-Танай аймагт халдварт шар гарах болсон шалтгааныг орчны бохирдол, усны хүрэлцээгүйгээс болсон гэж байсан. Одоо ямар арга хэмжээ авч байна вэ?
-Одоогоор өвчний голомт бүхий сум орон нутгийн төвлөрсөн хог хаягдлыг цэвэрлээд байна. Мөн аймгийн Мэргэжлийн Хяналтын газар , Есөнбулаг сумын ЗДТГ, сумын цагдаагийн тасагтай хамтран өнгөрөгч ням гаригаас эхлэн Шинэ-Алтай нэгдсэн зах дээр ажиллах удирдамжийн дагуу үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна. Энэ хугацаанд өдөр бүр захын гадуур мах махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээг ил задгай заруулахгүй байхад анхаарч байгаа.
-Халдварт шар өвчний дэгдэлт ихтэй сумдыг хэлэхгүй юу?
-Он гарсаар эхний арваннэгдүгээр сарын байдлаар халдварт өвчний нийт 607 тохиолдол бүртгэгдсэнээс 384 буюу 62.7 нь халдварт шар өвчин байгаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гурав дахин ихэссэн үзүүлэлт юм. Үүнээс аймгийн төвд бүртгэгдсэн 272 тохиолдол нь есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 13-ны хооронд гарсан байна. Дээрх тохиолдлын 154 –д нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд өвчилж, вируст гепатит оноштой нийт хүүхдийг 74,5 хувьд хепатитын А вирус буюу халдварт шараар өвчилсөн болох нь тогтоогдсон. Зөвхөн Есөнбулаг сумын хэмжээнд гэхэд 477 халдварт өвчин бүртгэгдсний 267 буюу 55.9 хувийг вируст гепатит эзэлж байна. Есөнбулаг сумын өвчлөлийг багаар нь авч үзвэл, Баянхайрханд 87, Баяншанд 44, Харзатад 72, Жаргалант багт 67 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Дарви суманд 47, Тонхил суманд 21 тохиолдол гараад байна.
-Өвчний голомт бүхий сум, багт чиглэсэн ямар арга хэмжээ авч байнав вэ?
-Аймгийн Эрүүл мэндийн газраас гэдэсний халдварын дэгдэлтийг бууруулах, голомтыг цомхотгох зорилгоор Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэг гурван удаа хуралдаж, Есөнбулаг суманд хэсэгчлэн хөл хорио тогтоож, одоогоор V цэцэрлэгийг хаагаад байна. Халдварын голомтыг устгах зорилгоор төсвийн тооцоо гаргаж, аймгийн онцгой комиссын даргад гамшгийн сангаас хүсэлт гаргасан. Мөн халдваргүйтгэлийн бодис, шаардлагатай эм урвалжийг төвлөрүүлэх, сургалт сурталчилгааг нэмэгдүүлэх зорилгоор ДЭМБ, Норвегийн тусламжийн байгууллага, ДЗМОУБ-д нийтдээ 20 гаруй сая төгрөгийн төслийн санал хүргүүлээд байна. Сурагчдын амралтын үеэр ариутгал халдваргүйтглийн ажлыг сайтар хийж байна.