн хэлэлцүүлэг эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д “Хотын дүрэм”-ийн төслийн хэлэлцүүлгийг  өнөөдөр эхлүүллээ. Хэлэлцүүлэгт нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, төрийн бус зарим байгууллага, иргэд, хуульчдын төлөөлөл оролцож саналаа илэрхийлэв.

“Хотын дүрэм” нь оршин суугаа хороо, дүүрэг, хот, тосгондоо иргэд соёлтой, журамтай амьдарч, аливаа асуудлыг шийдвэрлэхэд тодорхой эрх мэдэлтэй, оролцоотой байх боломжийг хангах зорилготой юм. Иймээс оролцогчид бүгд ийм дүрэмтэй болохыг дэмжиж байлаа. Гэхдээ асуудлыг олон өнцөг, байр сууриас харж, дийлэнх нь бодлого тал руугаа биш бүтэц, удирдлага, хууль гэсэн ойлголтоор хүлээн авч саналаа илэрхийлэв. Ялангуяа дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлынхан “дүүрэг бол бие даасан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж биш” гэсэнд эмзэг хандлаа. Тэд дүүрэггүйгээр иргэдийн оролцоог хангах, амьдралын өдөр тутмын асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж ярив. Бас хотын хувьд дүүргүүдийн, тэдгээрийг нэгтгэсэн хоёр шатлалтай дүрэмтэй байх нь зохимжтой гэсэн санал ч гарлаа. Нэг хэсэг нь одоо дагаж мөрдөж буй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай болон бусад хуультай зөрчилдөж байна гэж шүүмжлэв.

 Мэдээж шинэ зүйл учраас засах, сайжруулах юм байж л таараа. Уг нь гавьяат хуульч Б.Чимид гуайн хэлснээр 1923 оноос өмнө Монгол Улсын баг, сум, хошуу дурэмтэй байсан ажээ. Зарим хүн иргэдийн оролцоог хорооны эсвэл хороо дундын иргэний танхим байгуулах замаар хангах хэрэгтэй гэлээ. Санхүүгийн эрх мэдлийг орон нутаг, иргэдэд олгох нь утгагүй. Тэд яаж төсөв хийж, яаж хяналт тавих юм гэх хүн ч байв. Тогтвортой амьжиргаа төслийн төлөөлөгч хэлэхдээ “Бидний туршлагаас харахад хөрөнгө төсвийн эрх мэдлийг нь олгож байж л иргэдийн оролцоог хангах боломжтой” гэж ярилаа. Ерөнхийлөгчийн эдийн засаг, санхүүгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хэлэлцүүлгийг хааж хэлэхдээ “ Бид бүтэц биш бодлого талаас нь та бүхний саналыг сонсох гэсэн юм. Одоогийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал миний асуудлыг шийддэггүй. Миний өмнөөс хэн нэгэн дарга мөнгө аваад асуудлыг өөрийнхөөрөө шийдээд байна. Тиймээс иргэнийхээ саналыг сонсдог, асуудлыг шийдвэрлэхдээ түүнийг оролцуулдаг болоход л хотын дурмийн ач холбогдол оршиж байгаа юм. Гэхдээ баг, сум, аймаг, хороо, дүүрэг, хот тосгоны дүрмийг тус тусад нь сайжруулан боловсруулах ажлын 6 хэсэг байгуулья. Энд орж ажиллах хүмүүс саналаа чөлөөтэй өгч болно. Орон нутагт ч төвлөрөл байна. Түүнийг бас сааруулах зорилготой. Зарим оронд сум Засаг даргагүй, сонгуульт ажил хэлбэрээр хэн нэг нэр хүндтэй хүнд хариуцуулсан ч байдаг. Татварын самбар хүртэл гаргаж, түүнээсээ хараад хяналт тавих боломж ч байдаг юм билээ” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж