Шүүгч нарын ачаалал их байна гэв

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Шүүгч нарын ачаалал их байна гэв

Нийслэлийн шүүхээс сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Уг хуралд Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Сарантуяа, Иргэний хэргийн танхимын тэргүүн П.Золзаяа нар оролцож,  нийслэл болон дүүргийн шүүхүүдийн шүүн таслах ажлын дүн, шүүгчдийн ажлын ачаалал зэрэг асуудлаар мэдээлэл хийв. Энэ оны 3 дугаар улирлын байдлаар 2588 хүнд холбогдох 2095 эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 2.5 хувиар буурсан бол ял шийтгүүлэгчид 7.8 хувиар өссөн байна. Энэ нь бүлэглэж гэмт хэрэг үйлдэгчид нэмэгдсэнтэй холбоотой. Анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хариуцсан нэг  шүүгчид дунджаар 216 хэрэг маргаан шийдвэрлэсэн үзүүлэлт гарч байгаа нь улсын дунджаар дээгүүр бөгөөд ачаалал их байгаа талаар энэ үеэр мөн ярьсан юм. Иргэний шүүн таслах ажиллагааны тухайд нийслэлийн 8 дүүргийн шүүх 18130 нэхэмжлэл хүлээн авснаас 10882 иргэний хэргийг шийдвэрлэжээ. Дүүргийн шүүхэд иргэний хэргийг дагнан шийдвэрлэдэг нийт 49 шүүгч байгаа бөгөөд нэг шүүгч дунджаар 222 хэрэг шийдвэрлэсэн нь мөн л ачаалал ихтэй ажиллаж байгаа юм. Энэ онд хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг өссөн байна. Үүнд хүнийг санаатай алах гэмт хэрэг 6.3 хувиар, хүндрүүлэх нөхцөл байдалтай бусдыг санаатай алах гэмт хэрэг 33.3 хувиар, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 33.9 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 18.0 хувиар, танхайн гэмт хэрэг 1.4 хувиар, авто аварын гэмт хэрэг 19.8 хувиар тус тус өсчээ. Түүнчлэн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэргийн 90-ээд хувьд нь иргэд, хуулийн этгээдээс давж заалдах болон хяналтын гомдол гаргадаггүй байна. Тухайлбал 2009 онд гаргасан нийт 12264 шийдвэрийн 1047 нь буюу 8.5 хувьд нь давж заалдах гомдол гарч, хянагдсан үзүүлэлт байдаг аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж