Монгол 999 Үндэсний Нэгдэл”ХК- ийн гүйцэтгэх захирал Л.Ариунболд:
-“Монгол 999 Үндэсний Нэгдэл”ХК, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байгаа үзэсгэлэн зорилго нь юу вэ. Яагаад өрсөлдөх чадамжтай гэж онцолсон юм бол?
-Монголчууд нэг үеэ бодвол бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүнийг чанарын зохих төвшинд үйлдвэрлэж байна. Зах зээл бага боловч чадах чинээгээрээ л зүтгэцгээж байгаа. Харин одоо говьд баригдаж байгаа үйлдвэр аж ахуйн газруудын ахуйн болоод бусад хэрэглээний бүтээгдэхүүнийг дотоодоос худалдан авдаг болмоор байгаа юм. 00 цаасаа гэхэд л урдаас зөөгөөд хэрэглээд байдаг, гэтэл дотоодод нь түүнийг үйлдвэрлэдэг үйлдвэр байна уу байна, чанар нь хангалттай сайн уу сайн. Яагаад монгол хүнээ, монгол үйлдвэрлэгчдээ дэмжиж болохгүй гэж. Мөн нөгөө талаасаа манай нэгдэл 2000 гаран хувь нийлүүлэгчтэй. Тэдгээрийг хооронд нь холбох, бизнесийн гүүр болох ажлыг эхлүүлж байгаа нэг ажил нь энэхүү үзэсгэлэн юм. Монголчуудад өрсөлдөх чадамж байгаа юм шүү гэдгийг л онцлон тодотгох гэсэн санаагаар үзэсгэлэнгээ нэрлэсэн хэрэг. Цаашид “Монгол 999 Үндэсний Нэгдэл”ХК- ийг хувь эзэмшигчдийн хүрээнд байнга ийм үзэсгэлэн яармаг зохиогдох болно.
-“Монгол 999 үндэсний нэгдэл” анх байгуулагдахдаа нэлээд шуугиан дэгдээж байсан. Гэтэл ойрын үед нам гүм болчихлоо?
-“Таван толгой”-н ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудал Засгийн Газрын төслийн хүрээнд яригдаж эхэлсэн тэр цаг мөчид “Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК байгуулагдаж байсан. Монголын ард түмэнд үр өгөөж тун багатай, бүр цаашилбал үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болохуйц байдлаар хийгдсэн тус төсөл дотоодын үйлдвэрлэгчдийг сэрээсэн гэж хэлж болно л доо. Монголын бизнес эрхлэгчид зөвлөлдөж эхэлсэн. Монголчуудад ямар тохиолдолд ашигтай байх вэ, зөвхөн монгол үндэстэн яавал хамгийн их ашиг хүртэх боломжтой вэ гэсэн асуудлыг өөр хоорондоо дэвшүүлж, эрдэмтэн мэргэдээ ч сонссон. Эцэст нь монголын бүх ард түмэн “Таван толгой”-н орд газрын хувьцаа эзэмшигч байх ёстой юм байна, мөн аж ахуйн нэгжүүд ч уг хувьцааг эзэмших учиртай гэж үзээд тохирох хувилбарыг дэвшүүлэн тавьсан. Бидний дэвшүүлсэн хувилбар зөв зүйтэй гэдгийг олон нийтэд болоод төрийн шийдвэр гаргагч нарт ойлгуулах гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг хангалттай ашигласан. Бид зорьсондоо хүрч “Таван толгой”-н ордоос ард түмэн болоод аж ахуйн нэгжүүд хувьцаа эзэмших шийдвэрийг гаргуулж чадсан. Энэ амжилтын амтыг монголчууд тун удахгүй амсаж таарна. Энэ бол бидний зүгээс Монголын ард түмэнд авч ирсэн томоохон амжилт гэж бид үздэг. Үүний төлөө бид тун идэвхтэй ажилласан л даа. Харин шийдвэр гарсны дараа бид хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах нь багассан байх. Манайх чинь ямар нэгэн ТББ ч юм уу, хөдөлгөөн биш шүү дээ. Байнга л анхаарлын төвд байж хэвлэлийн хуудаснаас салахгүй байх шаардлага байхгүй. Хэвлэлээр гарах нь багасхаар л нам гүм болсон мэт санагдсан байх л даа.
-Гэвч энэ хугацаанд зүгээр суугаагүй байлгүй дээ?
Манай үйл ажиллагаа одоо л эрчимжиж байна. Олон хүний санаа бодол, хүсэл тэмүүлэл нийлсэн болохоор ч тэгдэг байх, бидний ажил маш амжилттай урагшилж байна. Үүсгэн байгуулагч 2000 компанийхаа үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэднийг аравт, зуутын системд оруулах, нэгдэлд байгаа компаниудынхаа судалгаа, танилцуулгыг хийх, хамтын ажиллагааг нь идэвхжүүлэх зэрэг олон ажлыг хийж байна. Мөн цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор төрөл бүрийн судалгаа ч хийгдсэн.
