Зээл авах хүсэлтэй иргэд олширсон

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Зээл авах хүсэлтэй иргэд олширсон

Аймгийн хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Д.Амгалантай жижиг дунд, үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлттэй зээлийн талаар ярилцлаа.

-Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг өргөтгөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж зээл олгоход санаачилга гарган ажиллаж байгаа вэ?
-Одоогоос таван жилийн өмнө буюу 2005 онд сан байгуулсан. Анх орон нутгийн төсвийн давуулсан орлогоос 10 сая төгрөгийн эх үүсгвэр гарган гарааг нь эхлүүлж байлаа. Хүү нь бага учраас иргэд ихээхэн олзуурхан хүлээж авсан. 2006 онд 30 сая, 2007 онд 60 сая гэх мэтээр нэмэгдүүлэн арвижуулж байгаа.  Засгийн газар 2009 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгож улсын төсвөөс жижиг дунд үйлдвэриг дэмжиж санд зориулан улсын хэмжээнд нийт 30 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэн аймгуудад 500 сая төгрөгийг хуваарилан 30 хувийн банкнаас тодорхой хувийг орон нутгийн төсвөөс бүрдүүлэх болсон. Ингэснээр хамруулах иргэдийн төслийн тоо өсч, хөнгөлөлтэй нөхцөлөөр ахиухан хэмжээгээр зээл олгох боломж бүрдсэн. Үүний дүнд төслөөр бий болгох үйлдвэрлэл үйлчилгээний цар хүрээ өргөжиж үр өгөөж нь ч нэмэгдэх нөхцөл бий болсон зэрэг олон сайн үр дагавар гарлаа.

-Өнгөрсөн онд зарим аймагт хуваарилсан хөрөнгийн зарцуулалт муу байсан учраас эргэж татах асуудал яригдаж байсан. Булган аймгийн хувьд?
-Манай аймаг сайн зохион байгуулсан. 2009 онд аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 62 төсөлд 817.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Түүний 43.5 хувьд 27 үйлдвэр цех шинээр барьж, нийт 102 байнгын ажлын байр бий болгохоор төлөвлөснөөс 11 нь үйл ажиллагаагаа эхэлж анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн. 13 төсөл бэлтгэл ажлаа хангаж, гурван төсөл үйлвэрлэл, үйлчилгээгээ арайхан эхлээгүй байна.

-Энэ онд хичнээн төгрөгийн зээл орон нутагт олгоод байгаа вэ?
-2010 онд улсын төсвөөс 500 сая, арилжааны банкнаас 150.0 сая, нийт 650.0 сая төгрөгийн эх үүсвэр төвлөрүүлсэн.  Оны эхээр ХХААХҮ-ийн сайдын тушаалаар баталсан “Жижиг, дунд үйлддвэрийг дэмжих зорилгоор арилжааны банкаар дамжуулан хөнгөлөлтэй зээл олгох төслийг сонгон шалгаруулах дэд комиссын үйл ажиллагааны журам”-ын дагуу аймгийн комиссийг шинэчлэн ажиллуулж байна. Комиссийг аймгийн Засаг дарга ахалдаг. Зээл олголтыг ХААН банкаар дамжуулан хэрэгжүүлж байна. Энэ зээлийг ард иргэд ихэд олзуурхан сонирхдог боллоо.

-Иргэдийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхол ямар байгаа вэ?
-Иргэдээс оны эхээр 202 төсөл боловсруулан ирүүлснийг бид хүлээн авсан л даа. Тэдгээрийг хэрэгжүүлэхэд дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Гэтэл дээр дурдсан 650 сая төгрөгийн эх үүсвэртэй байлаа. Энэ бол жижиг дунд үйлдвэр эрхлэх гэсэн ард иргэдийн хэрэгцээ, аймаг орон нутгийнхаа хөгжилд нэмэр хандив оруулах гэсэн хүсэл тэмүүлэл их болсныг харуулж байгаа хэрэг.

-Төслийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлт нь ямар байдаг вэ?
-Тодорхой үзүүлэлт бүхий журамтай л даа. Сум, орон нутаг тэр журмын дагуу сайтар хянан үзэж сонголт хийлгүй хүлээж авсан төсөл бүхнээ аймагт ирүүлж байлаа. Энэ нь орон нутгийнхан иргэдийнхээ санаачилгыг дэмжиж дээд шатанд уламжилсан утгаар тэдэнд сайшаалгаж харин аймгийн дэд комиссын ажлыг нэлээн хүндрүүлэхээр барахгүй боловсруулсан төслийг нь зөвшөөрөөгүй муу нэр хүлээхэд хүргэж байлаа. Ард иргэдийн ирүүлсэн төсөлд олгох зээлийг эрт, тухайлбал, оны эхний хагаст багтаан шийдвэрлээ үйл ажиллагааг нь эхлүүлэх зорилт тавьсан. Энэ дагуу хоёрдугаар улиралд дэд комиссын хурлыг гурван удаа хийж 3.4 тэрбум төгрөгийн 113 төслийг хэлэлцээд 833.4 сая төгрөгийн 53 төслийг дэмжиж ХААН банкинд шилжүүлсэн.

-Зээлийн санхүүгийн эх үүсвэр 650 сая төгрөг гэсэн хэрнээ 833,4 сая төгрөгийн зээлийг дэмжсэний учир?
-“Хур бэлтэй” байсан гэсэн үг л дээ. Өнгөрсөн оны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтөөр 2010 онд “Хас” банкинд 230 сая төгрөгийн эх үүсвэр төвлөрөх тооцоотой байлаа. Аймгийн дэд комиссын хурлаар есөн төслийг дэмжээд 149 сая төгрөгийн зээл олгох эрх шилжүүлсэн. Мөн 2009 онд дэмжсэн боловч зээлийг нь олгоогүй гурван төсөлд 60 сая, энэ онд дэмжсэн төслүүдээс наймд нь 145 сая төгрөгийн зээлийг олгосон. Ингэснээр нийт 11 төслийг 205 сая төгрөгөөр санхүүжүүлж,  эх үүсвэрийн 73,2 хувийг  ашиглаж байна.

-Дэмжсэн төслүүдийнхээ зээлийг олгож дууссан уу?
-Амжилттай яваа шүү. Одоогийн байдлаар 2010 оны шинэ эх үүсгэврээс 43 төсөлд 639 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ХААН банкаар дамжуулан олгоод байна. Ингэснээр нийт эх үүсвэрийн ашиглалт 98,3 хувьтай байна. Санхүүжилт олгосон төслүүдийн 10 нь мал аж ахуй, мөн 10 нь газар тариалангийн, зургаа нь хүнс, найм нь хөнгөн үйлдвэрийн, хоёр нь барилгын материалын, долоо нь ахуйн үйлчилгээний чиглэлээр ажил, үйлдвэрлэл эрхлэхээр зээл авсан. Тэдгээрийн үр дүнд нийт 54 ажлын байр шинээр бий болгоно.

-Төсөлд сумдыг бүрэн хамруулсан уу?
    -Нийт сум тодорхой тооны төсөл дэмжүүлж зохих хэмжээний зээл аваад байна. Тухайлбал, хөдөөгийн сумдаас Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Сайхан, Бугат, Тэшиг, Хангал, Баян-Агт, Рашаант хоёроос тав, бусад сумд тус бүр нэг төсөлд зээл авлаа. Аймгийн төвд харьцангуйгээр олон, өөрөөр хэлбэл, есөн төсөл хамруулсан.

    -Сумдын удирдлагын дэмжсэн зээл яагаад харилцан адилгүй байгаа вэ?
    -Энэ бол орон нутгийн удирдлага, ажил эрхэлсэн хүмүүсийн хариуцлагын нэг илэрхийлэл гэж үзэж болно. Бид төсөлд ямар шаардлага хангасан байх талаар удаа дараа ихээхэн мэдээлэл өгч зөвлөмжөөр хангасан. Гэтэл тэр бүхнийг олон нийтэд сайн сурталчилж ойлгуулаагүй, боловсруулсан төсөлтэй нь танилцан зөвлөж тусалдаггүйгээс шалгуур үзүүлэлтийг хангах чанартай төсөл бага ирж байлаа. Иргэд төсөл боловсруулахдаа өөрсдөө зах зээлийн судалгаа хийдэггүйгээс шаардлага хангахгүй байна. Сэлэнгэ сумын таван төсөл хэрэгжүүлэхээр 105 сая төгрөгийн санхүүжилт авсан бол Сэлэнгэ, Сайхан сум тус бүр дөрвөн төсөлд зээл авлаа. Гэтэл Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Орхон, Дашинчилэн, Могод, Баяннуур сумаас дөнгөж тус бүр ганц төсөл л зээлийн эрх авлаа.   

-Нэг төсөлд олгох санхүүжилт харилцан адилгүй байдаг уу?
    -Тэгэлгүй яахав, урьд нь нэг удаагийн зээлд доод тал зуу орчим, дээд тал нь 500 мянгаас хэтэрдэггүй байсан бол үйлдвэрлэлийн цар хүрээг өргөтгөх зорилгоор дээд тал нь 50 сая хүртэл төгрөгийн зээл олгож байхаар журамдаа өөрлөлт оруулсан. Энэ дагуу доод тал нь дөрвөөс дээш сая төгрөгийн санхүүжилт олголоо. Тухайлбал, Сэлэнгэ сумаас “Ингэт чацаргана”, Хутаг-Өндөр сумын махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхлэхээр боловсруулсан төслийг 40-50 сая төгрөгөөр санхүүжүүлээд байна.Төсөл боловсруулсан иргэд зарцуулах хөрөнгийг сайтар тооцдог. Тэгээд өөрийн хэрэгцээтэй мөнгийг тооцон үзсэний үндсэн дээр авах зээлийн хэмжээгээ санал болгодог. Нэгэнт өөрийн хөрөнгө санхүүгийн нөөцийг  тооцоод гаргасан санхүүжилтийг хасч багасгавал уг ажил үйлдврлэлийг бүрэн хэрэгжүүлэх боломжгүй болно гэдэг үүднээс санал болгосон зээлийн хэмжээг нь болж өгвөл бууруулахгүй чиглэл баримталдаг. Гэхдээ бид хянаж үзээд хэт өндөр зардал гаргахаар тооцсон байвал тодорхой хэмжээгээр бууруулдаг.   

-Иргэд төслөө боловсруулж санхүүжилтээ авлаа. Одоо үйлдвэрлэл үйлчилгээний бэлтгэлийг хангах ажил үлдээд байна гэж ойлгож болох уу?
    -Тийм ээ, нэлээд нь тоног төхөөрөмжөө бэлтгэх, барилга байшингаа шийдвэрлэх, материал түүхий эдээ бүрдүүлэх гээд их ажил өрнүүлж байгаа. Дэд комиссоос ч ажлаа эрчимжүүлэх шаардлага тавьж байна. Зээл авсан иргэдийн 21 нь шинээр үйлдвэрлэл эрхэлж, 18 нь үйл ажиллагаагаа өргөжүүлнэ. Төсөлд хамруулсан иргэдийн  урам өндөр шургуу ажиллаж байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж