-Ирэх жилийн төсөвт томоохон асуудал яригдаж байгаа. Гэхдээ хамгийн гол нь “Хүний хөгжил сан”-гаас олгох гэж байгаа мөнгөтэй холбоотой асуудал. Үүнд 700-800 тэрбум төгрөг яригдаж байгаа юм. Энэ жилийн хувьд “Хүний хөгжил сан”-д 120 мянган төгрөг төсөвлөсөн. Ирэх жил нийтдээ 252 мянган төгрөг болж хоёр дахин нэмэгдэх санал орж ирсэн. Энэ нь иргэн бүрт сар болгон 21 мянган төгрөг олгох тухай юм. Үүнийг Ардчилсан намын бүлэг авч үзээд өргөжүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Учир нь иргэдэд 21 мянган төгрөгийг Засгийн газар бэлнээр олгоё гэж байгаа. Харин Ардчилсан намын бүлгийн зүгээс бэлэн ба бэлэн бусаар “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг олгох санал гаргаад байна. Бид бэлэн бус гэдэг зүйл оруулж ирж байгаа. Хэрэв бэлнээр авах хүсэлтэй иргэд байвал сар бүр 21 мянган төгрөгөө авч болно. Харин бэлэн бусаар авахыг хүсвэл 12 сарынхыгаа буюу 252 мянган төгрөгөө ажлын байр бий болгох, өөрийн бизнест хувь нэмэр оруулах үүднээс ашиглаж болох юм. Гэхдээ бэлэн бусаар авах бол үнэт цаас буюу ваучер хэлбэрээр олгоно. Тухайн хүн ганцаараа 252 мянгаар үйл ажиллагаа явуулахад хэцүү тэгэхээр ах, дүү нартайгаа нийлж аваад өөрсдөө ажлын байраа бий болгоход оршиж байна. Бас 200 мянгыг нь бэлэн бусаар 50 мянгыг нь бэлнээр ч гэдэг юм уу янз бүрийн хувилбар байж болно. Манай намын бүлгээс ийм санал гаргаад нөгөө намын бүлэгт санал оруулаад байна.
-Инфляци гэж ярихаасаа илүү иргэдийн амьжиргаа, аж ахуйг дээшлүүлсэн, эдийн засагтаа бодитой хөрөнгө оруулалт хийсэн төсөв байгаасай гэж бодож байна. Өсөн нэмэгдэх роялтийн татвар зэс дээр нэмэгдэж байгаа дээр би цөөнх болж байгаа. Засгийн газар дээр таван хувь гэчихсэн зүйлийг УИХ-д ажлын хэсэг байгуулаад 15,20 хувиар нэмж байгаа нь байж болохгүй зүйл. Гэхдээ өсөн нэмэгдэх роялтийн татвар байх ёстой юу гэвэл байх ёстой. Зөв зохистойгоор л байх хэрэгтэй. Зэсийн хайлуулах үйлдвэр барихаар болсон. Харин ирэх хавраас барих хөрөнгө, санхүүжилтийг нь татаж авах гэж байгааг буруу гэж үзэж байгаа. Бага зэргийн алдагдалтай байхад буруудах зүйл байхгүй. Төсөв дээр анхаарах гол зүйл нь орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг бодитойгоор суулгаж өгөх хэрэгтэй. Төсөв нөгөө амлалт руу явдаг байж болохгүй. Төсөв эдийн засгийн 50 хувь болоод байгаа нь хамгийн буруу тогтолцоо. Ирэх оны төсөв сонгуулийн өмнөх төсөв учир би ойлгож хүлээж авч байгаа.
-Ирэх оны төсөв үрэлгэн оновчгүй болох гээд байна. Төсвийн ажлын хэсэгт ороод ажиллаж байгаа. Сая хоёр намын төсвийн ажлын хэсэг нэлээд зүйл ярилцлаа. Иргэдэд сар бүр 21 мянган төгрөг олгохдоо тухайн иргэн сонголт хийх эрхтэй байлгахаар оруулж байгаа. Бэлэн ба бэлэн бусаар гэдэг саналыг Ардчилсан намын бүлэг гаргасан. Ингэвэл инфляцийг хөөрөгдөхгүй байх сайн талтай. Харамсалтай нь Эдийн засгийн байнгын хороогоор сая Мөнгөний бодлогын тухай хуулийг чуулган руу оруулахаар болчихлоо. Гэхдээ үүнийг Ардчилсан намын бүлэг эргээд хэлэлцэх болно. Ер нь манай намын ажлын хэсэг оновчтой санал гаргадаг. Хөрөнгө оруулалтыг оновчтой хийх ёстой. Төсвийн урсгал зардлыг зөв болгох шаардлагатай. Бид хөрөнгө оруулалтын зардал дээрээ ярьдаг. Харин урсгал зардлын тухай ярихгүй байна. Төсвийг ингэж яаруу сандруу баталдгаа болих хэрэгтэй.
-Төсвийн төслийг ид хэлэлцэж байна. Сэтгэл дундуур байгаа зүйл бол бүтээн байгуулалтад бага хөрөнгө оруулалт төсөвлөж байгаа юм. Бүтээн байгуулалтад дорвитой хөрөнгө оруулж байж улс орныхоо жигд хөгжлийг хангах ёстой. Иргэдийн зүгээс ч хүсч хүлээж байгаа олон асуудал байна. Ялангуяа хөдөө тийш чиглэсэн хөгжлийн бодлого дутагдаж байсан учир хамаг асуудал нийслэлд хуримтлагдаж байгаа юм. Хөгжлийн банк байгуулах тухай ярьж байна. Энэ банкаараа дамжуулаад хөрөнгө оруулалтын томоохон асуудлыг шийдэх нь зүйтэй юм. Үүнийг төсвийн тодотгол дээр ярих байх даа. Зардлаа багасгах, орлогоо нэмэгдүүлэх асуудлыг ярьж байна. Инфляцийн түвшин ийм байх боломжтой гэж хэлэхэд миний хувьд эрт байна гэж үзэж байгаа. Үүнийг зөвхөн инфляцийг барих талаас нь хандаж болохгүй. Гол нь хөгжил дэвшил.
-Засгийн газраас оруулж ирсэн төсвийн талаар та ямар байр суурьтай байна вэ?
-”Хүний хөгжил сан”-гаас 804 тэрбум төгрөгийг иргэдэд хуваарилах нь инфляци нэмэгдүүлсэн алхам болно. Энэ мөнгийг хөрөнгө оруулалтад зориулж ажлын байр нэмэгдүүлэхэд зориулаасай. Иргэд “Хүний хөгжил сан”-гаас авах мөнгөө үйлдвэржилтэд зориулах сонголт хийх боломжийг Төсвийн тухай хуульд тусгаж өгмөөр байна.
-Төсөв батлахад цөөн хоног үлдсэн. Таны энэ хувилбар ажил хэрэг болох боломж байхгүй юм биш үү?
-Сар бүр 21 мянган төгрөг олгож болно. Харин хуульдаа дээрх боломж байгаа гэдгийг л тусгах ёстой. Бас нэг хувилбар байгаа. Сар бүр олгох 21 мянган төгрөгийн тодорхой хувийг бэлнээр, үлдсэнийг нь үйлдвэрт зориулъя гэсэн хувилбар дэмжигдвэл дээрх санаа хэрэгжихэд илүү хялбар болно. Бүсээ чангалж байгаад 21 мянган төгрөгөө үйлдвэрт зориулж өмчтэй, орлоготой болох уу эсвэл бэлэн мөнгөө үрээд дуусгах уу гэдэг нь иргэний сонголт. Ийм боломж байгаа гэдгийг л төсвийн тухай хуульд тусгаж өгөх ёстой.
-АН-ын бүлэг төсвийн алдагдлыг 9.8 хувиас хэтрүүлэхгүй гэж мэдэгдсэн. Энэ нь эрсдлээс гарах боломж мөн үү?
-Төсөв хэрэглээг биш хөрөнгө оруулалтыг дэмжсэн байх ёстой. Гэтэл сонгуулийн амлалтад хөтлөгдөөд дээрх зарчмаар явахгүй байна. Гэхдээ төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж бий. Тиймээс одоогийн алдагдал байх ёстой зүйл гэж үзэж байна.
Ц.ЭНХЦЭЦЭГ, Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
"Улс төрийн тойм" сонин