-Судалгааний дүн юу харуулж байх юм бэ
-Уул уурхай болоод, бусад томоохон салбарын төслүүдэд манай жижиг дунд үйлдвэрлэгчид хэрхэн, яаж оролцож байна, тэдэнд оролцох боломж бололцоо байна уу, ямар дэмжлэг шаардагдаж байна гээд олон судалгааг хийлээ. Хамгийн гол нь хөрөнгө санхүүгийн үйлчилгээ л чухал шаардлагатай байдгийг судалгааний дүн харуулж байгаа юм. Банкны хугацаа богинотой, өндөр хүүтэй зээл, иргэдийн бараа бүтээгдэхүүн худалдан авах чадамж, хэрэглэгчидийн цалин хөлс бага зэрэг сөрөг нөлөөллүүд нь хувийн хэвшлийг өндийлгөхгүй дарчихаад байгаа нь судалгаанаас тодхон харагдаж байна л даа.
-Энэ дарамтнаас яаж гарах ёстой юм бол?
-Товч бөгөөд тодорхой хариулбал ерөөсөө л нийгмийн чинээлэг дундаж давхаргыг бий болгох хэрэгтэй байна. Стратегийн ач холбогдол бүхий ордууд эхнээсээ ашиглагдаж эхлэж байгаа нь Монголчууд бидэнд олдож байгаа том боломж шүү дээ. Ордууд түшиглэж бий болох бүтээн байгуулалтын ажилд жижиг дунд үйлдвэрлэгчид бүгд хамрагдаад оролцоод явах шаардлага бий болж байна. Цэвэр ус, талх, гурил, цемент тоосго гээд хийж чаддаг бүх л юмаа монголчууд өөрсдөө үйлдвэрлэж, бий болох томоохон үйлдвэрүүдээ хангаж чадах юм бол бүгд л өрсөлдөх чадамж нь дээшилнэ, бизнес нь өргөжөөд хөл дээрээ босоод ирнэ. Зөвхөн бизнес эрхлэгчид л үүнийг хүсээд монголчууд бид л өөрсдөө чадах ёстой гэсэн итгэл зорилго байвч улс төрийн зүгээс дэмжлэг зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Жишээ нь Засгийн Газар томоохон хөрөнгө оруулагч нартай гэрээ байгуулахдаа дотоодын компаниудаа бэлтгэн нийлүүлэгчээр оролцуулна гэдэг хатуу байр суурьтай байх хэрэгтэй. Ингэж бодлогоор л тэднийг дэмжихгүй юм бол хичнээн их хөдөлмөрлөх чадвар нөөц бололцоо байгаад ч нэмэргүй л болчихоод байна л даа. Одоо өрнөх томоохон бүтээн байгуулалтын ажлууд бүгд хил дагуу байрлаж байгаа. Тэгэхээр Эрдэнэт, Дархан, Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэгчдийг дэмжих боломж бараг байхгүй байна гэхэд болно. Хөрөнгө оруулагчид нь бизнесийн ашгаа бодож ойролцоох улсаас шаардлагатай бүтээгдэхүүнээ авчихдаг. Ингэхээр нэгдүгээрт их мөнгөний урсгал монгол улсад нялзахгүй, хоёрдугаарт жижиг дунд үйлдвэрлэгчдэд хөгжих боломж бүрдэж өгөхгүй болчихоод байна.
-Тэгвэл жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийнхээ орлогыг сайжруулахын тулд танай нэгдлээс юу хийж яаж ажиллах төлөвлөгөөтэй байна?
-Монгол компаниуд бие биеэ дэмжиж ажиллах ёстой. Яагаад Солонгосууд манайд ирэхээрээ Солонгос хүний эзэмшлийн буудалд буугаад, үндсэний хоолоо идээд байдаг юм. Энэ бол бие биеэ дэмжиж байгаа хэрэг. Манайх ч гэсэн бие биеэ дэмжиж, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдан авч эдэлж, хэрэглэдэг, бараа бүтээгдэхүүнийг авдаг байх хэрэгтэй. Нөгөө талаас үйлдвэрлэгчид ч мөн адил чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, мөрдөх ёстой стандарт үзүүлэлтүүдийг хангаж чаддаг байх ёстой юм. Энэ зарчимыг л ард иргэдийнхээ оюун санаанд төлөвшүүлж чадвал бидний том дэвшил болно
-Саяхан Засгийн Газрын урилгаар “Европын эдийн засгийн хөгжлийн зөвлөл”- ийн ерөнхийлөгч дагалдах хүмүүсийн хамтаар айлчилсан. Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК- ийн удирдлагуудыг тусгайлан авч уулзаж хамтран ажиллах болсон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Дэлхийд томд тооцогдох орд газруудаа эдийн засгийн эргэлтэнд оруулах үйл явц эхэлж байгаа болохоор, мөн ашиглаж ч эхлээгүй олон олон баялаг ордууд байгаа нь Монгол улсыг дэлхийн анхаарлын төвд оруулж байна. Томоохон хөрөнгө оруулагчдын сонирхол өөрийн эрхгүй л монголруу татагдаж байна л даа. Европын зөвлөлийнхөнтэй манай компанийн ТУЗ- ын дарга болоод гишүүд уулзалдаж хэд хэдэн зүйл дээр хамтарч ажиллах болсон. Томоохон хөрөнгө оруулалтын сан байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ нь дээр ярьсан жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих ажлын хүрээнд хийгдэж байгаа юм. Хугацаа богинотой өндөр хүүтэй банкны зээл үйлдвэрлэгчдэд өсөх дэвших боломж олгохгүй байгаагаас үүдэн тэдэнд зориулсан ХОС /хөрөнгө оруулалтын сан/ бий болгох нь “Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК- ийн нэг зорилго байсан. Харин Европын зөвлөлтэй энэ ажил дээр хамтрах болсон нь олон давуу талтай. Гадаадын хөрөнгө оруулалтын бланс өндөр хувиар алдагдаж байгаа энэ үед гуравдагч хөрш буюу европынхонтой хамтын ажиллагаа эхлүүлж байгаа нь эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлнэ. Мөн жижиг дунд цаашлаад томоохон төслүүдэд хөрөнгө оруулдаг үндэсний хэмжээний ХОС болох зорилго тавьж байна.
-Хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах төрийн өмчит банк байгуулагдсан шүү дээ. Үүнтэй холбоотой юу
Холбоогүй. Үндэсний Нэгдэл ХОС- гийн чиглэлд бие даасан үйл ажиллагаа явуулна.
-“Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК- ийг зөвхөн Таван толгой төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулна гэвэл өрөөсгөл болж байх шиг байна. Нэлээд өргөн хүрээнд ажиллах төлөвлөгөөтэй юм байна. ХОС-гаас гадна өөр төлөвлөсөн ажил бий юу
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн үйлдвэржилтийн хувьсгал эхлэх цаг мөч тулгарчихаад байна. Бүхий л боломж нь бүрдэж байна гэж ойлгож байгаа. Дэлхийн зах зээл дээр эрэлт хэрэгцээ ихтэй баялаг нь байна, худалдан авагч нар нь бэлэн байна, ажиллах хүч нөөц бололцоо ч байна, хийх хүсэл тэмүүлэл нь байна. Төрийн зүгээс бодлогоор жоохон дэмжээд өгөхөд л монголд үйлдвэржилтийн эрин эхлэх гээд байна шүү дээ. Таван толгойн нүүрсийг бид баялагийн хараалд өртсөн тэр улс орнуудын жишгээр түүхийгээр нь маш хямд үнээр зөөгөөд зарчихаж болохгүй. Боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Үйлдвэр байгуулах явдлыг зөвхөн эдийн засгийн ач холбогдлоор дүгнэж болохгүй. Ажлын байр олноор бий болж, ядуурал багасаж, нөгөөх яриад мөрөөдөөд байгаа нийгмийн чинээлэг дундаж давхарга бий болоход асар их нөлөөтэй. Засгийн Газар, УИХ- аас төмөр замын үндсэн бодлогыг тодорхойлчихлоо. Хятад улс өдгөө экспортлогч бус импортлогч улс болчихсон. Цаана нь Япон, Солонгос гэж коксжих нүүрсний асар их хэрэгцээтэй улсууд байна. Европын улсуудын түүхий нүүрсний нөөц мөн буурч байгаа. Эдгээр улсууд бүгд монголын нүүрсний нийлүүлэлтийг хамгийн их сонирхож байна. Манай нэгдэл кокс химийн үйлдвэр барих төслийг нэлээд хэдэн сарын өмнөөс эхэлсэн. Ган цутгалт, барилга байгууламжийн төмөр хийцээр Европдоо төдийгүй дэлхийд алдартай зуун дамжин найдвартай үйл ажиллагаа явуулсаар ирсэн Германы Paul Wurth компанитай хамтран ажиллахаар болж өнгөрсөн долоо хоногт санамж бичиг үйлдсэн. Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК- ийн байгуулах хамгийн анхны үйлдвэр нь кокс химийн үйлдвэр байхаар сонгосон нь ч учиртай. Энэ үйлдвэрийг дагаад химийн болоод хуванцар хийц гээд маш олон дагалдах үйлдвэрүүд бий болдог. Энэ ач холбогдлыг ч харгалзаж кокс химийн үйлдвэр барих шийдвэрийг гаргасан. Ажил маш эрчимтэй явагдаж байна.
Бид нүүрсээ боловсруулж чадвал нэг тонн нүүрснээс 1000 тонн нүүрстэй тэнцэх ашиг олно. Тиймээс 30, 40 сая тонноор Хятад руу нүүрсээ зөөх бус 10 сая тонн нүүрснээс 50 сая тонн нүүрс зарсантай тэнцэх хэмжээний ашиг олох үйлдвэр бий болгох хэрэгтэй.
-Үйлдвэржилтийн хувьсгалыг эхлүүлэхээр зорьж байна гэж ойлгож блох нь ээ.
-Ер нь монголчууд өөрсдөө хөдөлмөрлөж байж, хийж бүтээж байж л хөгжиж дэвших нь тодорхой. Өөрсдөө санаачлагатай байх хэрэгтэй. Бид өөрсдөө үйлдвэрлэж эхлэхгүй бол хүний хоол болоод дууслаа. Төр засгийн зүгээс ч гэсэн дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаа. Монгол хүний оюуны чадвар чадамж нь аль ч орны иргэдээс илүү байдаг. Монгол хүн харийн нутагт хар ажилтан биш эх орондоо хангалуун амьдрах боломж уг нь байна л даа.
-“Таван толгой”-н сэдэврүү орьё. Эрдэнэс Таван толгой компанийн ТУЗ- ын гишүүд нь ч тодорхойгүй байна. Хувьцаа тараах ажил хэзээнээс эхлэх юм болоо.
-Тэрийг бид биш “Эрдэнэс тавантолгой”ХХК шийдэх асуудал шүү дээ. Одоогийн байдлаар бол нэгж хувьцааны үнэ ч тодорхой болоогүй байна. Энэ асуултаа та “Эрдэнэс Тавантолгой” ХХК- аас тодруулах нь зүйтэй байх. Манайд нэг сонин байдал ажиглагдаад байдаг юм. Дотоодын нөөц бололцоог ашиглахаасаа илүүтэйгээр гадны компанийг л оруулж ирэх гээд улайрчихдаг. Сая “Эрдэнэс МГЛ”- ыг 300 тэрбум төгрөг төсөвт оруул гээд шахчихсан. Нөгөөдүүл нь Таван толгойгоо барьцаалаад ч хамаагүй мөнгө олох гээд зүтгээд байдаг. Уг нь бол “Монгол 999 Үндэсний Нэгдэл”ХК- д боломж байгаа. “Эрдэнэс Тавантолгой компанийн төрийн өмчийн 10 хувийг давуу эрхээр та нарт өгнөө 300 тэрбум төгрөг босгоод ир” гэх юм бол бид босгоно ш дээ. Мөнгө гэдэг чинь хадгалаад хармаалаад явж байдаг эд биш. Боломж чадамж хоёр л гэсэн үг. Засгийн Газар 10 хувиа өгнөө гэдэг нь боломж, харин түүнийг хийх чадамж хоёр л мөнгийг бий болгодог. Тиймээс энэ боломж чадамж хоёроо монголын компанидаа өгөх юм бол монголчууд бүхнийг хийж чадна шүү дээ.
-Таван толгойн хувьцаанаас аж ахуйн нэгжүүд 10 хувийг худалдан авах эрхтэй. Үүнийг заавал танай компаниар дамжилтгүй бирж дээрээс авчих боломжтой. Нэгдэлд хамрагдахын ач холбогдол нь юу юм бэ?
-Хувьцааны тэг мянганы нэг хувийг эзэмшлээ гээд ямар ч саналын эрхгүй байна гэсэн үг л дээ. Харин нэгдэж олуулаа байх тусам санал оруулах, өөрсдийн эрх ашгийг хамгаалах боломжтой болох юм. Таван толгойн тавхан хувь дээр л бид нэгдэж чадах юм бол “Эрдэнэс Таван толгой” ХК- ийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй болчихно. Ийм эрхтэй байж гэмээ нь бид эрх ашгаа хамгаална, янз бүрийн буруу шийдвэр гарах тохиолдолд хориг тавих чадамжтай болно. Үүнд л нэгдмэл нэг сонирхолтой байхын ач холбогдол нь байгаа юм. Тэрнээс биш компани болгон тус тусдаа авч болно л доо. Гэтэл хувьцааг гаргасан компани нь яаж ч дураараа авирлаж байсан үгээ хэлэх эрх байхгүй л болчихож байгаа юм.