400 автобусыг гэрээгээр ашиглуулна

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

400 автобусыг гэрээгээр ашиглуулна

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр мөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан том оврын 400 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн зарим байгууллагад гэрээгээр эзэмшүүлж ашиглуулах боллоо. 

Ингэхдээ автобусны үнийг үе шаттайгаар буцаан авч, хуримтлагдсан хөрөнгөөр жил бүр нийслэлийн нийтийн тээврийн паркийг шинэчилж байхаар тогтов. Ингэснээр үйлчилгээ эрхлэгч байгууллагын материаллаг бааз, мэргэжилтэй боловсон хүчний хангалт сайжирч, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Нийтийн тээврийн газар, автобус авсан аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулсан гурвалсан гэрээг шинэчлэн, тухайн аж ахуйн нэгж, байгууллагаас буцаан авах хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Тусгай дансанд хуримтлуулах юм. Парк шинэчлэх санд жилд дунджаар таван тэрбум гаруй төгрөг хуримтлагдах бөгөөд энэ мөнгөөр жил бүр том оврын 50 автобус авах урьдчилсан тооцоо гарчээ.

2009 онд улсын төсвийн хөрөнгөөр БНСУ-аас том оврын 400 автобус худалдан авч нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн зарим аж ахуйн нэгжид ижил нөхцлөөр хуваарилсан юм.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд том оврын 1200 автобус шаардлагатай байдаг ч одоогоор стандартын шаардлага хангасан 775 автобус үйлчилгээнд явж байгаа юм.

Зээрийн нүүдлийг хязгаарлана
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний эх үүсвэр нь цагаан зээр гэж мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Иймээс цагаан зээрийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, эрүүл бүс рүү оруулахгүй байх зорилгоор Улсын Онцгой комиссын Ажлын хэсэг ажиллаж байна. Мөн Ажлын хэсэг үхсэн зээрийн сэг зэмийг цуглуулах, өвчтэйг нь устгах, гамшгаас хамгаалах зарим албаны бие бүрэлдэхүүнийг мэргэжил, арга зүйн шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж байгаа юм. Ажлын хэсэгт шаардагдах 70 сая төгрөгийг Байгаль хамгаалах сан, Засгийн газрын нөөц сангаас гаргахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Засгийн газар, Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээний дүнд  шүлхий өвчний гаралт багасч, тархалт нь саарч байгаа. Гэвч 10 дугаар сараас Хэнтий, Дундговь, Төв, Дорноговь аймгийн нутагт зээр олноор нүүдэллэн орж ирснээр дээрх аймгуудын зарим суманд өвчний сэжиг илэрч, онош нь батлагдаж байгаа учир нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарлах шаардлагатай болсон байна.

Өнөөдрийн /2010 оны 11 дүгээр сарын 23/ байдлаар Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Хэнтий аймагт өвчилсөн 24722 толгой мал, Дорнод, Сүхбаатар аймагт 1616 зээрийг устгаж ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байна.

Улсын Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, Мал эмнэлэг, үржлийн, Мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори, дээрх аймгуудын Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллагын нийт 1018 хүн 162 автомашин, 56 мотоцикл, устгал, ариутгал, хяналтын 75, хөдөлгөөнт хяналтын 72 цэгт ажиллан шүлхий өвчинтэй тэмцэж байна.  

Өвөлжилтийн бэлтэл 88 хувьтай
2010-2011 оны мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангасан дүнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай танилцууллаа.  Үүнтэй холбогдуулан :

Мал өвөлжилтийн байдал болон гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон арга хэмжээг төлөвлөж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий байнгын ажиллагаатай штаб байгуулан ажиллуулах, ажлын явц, үр дүн, цаашид авах арга хэмжээний чиглэлээр санал, дүгнэлтээ Засгийн газарт танилцуулж байхыг сайд Т.Бадамжунайд

Улсын нөөцийн өвс, тэжээлийг зам, даваа хаагдахаас өмнө шаардлагатай цэг, салбаруудад байршуулахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт

Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц нэмж бүрдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймаг болон Нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Шүлхий өвчний эрсдэл бүхий аймгуудын нийт өвчлөмтгий малыг вакцинжуулалтад бүрэн хамруулахтай холбогдсон арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэхийг сайд Т.Бадамжунай, Шадар сайд М.Энхболд нарт даалгав. 

Орон нутагт өвс, тэжээлийн аюулгүй нөөц бэлтгэх Засгийн газрын даалгаврын биелэлт аймаг, нийслэлийн хэмжээнд 52.6 хувь, сум, дүүргийн хэмжээнд 72 хувьтай байна. Баян-Өлгий, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймаг даалгаврыг 100 хувиас дээш давуулан биелүүлсэн бол Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл аймаг 3.1-35.3 хувиар хангалтгүй биелүүлж, Говь-Алтай аймаг, Нийслэл хот аюулгүйн нөөцийн өвс, тэжээлээ огт бэлтгээгүй байна.

Бэлчээрийн даац багтаамж, өвс, тэжээлийн хүрэлцээнээс шалтгаалан Өмнөговь, Дорноговь, Увс, Баян-Өлгий аймгийн ихэнх сум, Дундговь, Ховд, Өвөрхангайн зарим суманд өвөлжилт хүндрэх магадлалтай байна.
Энэ жилийн хувьд цас ахиу орж, хасах 50 хэм хүртэл хүйтрэхийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгааг Засгийн газрын хуралдаанаас санууллаа. Цаг хүндэрч, малаа алдах үед дээрээс бүхнийг гуйн гар тосдог байдлыг өөрчилж,  малчдад ч гэсэн хариуцлага тооцож эхлэнэ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хэллээ.   

    “Ус” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган төсөв болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэн хэрэгжүүлэхийг холбогдох сайд нар болон аймагт нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Хөтөлбөрт Монгол орны усны нөөцийг хамгаалан түүний бүрэлдэн тогтох, цэвэр ариун чанараа хадгалах, байгалийн аясаар сэргэх бүхий л боломжийг хангах  6 стратегийн зорилт бүхий нийт 160 орчин арга хэмжээг тусгажээ. Нийт зардлын 60 орчим хувийг урсацын тохируулга хийх, усан сан байгуулах, алсын зайд дамжуулан хүргэх томоохон төслүүдэд зарцуулах юм байна.   

Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг орон даяар зохион байгуулах, салбар дундын ажлын уялдаа холбоог хангаж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Усны үндэсний хорооны дарга Л.Гансүх, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун нарт үүрэг  болголоо.

Иргэд 17 мянга орчим өргөдөл ирүүлжээ
Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад 2010 оны гуравдугаар улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Гуравдугаар улиралд 16940 өргөдөл, гомдол хүлээн авсан бөгөөд төрийн захиргааны төв байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлын 97 хувийг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр хувиар нэмэгджээ.
Нутгийн захиргааны байгууллагуудад ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 95.6 хувьтай байна. Иргэд ихэвчлэн зуднаар малаа алдсан малчдын нийгмийн асуудал, ажлын байр, мөнгөн тусламж, газар эзэмших, гэр, орон сууцны хөнгөлөлттэй зээл хүсч нутгийн захиргааны байгууллагадаа ханджээ.

ТОВЧХОН

Импортоор орж ирж байгаа суудлын автомашины онцгой албан татварын хувь хэмжээг одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлэхээр Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар татан авахаар шийдвэрлэв. Онцгой албан татварыг хоёр дахин нэмэгдүүлэх цаг нь болоогүй гэж Засгийн газар үзсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны аравдугаар  сарын 4-5-ны өдөр Брюссель хотноо болсон Ази, Европын дээд хэмжээний наймдугаар уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулах болов.

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан “Төрийн албанд ашиг сонирхлын зөрчлийг урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэв. Эдгээр хуулийн төсөл нь Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын хуульд заасан боловсруулалтын анхан шатны шаардлага хангаагүй, бүхэлдээ орчуулгын шинжтэй, ойлгомжгүй, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны тухай, Авлигын эсрэг, Эрүүгийн байцаан шийтгэх зэрэг бусад хууль тогтоомжтой нийцэхгүй байгааг анхаарч Засгийн газраас гаргасан хэд хэдэн саналыг тусгаж төслийг шинэчлэн боловсруулах шаардлагатай гэж хууль санаачлагчид уламжлахаар болов.

Засгийн газрын 2010 оны аравдугаар сарын үйл ажиллагааны мэдээллийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Засгийн газар 10 дугаар сард 5 удаа хуралдан, 53 асуудал хэлэлцэж, 16 асуудалтай танилцан, 24 тогтоол, Ерөнхий сайдын гурван захирамж гаргаж, долоон асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж, гурван асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдэд уламжилж, таван асуудлыг хойшлуулжээ.
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Хан-Уул дүүрэгт баригдсан спорт цогцолборын барилгыг 2010 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, уг барилгыг Биеийн тамир, спортын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

2010 оны аравдугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо байгуулсан “Цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. Хэлэлцээр нь цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах бодлогын хүрээнд энэ чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, цөмийн эрчим хүчний нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангах зарчмыг удирдлага болгожээ.

Монгол Улсын Засгийн газар “Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн”-д гишүүнээр элсэхийг дэмжлээ. Хүрээлэн нь сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийг боловсронгуй болгох, улс төрийн намуудыг төлөвшүүлэн бэхжүүлэх, улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага юм. Мөн ардчиллыг бэхжүүлэх явцад хуримтлуулсан мэдлэг, туршлагаа солилцох, ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжин, ардчиллын үйл явцыг урагшлуулахад дэмжлэг үзүүлдэг байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж