“Урлахуйн өв” үзэсгэлэн нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

“Урлахуйн өв” үзэсгэлэн нээгдэнэ

Монгол улсын төрийн соёрхолт, ардын зураач Үржингийн Ядамсүрэнгийн мэндэлсний 105 жилийн ойд зориулан  “Урлахуйн өв” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнг Монголын Уран Зургийн Галерей Ү.Ядамсүрэн агсны гэр бүл, үр хүүхдүүдтэй хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнд зураачийн гэр бүл болон галерейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг 80 гаруй уран бүтээл, ардын урлал болон цамын зургийн цуврал цомог, өмсөж, эдэлж явсан үндэсний хувцас, хэрэглэл сэлт зэрэг сонирхол татахуйц олон арван бүтээлүүд тавигджээ. Үзэсгэлэн энэ сарын 25-29-ний хооронд Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.

Ардын зураач Ү.Ядамсүрэн гуай 1905 онд хуучнаар Сэцэн хан аймгийн Түмэндэлгэр сумын нутаг, одоогийн Хэнтий аймгийн Норовлин суманд мэндэлсэн агаад тэрбээр бага наснаасаа эхлэн зурах, урлах үйлд шамдан суралцаж эхэлсэн ба 1930-аад оноос Хэвлэх үйлдвэр, Судар бичгийн хүрээлэн зэрэг газар ажиллаж байв. 1939-1942 онд ЗХУ-ын Суриковын нэрэмжит уран зургийн академид суралцсан бөгөөд 1942 оноос хойш Дүрслэх урлагийн газар, Монголын урчуудын эвлэлийн хороонд ажиллаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн байдаг. Тэрээр Монгол зураг, бар зураг, торгон зээгт наамал, тосон будгийн зэрэг олон төрлөөр уран бүтээлээ туурвидаг байсан нь үндэсний болон орчин үеийн өрнөдийн уран зургийн арга барилыг хослуулан эзэмшсэн авьяаслаг уран бүтээлч байсан гэдгийг нь нотолдог. Зураач мөн үндэсний язгуур соёл, ардын гар урлал, үндэсний хувцас, эдлэл хэрэглэл, монгол цамын талаарх цуврал зурагт цомог, товхимлуудыг бүтээж үлдээсэн нь хойч үеийнхэндээ үнэлж баршгүй соёлын өв болон үлдсэн юм.

Ардын зураач Ү.Ядамсүрэн бол манай орчин үеийн дүрслэх урлагийн тулгын чулууг тавилцаж байсан цөөхөн ахмад уран бүтээлчдийн нэг бөгөөд түүний “Өвгөн хуурч”, “Өрх гэрийн эзэн”, “Үхэр сүрэг”, “Нөхөрлөл”, “Зоригт хүмүүс” гэх зэрэг олон сайхан бүтээлүүд үзэгч, уран зураг сонирхогч, урлаг судлаачдын оюуны мэлмийг гэрэлтүүлсээр байдаг юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж