“Сүнс” фенүүддээ сюрприз барина

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

“Сүнс” фенүүддээ сюрприз барина

“UB palace”-ийн концертын их танхимд өчигдөр загвар өмсөгч, жүжигчин Мөнх-Эрдэнийн эмчилгээний зардалд хандив өргөх “Мөнхийн сайхан” тоглолт болсон. Тоглолтод хэсэг хугацаанд нам жим байсан “Сүнс” хамтлаг тайзнаа  гарч ирэн үзэгчдийг байлдан дагууллаа. Ингээд “Сүнс” хамтлагийн залуустай товчхон ярилцлаа.

-Нам жим байсан “Сүнс” хамтлаг яагаад хандивын тоглолттой нэгдэх болов оо?
-Бид тайзан дээр нэлээн олон жил гараагүй. Хааяа ёслолын ч юм уу найз нөхөд, танилынхаа хүрээнд тайзан дээр гарч байлаа. Өнөөдөр манай Эрдэнэтийн  загвар өмсөгч Мөнх-Эрдэнийн хандивын тоглолтод хувь нэмрээ оруулж, өөрсдийнхөө чадах хэмжээгээр урлагийнхныгаа авчирч оролцууллаа. Энд ирсэн үзэгчдийг хараад маш сайхан сэтгэгдэл төрлөө. Яагаад гэвэл монголчууд нэгнийгээ сайхан байхад нь ярьж магтахаас гадна бас зовж байхад нь элгэмсэг хандаж байгаа нь маш сайхан санагдлаа.

-“Сүнс” хамтлагийг тайзан дээр анх гарч ирж байсан шигээ хит дуугаа дуулаад бүжиглэхийг харах үнэхээр сайхан байлаа?
-Бид бас хөөрөөд багийнхаа “Сүнс” хамтлагийн нэрийн хуудас болсон дуунуудыг бүжигтэй нь чадан ядан хүргэлээ. Үзэгчид ч сайхан хүлээж авлаа.

-Үзэгчид “Сүнс” хамтлагийг саначихжээ.“Сүнс” хамтлаг эргээд нэгдлээ гэсэн шүү дээ.
-“Сүнс” хамтлагийн гишүүд маань гадаадаас ирж байна. Лхагваа бид хоёр бусдыгаа байхгүйд зүгээр суусангүй. Нэг цомог гаргасан. Бас Лхагваа маань бие даан цомог гарган студи байгуулан ажиллаа. Бас бидний хувийн бизнес гээд янз бүрийн ажлууд бий. Гэхдээ хамгийн гол нь хамтлагийн уран бүтээл гэдэг маань чанартай байх ёстой гэдгийг хамтлаг байгуулагдсан цагаасаа л чухалчилж ирсэн. Бидний багаасаа хөдөлмөрлөсөн үр дүн маань одоо ямар ч бэлтгэлгүй гараад дуулж бүжиглэхэд ард түмэнд ингэж хүрч байна. Хамтлагийн бүх гишүүд ирээд тайзан дээр гарахад гоё байна гэж бодож байна.

-Та нар тайзан дээр яралзтал бүжиглэхэд сэтгэл хөдөлсөн үзэгчид алгаа хорстол ташиж байлаа.
-Хамгийн гол нь одоо бүжиглэдэг хамтлаг байхгүй байгаа нь л харамсалтай байна. Бид хэсэг уран бүтээлээ хийхгүй залуу хүүхдүүдийг хараад явлаа. Тэд одоохондоо уран бүтээлээ эхлүүлж л байна л даа. Бүжиг гэдэг агуу урлаг. Дуулаад бас бүжиглэхэд хөдөлмөр их шаардана. Хичнээн бэлтгэлгүй байсан ч сэтгэл хөдлөөд өнөөдөр тайзан дээр бүжиглэхэд гайгүй байна. 90-ээд онд манайх дуу бүжгийн анхны “boy band” байсан. Хамтлаг болгон өөрсдийн гэсэн онцлогтой байсан. “Камертон” дөрвөн хоолой салгаж дуулдаг, “Сүнс” дуулж бүжиглэдэг, “Номин талст” ард түмний хайртай дуунуудыг дуулдаг байсан гээд л.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-Бид том Жагаа ахаас авсан шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа. Манай хамтлагийн Лхагваа маань нэг уянгын дуу хийж байгаа. Иймэрхүү ажил эхлэчихээд явж байгаа. Хамгийн гол нь нэг юман дээрээ гацаад байгаа. Гоё үг олдохгүй байна. Үг ая хоёр нийлж байж л гоё дуу болно. Бид юмыг хийвэл хийсэн шиг хийнэ. Хийхгүй бол чимээгүй байж байгаад гарч ирээд өнөөдрийн тайзан дээр үзүүлсэн шиг ийм л юм хийдэг хүмүүс./инээв/

-“Сүнс” хамтлаг  хэзээ тайзан дээрээс тавуулаа мэндчлэх вэ?
-Бусад гишүүдтэйгээ холбоо барин хийх бодсон санасан юм байгаа.

-Хамтлагийн гишүүн Зулаа тайзан дээр гаралгүй хэр их удав аа?
-Ер нь бол нэлээд удсан. Сургууль соёл гээд гадаадад байж байгаад ирээд бас гурав дөрвөн жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд “Сүнс”-ийнхээ найз нартайгаа холбоотой байсан. Хамтлагаараа үүнээс өмнө хэд хэдэн удаа тайзан дээр гарсан. Мэдээж биднийг сонсдог, мэддэг хүмүүс маш сайхан хүлээж авч байна. Бидний сэтгэл ч гэсэн үүнд догдолж хүлээж авч байна. Үүнээс нэг юм хараад байхад өнөөдөр монголын “boy band”-д бүжиглэх л хэрэгтэй юм байна гэж хэлмээр байна. Яагаад гэвэл хүмүүс үүнийг үгүйлж байгаа нь харагдаж байна.

-Танай дараа дараагийн уран бүтээлүүд бүжигтэй байх нь ээ?
-Яг ч тийм биш ээ. Бид гоё л юм үзүүлэхийг хичээнэ. Ер нь бол бид өөрсдийн энтертайментыг үзүүлдэг хамтлаг. Бид багаасаа бүжиглэж байсан, хоббитой. Тийм болохоор бүжиглэдгээрээ л үлдэх байх даа. Өнөөдөр энэ тайзан дээрээс үзэгчидтэйгээ уулзах сайхан байлаа. Эргээд уулзах боломжийг бид бодож байгаа. Фенүүддээ зориулаад ямар ч байсан нэг сюрприз бэлтгэж байгаа.

-Нууц биш бол сюрпризээ хэзээ задлах вэ?
-Манай хамтлаг 1991 онд анх реп бүжгийн чиглэлээр байгуулагдаж байсан. Дуулж эхэлснээсээ гэвэл 17 жил болж байна. Ирэх жил манай хамтлагийн ой болж байгаа. Тэгэхээр тэр хавьцаа л болох байх гэж бодож байна. Болж өгвөл их ойрхон хийнэ дээ. Тайзан дээр гараад үзэгч фенүүдээсээ мэдэрч байгаа энэ кайфыг ойрхон авмаар байна. Тэгэхээр удахгүй уулзацгаая гэж хэлье дээ. Мөн танай хамт олон ажлын амжилт хүсье.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж