Аваргуудын лиг: Москва нулимсанд дургүй

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Аваргуудын лиг: Москва нулимсанд дургүй

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн хэсгийн тав дахь тоглолтууд өнгөрсөн шөнө эхэллээ.

Хамгийн түрүүнд манай хойд хөрш ОХУ-ын нийслэлийн “Спартак” багийнхан хэсгийн шийдвэрлэх гэж болохуйц тоглолтоо Францын “Олимпик Марсель” багийн эсрэг хийлээ. Түүхэн уламжлалтай хоёр баг Европын тавцанд олон удаа учраа таарч байсан ч удаа дараалан Францын шилдэг клуб москвачуудыг гомдоож байсан түүхтэй. Харин энэ жилийн нээлтийн тоглолтоо “Спартак”-чууд “Марсель”-ийн талбайд хийж, 1:0 харьцаатай хожоод байсан тул хариугаа авах сайхан боломж бүрдээд байлаа. Мөн өчигдрийн тоглолтын ялагч хэсгээс шалгарах боломжоо бараг л хангах байв. Тоглолт эхэлж, ээлж дараалсан довтлогоонуудын дараа 18 дахь минутад талбайн зочин багийн тоглогч Валбуниа гоол оруулан Лужники цэнгэлдэх хүрээлэнг нам жим болгож амжжээ. Эхний хагаст өөр зүйл болсонгүй. Завсарлагааны дараа мөн л оросууд зохион байгуулалттай довтолгоо өрнүүлж чадалгүй байсаар 54 дэх минутад дахин нэг гоол хаалгандаа алдсан байна. Гоолын эзэн нь Рэми байлаа. Үүгээр талбайн зочдын довтолгоо дууссангүй. 68 дахь минутанд Украины “Шахтёр” клубт хүчин зүтгэж байсан Бразил тоглогч Брандао сүүлийн гоолыг оруулснаар Францын багуудаас ганцаараа Аваргуудын лигт түрүүлж үзсэн “Марсель” чухал ялалт байгуулаж, хэсгээсээ шалгарах болзлоо бараг л хангалаа.

Хэсгийн лидер “Челси” хэсгээсээ нэгээр шалгарах эрхээ хэдийнэ хангаад байсан тул хэсгийн тав дахь тоглолтод хоёрдугаар бүрэлдэхүүнээ илгээжээ. Стэмфорд Бридж цэнгэлдэх хүрээлэнд залуучууд нь “Жилина”-гийн залуусаас илүү байж, 2:1 харьцаатай ялалт байгууллаа. “Жилина”-гийн Бабатоунде 19 дэх минутад гоолын салхийг хагалсан бол 51 дэх минутад Струже, 86 дахь минутанд Малуда нар гоол оруулж, багаа ялалтад хүргэсэн байна.

Аваргуудын лигийн Е хэсэгт өрсөлдөөн илүү ширүүн өрнөж байна. Өчигдрийн хамгийн сонирхолтой анхаарал татаж байсан тулаанаар “Рома” талбай дээрээ хэсгийн тэргүүн “Байерн Мюнхен”-г хүлээн авсан тоглолт нэрлэгдэж байлаа. Заавал хожил байгуулах даалгавартай талбайд гарч ирсэн мөнхийн хотын дайчид 39 дэх минут гэхэд хаалгандаа хоёр гоол алдан нуман тулгуурт ороод байсан юм. 33 дахь миунтад Марио Гомеш гоол оруулснаар Германы гигант тоглолтыг тэргүүлж эхэлсэн бол 39 дэх минутанд өнөөх Гомеш дахин гоолдож, талбайн эздийг хүнд байдалд оруулсан байна. Үүнээс хойш Рома зодуурын бай болохыг хүссэнгүй. “АС Милан”-аас зээлээр ирсэн Марко Боррело 49 дэх минутад тооны харьцааг ойртуулсан бол Даниелло Ди Росси 81 дэхь минутанд тооны харьцааг ямар ч гэсэн тэнцүүлжээ. Улмаар 84 дэхь минутанд Марко Боррело 11 торгуулын цохилт гүйцэтгэх эрх авч алтан боломжийг Мөнхийн хотын хайртай хүү Франчиско Тотти алдсангүй. Гайхалтай эргэн ирэлтийг Рома хийж, 3:2 харьцаатай ялалт байгуулжээ. Тэд өдгөө есөн оноотой хэсгийн хоёрдугаар байрт “Байерн Мюнхен” клубын ард бичигдэж байна. Энэ нь хэсгээс гарах эрхээ үндсэндээ авсан гэсэн үг юм. Нөгөө хэсэгт Швейцарийн “Базель” талбай дээрээ Румын улсын аварга “Клуж” багийг 1:0 харьцаатай буулган авсан байна.

Мөн өчигдрийн анхаарал татаж байсан тоглолт “Аякс Амстердам” талбай дээрээ эзэн хааны “Реал Мадрид” багийг хүлээн авсан тоглолт байв. “G” хэсгээс хоёрдугаар байраараа цааш тоглох болзлоо хангахын тулд “Аякс” заавал хожил байгуулах шаардлагатай байсан юм.Х арин талбай дээр зохиол өөрөөр бичигдлээ. Криштиан Роналду хоёр гоол, Карим Бензема гараанд гарч, нэг гоол мөн Раул Арбелоа гоол оруулан 4:0 харьцаатай “Аякс Амстердам”-ыг талбай дээр нь гутамшигтай хожсон байна. Хэсгийн нөгөө хос тоглолт Францад тоглолтоо хийж, “АС Милан” “Осер”-ыг 2:0 харьцаатай Ибрахимович, Роналдиньо нарын гоолын ачаар буулган авч, хэсгээс шалгарах эрхээ хангасан байна. Өчигдрийн гол дуулианыг Португалийн “Брага” тарилаа. Тэд талбайдаа “Арсенал”-ыг хүлээн авч тоглон Матиусын оруулсан хоёр гоолын ачаар хожил байгуулсан байна. Ингэснээр “Арсенал” сүүлийн тоглолтондоо заавал хожил авч байж хэсгээс шалгарах бол сүүлийн тоглолтонд “Шахтёр”, “Брага” багуудын аль хожсон нь хасагдах шатны эрхээ өвөртлөх юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж