Өмнөд Солонгосын талаас хариу гал нээж, их буугаар 80 удаа буудаж, мөргөлдөөн гарсан баруун хил орчимд F16 загварын сөнөөгч онгоцнуудыг байрлуулаад байна. Харилцан буудалцааны дараа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Мён Бак цэргийн хүчнийхээ удирдлагыг яаралтай цуглуулан зөвлөгөөн хийж, нөхцөл байдлыг даамжруулахгүй байх тал дээр бүх арга хэмжээ авахыг даалгажээ. Түүнчлэн Хойд Солонгосын талаас ямар нэг байдлаар дахин халдлагын чанартай шинж тэмдэг илэрвэл хариу өгөх бүх бэлтгэлийг гүйцэд хангаж, бэлэн байдалд байхыг тушаал болгосон байна. Өдгөө Өмнөд Солонгос байлдааны бус бэлэн байдалд байгаа юм. 1953 онд эвийн гэрээгээр бус гал зогсоосноор өндөрлөсөн хоёр Солонгосын дайнаас хойш гарч буй хамгийн аюултай мөргөлдөөн нь энэ боллоо хэмээн шинжээчид дүгнэж байна. Гэхдээ өдгөө байдал ерөнхийдөө намжсан бололтой, дэлхийн томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ч шуурхай мэдээллээ татаж эхлээд байна.
Хоёр талын буудалцаан Шар тэнгисийн орчимд нэг цаг орчим хугацаанд үргэлжилжээ. Энэхүү зурвас газар хоёр Солонгосын хооронд удаан үргэлжилсэн маргаантай газар. Энэ оны гуравдугаар сард Өмнөд Солонгосын байлдааны хөлөг онгоц “Cheonan” дээрх зурваст сүйрч, 46 хүн амиа алдсан бөгөөд энэ хэрэгт Хойд Солонгосын сөнөөгч онгоцыг буруутгаж байгаа юм. Гэхдээ БНАСАУ-ын талаар уг хэргийг хариуцлагыг өөртөө хүлээгээгүй. Ер нь баруун хил орчимд хоёр солонгосын хооронд нэг бус удаа, тодруулбал, 1999, 2002 онд, хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цуст буудалцаан гарч байсан аж.
Энэ удаагийн буудалцааны шалтгааныг тайлбарлах олон шалтгаан байж болох ч хамгийн үндэслэлтэй нь Хойд Солонгосын хил орчимд Өмнөд Солонгосын “Hoguk” нэртэй цэргийн хээрийн сургуулилттай холбоотой гэх. Хойд Солонгосын талаас өмнө нь жил бүр хийдэг Өмнөд Солонгосын хээрийн сургуулилтыг эхлүүлбэл гал нээнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Хойд Солонгосын талаас мэдэгдэхдээ “Hoguk" хээрийн сургуулилтын үеэр Хойд Солонгосын нутаг дэвсгэрт хамаарах тэнгисийн усанд хэд хэдэн удаа сум тавьсан нь өмнө нь удаа дараа анхааруулж байсан БНАСАУ-ын сануулгыг зөрчсөн учир гал нээсэн гэжээ.
Хоёр Солонгосын харилцан буудалцааны дараа Өмнөд Солонгосын воны ханш дөрвөн хувиар буурч, сүүлийн нэг сарын хамгийн доод төвшинд хүрч, улмаар олон улсын санхүүгийн зах зээлд ганхах төлөвтэй байгааг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Буудалцааны дараа Өмнөд Солонгосын төв банк яаралтай хуралдаж, санхүүгийн зах зээлд нөлөөлөхүйц байдал үүсвэл улсынхаа Засгийн газартай хамтран ажиллахаар хэлэлцэж, тохирчээ.
Өмнөд Солонгост олон монголчууд амьдарч байгаа учир энэ мэдээлэл монголчуудыг нэлээд түгшээсэн. Ялангуяа мөргөлдөөний золиос болсон арлаас 120 гаруй км-д орших Инчоньд монголчууд олон байдаг учир ар гэрийнхэн нь нэлээд түгшсэн. Солонгост байгаа монголчуудаас авсан мэдээллээр бол санаа зовох, түгших зүйл үгүй гээд монголчууддаа тайван байхыг сануулсан. Их буугаар буудсан тосгоны иргэдийг хоргодох байранд байрлуулсан бөгөөд энд хоёр монгол залуу байгаа талаар бид мэдээлсэн. Түүнээс гадна Лисбонд болсон уулзалтад оролцоод эргэж явсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүний багийнхан яг энэ өдөр Сөүлээр дамжин эх орондоо ирэх байсан. Ерөнхийлөгчийн хөлөглөн ирэх онгоцны нислэг бага хугацаагаар хойшилсон ч ”МИАТ” компанийн Сөүл-Улаанбаатарын нислэг 21.20 цагийн орчимд Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсаныг бид мэдээллээ. Солонгосын хойгт болсон өнөөдрийн үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг татсан ч одоогоор харьцангуй намжмал байдалд байна гэж хэлж болохоор байна. Энд бас зөнч Вангагийн дэлхийн III дайн эхэлж байна гэсэн таамаглал олныг цочирдуулсан байж болох сэтгэгдлүүд харагдаж байлаа.