
Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын ардын шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон Л.Байгальмаагийн хамсаатан, түүнийг хар тамхины хэрэгт “золиослогчид” гэгдэх Л.Гантуул, Ё.Оюунчимэг нарын таван хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд болох байсан ч ирэх сарын 9 хүртэл хойшиллоо. Учир нь Улсын яллагч Н.Насанбат шүүх хуралд оролцох боломжгүй гэх хүсэлт ирүүлжээ. Түүний ар гэрт хүндэтгэх шалтгаантай ажил гарсан байна. Шүүх хуралд гэрчээр оролцож буй Г.Батсуурь ажлаар хөдөө яваад ирж амжаагүй учир БНХАУ-д бүх насаараа хорих ял эдэлж байгаа Л.Байгальмаагийн ээж Л.Батжаргал хүрэлцэн ирсэн байлаа. Түүнчлэн Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарын өмгөөлөгч тэдний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж батлан даалтад гаргахыг хүсчээ. Харин шүүгчид дээрх сэжигтнүүдийг батлан даалтад гаргах боломжгүй гэх хариуг өгсөн байна. Өмнө нь эл хэргийн шүүх хурал энэ сарын 12-нд болох байсан ч өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар хойшилж байсан юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн 182, 230, 153-аар зүйлчлэн хэрэг үүсгэж Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусч нийслэлийн Прокурорын газарт өнгөрсөн сард шилжүүлсэн юм. Уг хэрэг өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаж байв.
С. Отгон