Хүмүүс надаас айхгүй, эелдэг, зөөлөн хандах л миний чин хүсэл

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Хүмүүс надаас айхгүй, эелдэг, зөөлөн хандах л миний чин хүсэл

Ц.Энхбаатар чин сэтгэлээсээ ийн бичиж үзүүлсэн. Тэрээр төрөлхийн хэлгүй, дүлий. “Хүмүүс намайг сайн мэдэхгүй учраас гэнэт ойртох юм бол айж цочдог учраас би хүн рүү ойртож зүрхэлдэггүй” хэмээн тэрээр дэвтэр дээр томоос том бичсэн юм. Өнөөдөр л ингэж бичиж байгаа болохоос тэр хүн өдий 37 нас хүртлээ цээжин дотроо ямар их бөглөө тээж явсан бол.

Арван сар тээж ангир уургаа хөхүүлсэн ээжийнхээ бүүвэйлэх бүүвэйн дууг сонсохгүй, аавынхаа аашлах загнахыг мэдэхгүй хорвоо ертөнцөөс таг тасарсан бяцхан хүүд хорвоо яагаад ингэж хатуу хандсаныг би бодоод бодоод ойлгодоггүй юм гэж тэрээр өрөөсөн нүдэндээ доголон нулимс мэлтэлзүүлэн бичих нь даанч өрөвдмөөр. Тэр хэлгүй, дүлийгээс гадна хүүхэд байх үед хуруун чинээ улаан толбо байсан мэнгэ нь нас явахын хэрээр урган томорч одоо нүүрийг нь бүхэлд нь нөмрөөд байгаа төдийгүй хэсэг танхай этгээд эгдүүцэн доромжлон зодсоноос болоод одоо өрөөсөн нүдгүй болжээ.  

Хорвоо түүний гадна үзэмжинд нь хатуу хандсан хэрнээ сэтгэл дотрыг нь хэн хүнээс илүүтэй уужим ухаантай, тэнхээлэг, сүү шиг сайхан заяасныг түүний ойр дотны хүмүүс нь бүгд л хэлдэг. Естой хүний төлөө төрсөн хүн ийм байдаг байх даа гэмээр тэрээр хавь ойрынхоо хүн амьтанд ус цасыг нь дөхүүлэх, нүүрс түлээг нь бэлдэлцэх гээд өөрийнхөө хэмжээнд таарсан тасрахгүй их ажилтай. Бас болоогүй зуслан хавийнхаа хог новшийг сайн дураараа овоолж хүмүүсийн орхиод явсан ундааны сав, архины шилийг цуглуулан тушааж мөнгөөр нь чихэр жимс аван хүүхэд багачуудыг дайлж сайн дурын ажил хийнэ. Харин зуслангийнх нь хэдэн жаалуудаас өөр хүүхэд түүн рүү ойртох битгий хэл бараанаар нь зугатаадаг учраас Ц.Энхбаатар тэр болгон хүн рүү танимхайрч очихоосоо айдаг болсон гэнэ лээ.

Ц.Энхбаатар хаанаас ч юм бэ гадаадад яг өөртэй нь адилхан нүүртэй залуу мэс заслын ачаар сайхан царай зүстэй болсныг олж уншсанаас хойш ах дүүгээ чирэн байж эмнэлэг домнологоор явсан боловч Монголын анагаах ухаан одоохондоо хүч хүрэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Хэлгүй, дүлий байх нь хамаагүй хүн хараад надаас айхгүй бол өөр хүсэх зүйл байхгүй гэдгээ олон олон удаа бичиж ойлгуулах гэж ядаж яваа түүнд элэг нэгт монгол ахан дүүсээрээ туслах болов уу гэсэндээ энэхүү нийтлэлийг тэрлэсэн юм. Түүнд туслах хүмүүс Голомт банкны 5548.3548.3598.1183 тоот дансанд хандив өргөж болох юм байна.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж