Хоёр монгол эрэгтэй хоргодох байранд байна

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Хоёр монгол эрэгтэй хоргодох байранд байна

Хойд Солонгос Өмнөд Солонгос руу гал нээсэн талаархи мэдээлэл олны анхаарал татаж буй. Тус Улсад ажиллаж амьдарч буй монголчуудтай БНСУ-д суугаа элчин яамнаас маргааш мэдээлэл хийх юм байна. Өнөөдөр үйл явдал болсон тосгонд Зоригтбаатар, Улаанбаатар гэдэг хоёр монгол эрэгтэй хорогдох байранд байгаа бөгөөд бэртэж гэмтээгүй гэнэ. Тэд хорогдох байр нь хүйтэн учраас түр хугацаагаар гэртээ очсон байна. Харин  Инчонд амьдардаг 25 настай монгол эмэгтэйн мэдээллээр “Тус хотод иргэд тайван байна. Монголд амьдарч буй ах дүүс, хамаатан садандаа  битгий айж сандраарай. Зарим нь эхнээсээ Монгол руугаа буцах билетээ авч байна. Тиймээс энэ мэдээллийг дамжуулж буй хэвлэл мэдээлэл дуулиан  болгохоос илүүтэй бодит мэдээллийг хүргээрэй Тэгэхгүй бол ар гэрийнхэн маш их сандарсан байна” гэсэн мэдээллийг өгч байна.

Солонгост амьдарч буй монголчуудын  аюулгүй байдлыг тодруулахаар Гадаад Харилцааны яамны дэд сайд Э.Болортой холбогдсон юм. Тэрбээр “Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.  БНСУ-д суугаа элчин сайдын яамнаас ирсэн эхний мэдээллээр гал нээсэн Сохэ Ёнгпёнг тосгонд   буудалцаанд өртсөн Монгол Улсын иргэн байхгүй” гэв. Харин тус тосгонд хэдэн монгол иргэн амьдарч байгаа талаархи нэгдсэн мэдээлэл гараагүй аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж