Нэг тонн буудайнд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Нэг тонн буудайнд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тодруулбал, улсад болон гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн хүнсний буудайн нэг тонн тутамд 50 мянган төгрөгийн  мөнгөн урамшуулал олгоно. Энэ нь хүнсний буудайн урамшуулалд олгохоор 2010 оны төсөвт батлагдсан 11.7 тэрбум төгрөгтөө бүрэн багтаж байна.
2010 оны ургац хураалтын дүн, гурилын хангамжийн тооцоо, мөнгөн урамшуулал олгох талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай танилцуулав.
Сүүлийн хоёр жил газар тариалангийн салбарт олсон ололтоо бататган тогтворжуулах, техникийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, дэвшилтэт болон шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах, үрийн аж ахуйг хөгжүүлэн ургацын хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байна.
Иймээс “Атрын гурав дахь аян” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тогтож, энэ чиглэлээр тодорхой санал боловсруулан, энэ онд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгалаа.
Манай улс энэ намар нийт 366.3 мянган тонн үр тариа, үүнээс 344.5 мянган тонн буудай, 5 мянган тонн арвай, 3 мянган тонн овъёос, 538 тонн хөх тариа, 12.9 мянган тонн тосны ургамал, 205 тонн гурвалжин будаа, 169 мянган тонн төмс, 90 мянган тонн хүнсний ногоо, 38.9 мянган тонн тэжээлийн ургамал хураан авчээ.
Ингэснээр жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 53 хувийг дотоодоос хангах бүрэн боломжтой болсон байна. Энэ жилийн хувьд арвай, овъёос, хөх тариа, тос, тэжээлийн ургамлын тариалалт өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн дүн гарчээ.
Энэ жилийн ургац хураалтаас гурил үйлдвэрлэгчдэд 228 мянган тонн буудай нийлүүлсэн бөгөөд 330 орчим мянган тонн хүнсний буудайн нөөцтэй болсон байна.
“Атрын гурав дахь аян” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2007 онтой харьцуулахад энэ жил үр тариа 251 мянга, төмс 55 мянга, хүнсний ногоо 10.9 мянга, малын тэжээлийн ургамал 26.9 мянган тонноор илүү байна.
Аяны хүрээнд 276 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад нийт бэлтгэсэн уринш 7.4 мянга га-гаар, үүнээс дэвшилтэт технологоор бэлтгэсэн нь 28.5 мянган га-гаар нэмэгджээ.
Газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж арвин их ургац хураан авч, “Атрын гурав дахь аян”-д үнэтэй хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд Монгол Улсын Засгийн газар талархал илэрхийлсэн байна.

Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлав
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцээд гишүүдийн гаргасан саналыг тусган баталлаа.
Төлөвлөгөө 19 зорилт, 190 арга хэмжээтэй бөгөөд тусгагдсан зорилт, арга хэмжээг оны эхнээс эрчимтэй хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг оновчтой хуваарилж, үр дүнтэй ашиглах, төсвийн бус эх үүсвэрийг дайчлах чиглэлээр санаачлагатай ажиллахыг даалгасан байна.
Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 2011 оны наймдугаар сард, биелэлтийг 2012 оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун нарт даалгажээ.
Үндсэн чиглэлийг улсын төсөв хэлэлцэхээс өмнө УИХ-аар батлуулсан нь хөгжлийн бодлогоо тодорхойлсны дараа түүнд шаардагдах хөрөнгийг баталдаг зарчимд шилжих эхний алхам болсон. Мөн хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах хангалттай хугацаатай болж, төлөвлөгөөг 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх боломж бүрдсэн нь үр дүнгээ өгнө гэж Засгийн газар үзлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж