Д.Моломжамцын нэрэмжит сургуультай болов

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Д.Моломжамцын нэрэмжит сургуультай болов

Сангийн яам байгуулагдсаны 100 жилийн ой ирэх жил тохионо. Энэ ойн хүрээнд тус яамнаас төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын гавъяат эдийн засагч Дэмчигийн Моломжамц агсны 90 насны ойг тэмдэглэж байна.
Түүний 90 насны ойгоор Дундговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор төрөлх нутаг Баянжаргалан сумын дунд сургуулийг улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Моломжамцын нэрэмжит сургууль болгож, өчигдөр тус сумын дунд сургууль дээр ёслолын ажиллагааг зохион байгуулжээ.
Уг арга хэмжээнд Сангийн яамны Санхүү эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Батбаяр, ТЗУГ-ын хэлтсийн дарга Р.Гансүх нар, Д.Моломжамц гуайн төрсөн хүү М.Батаа оролцжээ. Ёслолын ажиллагаанд Д.Моломжамц агсны Баянжаргалан суманд амьдарч буй хамаатан садан, тус сумын удирдлага, иргэдийн төлөөлөл, сургуулийн хамт олон хүүхэд багачууд оролцсон байна.
Нийслэлээс 300 гаран км зайд орших Дундговь аймгийн Баянжаргалан сумын дунд сургууль 1940 онд байгуулагдсан манай ууган сургуулиудын нэг бөгөөд одоогоор 1-9 дүгээр ангийн нийт 150 гаран хүүхэд суралцаж байна. Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө өнөөдрийн цаг үеийг авчирсан, бахархам үйлстэй, ахмад үеийнхнийхээ алдар гавъяаг дурсан санаж, хүндлэн мөнхжүүлж, ажил үйлсийг нь хойч үедээ таниулан, хүүхэд багачууддаа үлгэр дууриал болгох нь бидний үүрэг бөгөөд өнгөрсөн түүхийг үргэлж санан дурсаж, энэ хүндтэй хүний алдар нэрийг өндөрт өргөн авч явахыг Сангийн яамны удирдлагууд тус сургуулийн удирдлага, хүүхэд багачууддаа хүсчээ.
Нутгийн ард иргэд энэ арга хэмжээг талархан хүлээж авч, Сангийн яамны зүгээс энэ хүнийг дурсан санаж, нутаг оронд нь ирж хүндэтгэл үзүүлж байгаад баярласнаа илэрхийлжээ.

 Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж