Түүхэн шийдвэр гаргасан уулзалтад оролцлоо | News.MN

Түүхэн шийдвэр гаргасан уулзалтад оролцлоо

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Түүхэн шийдвэр гаргасан уулзалтад оролцлоо

Португалийн нийслэл Лисбон хотод болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар Афганистаны асуудлаас гадна НАТО-гийн эвслийн шинэ үзэл баримтлалыг батлан гаргаж, мөн ОХУ-Гүржийн мөргөлдөөнөөс үүдэн зогсонги байдалд ороод байсан НАТО-ОХУ-ын харилцаанд ахиц гарч, улмаар пуужингийн цохилтоос хамгаалах системийн талаар НАТО, ОХУ харилцан тохирсон билээ. Иймээс дэлхий дахины цаашдын аюулгүй байдалд чухал нөлөөтэй түүхэн шийдвэр гаргасан уулзалт боллоо хэмээн ажиглагчид дүгнэж байна. 

Дээд хэмжээний уулзалтаар 1999 баталсан НАТО-гийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн баталснаар 2001 оны 9 дүгээр сарын 11-нд болсон алан хядах үйл ажиллагааны дүнд үүссэн аюулгүй байдлын шинэ нөхцөлөөс гадна мэдээллийн сүлжээнд халдах зэрэг орчин цагийн аюулгүй байдлын шинэ орчинд НАТО-гийн эвсэл хэрхэн ажиллах тухайг томьёолсон шинэ үзэл баримтлалтай боллоо. Дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Гадаад хэргийн сайд С.Лавров, Батлан хамгаалахын сайд В.Сердюков нарын хамт оролцож, энэ үеэр 2008 оны 8 дугаар сард болсон ОХУ, Гүржийн мөргөлдөөний улмаас завсарлаад байсан НАТО-ОХУ-ын зөвлөл хуралдлаа.

 Зүүн Европын орнууд, түүний дотор Польш, Чех улсын нутагт НАТО-гийн пуужингаас хамгаалах системийг байрлуулах шийдвэр гаргасантай холбоотойгоор олон жилийн туршид ОХУ, НАТО-гийн хооронд үүсээд байсан маргааныг цэглэж, хоёр тал пуужингийн цохилтоос хамгаалах систем хамтран хийх болсон талаар хуралдааны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев нарын тус тусдаа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлснийг ОХУ-НАТО-гийн харилцаанд шинэ үе эхэллээ хэмээн ажиглагчид дүгнэж байна. Хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийг “миний найз Ерөнхийлөгч Д.Медведев” хэмээн хэлснийг Орос-Америкийн харилцаанд сүүлийн үед гарсан онцгой дуулаарлын үе хэмээн үзэж буйгаас гадна ихээхэн шүүмжлэлд өртөөд байсан Ерөнхийлөгч Б.Обамагийн засаг захиргааны гадаад бодлогын чухал амжилт хэмээн ажиглагчид үнэлж байна.

 Афганистанд цэрэг, тусламж илгээхэд өөрийн газар нутаг, агаарын орон зайгаа ашиглуулахад бэлнээ ОХУ энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Афганистанд цаашид явуулах цэргийн болоод тусламжийн үйл ажиллагааг амжилттай болгоход чухал ач холбогдолтой үйл явдал гэдгийг үг хэлсэн төр, засгийн тэргүүнүүд цохон дурдаж байв. НҮБ-ын тогтоолын дагуу Афганистанд явуулж цэргийн ажиллагааг удирдаж буй НАТО-гийн зүгээс зохион байгуулсан энэхүү дээд хэмжээний уулзалтад Монгол Улс анх удаа Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаа илгээн төрийн тэргүүний хэмжээнд оролцсон нь манай улсын гадаад харилцааны түүхэнд шинэ хуудас нээж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуралдааны үеэр Монгол Улс НАТО-тай цаашид хамтран ажиллах эрх зүйн үндсийг тодорхой болгох үүднээс тус эвслийн “Дэлхий дахины түншлэл” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс харилцагч улсын статустай болох хүсэлтийг албан ёсоор илэрхийлэв. НАТО-гийн хамрах бүсээс гадна оршиж буй улсуудтай НАТО-гийн зүгээс хамтран ажиллах хэлбэрийг хангаж буй энэхүү хөтөлбөрт Австрали, Япон, Өмнөд Солонгос зэрэг Ази, Номхон далайн бүс нутгийн улс хамрагдаад буй ажээ.

Эх сурвалж: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж