Солонгосын асуудлаас болж биржүүдэд уналт үүсэв

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Солонгосын асуудлаас болж биржүүдэд уналт үүсэв

Өмнөд Солонгосын арал руу Хойд Солонгосын талаас их буугаар гал нээж, хоёр цэргийг хөнөөсөн билээ. Энэ нь 1953 оны Солонгосын дайнаас хойшхи анхны дайралт болсон юм. Энэ явдлаас болж MSCI Өмнөд Солонгосын биржийн индекс даруй 5,4 хувиар унаад байна. Гэнэтийн халдлагаас болж хөрөнгө оруулагчид арилжаанд маш болгоомжтой хандаж эхэлсэн байна. “Wall Street” бирж дээрх айдсын үзүүлэлт 12,3 хувиар өссөн нь сүүлийн гурван сарын хугацаанд харагдаагүй хэмжээ болсон байна. Зах зээлийн шинжээчид энэ явдлыг геополитикийн хурцадмал асуудал хөрөнгийн биржүүд дээр ямар хүчтэй нөлөөлдөгийг харууллаа хэмээн хэлж байгаа юм.

“2011 он хаяанд ирээд байгаа үед АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама цаашид дотоодын бодлого дээр биш гадаад асуудлуудад илүү анхаарах шаардлагатай болж байна. Ингэвэл хөрөнгийн биржүүд дээрх геополитикийн асуудлууд улам л даамжрах хандлагатай” хэмээн Бостон дахь “LPL Financial” компанийн зах зээлийн ахлах стратегич хэлэв.

Үүн дээр Европын холбооны асуудал ч нөлөөлж байгаа юм. Ирланд улсын тогтворгүй байдлаас болж еврогийн ханш унаж, Европын хөрөнгийн биржүүдэд муугаар нөлөөлж байгаа юм. Хэдийгээр Европын холбоо болон Олон улсын валютын сангаас санхүүгийн дэмжлэг авахаар Ирландын зүгээс шийдвэрлээд байгаа ч хөрөнгө оруулагчид Еврозоны банк санхүү, эдийн засгийн байдалд төдийлөн итгэлгүй байгаа юм. АНУ-ын биржүүд дээр худалдаалагдаж буй Ирландын компаниудын хувьцааны үнэ 4,9 хувиар унасан байдалтай байгаа юм.
Хоёр Солонгосын асуудал болон Европ дахь тогтворгүй байдлаас болж “Dow Jones”-ын аж үйлдвэрлэлийн индщъс 1,27 хувиар унаад байгаа бол “Standard and Poor” индекс 1,43 хувиар унажээ. Түүнчлэн “Nastaq Composite” индекс 1,46 хувиар унасан байдал харагдаж байна.

Биржүүд дээр уналттай буй хувьцаа болон амжилттай явж буй хувьцааны тооны харьцаа 7:2 байгаа аж. АНУ-ын “Nymex” бирж дээр ойролцоогоор 7,6 тэрбум хувьцааны арилжаа хийгдсэн нь өдрийн дундаж хэмжээ болох 8,7 тэрбум ширхэгээс хамаагүй бага байгаа нь мөн хоёр Солонгосын хурцадмал асуудалтай холбоотой гэж “Reuters” агентлагт бичсэн байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж