Шүлхийд 70 сая төгрөг гаргана

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Шүлхийд 70 сая төгрөг гаргана

Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар шүлхий өвчний тархалтын цагийн байдлын талаар хэлэлцжээ. Энэ талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн газрын дарга П.Ганхуяг сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

-Шүлхий өвчний цагийн байдал ямар байгаа вэ?
-Сүүлийн үед Төв, Говьсүмбэр аймагт шүлхий өвчний голомт шинээр дэгдэж байгаа. Үүний гол шалтгаан нь зэрлэг ан амьтан, зээрийн нүүдэлтэй холбоотой. Зүүн бүсэд гарсан шүлхийн голомтоос зээрийг хөөж, эрүүл бүс рүүгээ нэлээд шахсан. Үүнээс болж өвчний гаралт, дэгдэлт нэмэгдэж байгаа гэж үзэж байна. Дорноговь, Төв, Дундговь аймгийн нутагт нийтдээ 150 гаруй мянган зээр байгаа нь тооллогоор бүртгэгдсэн. Зээрийн сүрэгт шүлхийн шинж тэмдэг илэрсэн,  хөл доголсон, туур мултарсан, сүргээс хоцорсон олон зээр байна. Түүгээр дамжиж эрүүл гэгдэж байгаа бүсэд шүлхий тархах, дэгдэх магадлал их байгаа учраас Засгийн газрын хуралдаанаар зээрийн шилжилт хөдөлгөөнийг эрүүл бүсээс өвчтэй бүс рүү тууж, өвчилсөн зээрийг устгаж булах, ариутгах, халдваргүйжүүлэх зардлыг шийдэхээр боллоо.

Эдгээр арга хэмжээг зохион байгуулах цэрэг, цагдаагийн 20 машин, 60 гаруй албан хаагчийн үйл ажиллагааны зардалд 70 сая төгрөг шийдэхээр боллоо. Үүнээс найман сая төгрөгийг байгаль орчныг хамгаалах сангаас гаргаж, 62 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар шийдвэрлэлээ. Улаанбаатар тойрсон бүсүүдийн вакцинжуулалтыг шийдэж байгаа. Мөн зээрийг хамгаалалтад авахад ач холбогдол өгөх, төмөр замын онгорхой цоорхой тор, нүхэн гарцуудыг битүүлэх зардлууд энд шингэжээ.

           Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж