Дэлхийн лидерүүд Монгол Улсад талархаж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Дэлхийн лидерүүд Монгол Улсад талархаж байна

Монгол Улс идэвхитэй гадаад бодлого явуулж, Афганистаны байдлыг тогтворжуулахад нэмэр хандиваа оруулж байгаад Лисбонд болсон Афганистаны асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцсон дэлхийн голлох улсуудын удирдлага Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах үеэрээ талархлаа илэрхийлэв.  
Энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Моон, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ф.Расмуссен, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, ХБНГУ-ын Канцлер А.Меркель, Британийн Ерөнхий сайд Д.Камерон, Италийн Ерөнхий сайд С.Берлискони, ЕХ-ны зөвлөлийн Ерөнхийлөгч М.Ромпиу, ЕХ-ны Комиссын дарга Х.М.Баррозо, Австралийн Ерөнхий сайд Жулъя Гиллард,  Шинэ Зеландын Ерөнхий сайд Жон Кей, Португалын Ерөнхий сайд Хосе Сократес, Люксембургийн Ерөнхий сайд Ж.К.Юнкер болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон, Британийн Гадаад хэргийн сайд У.Хейг нартай уулзаж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон юм.

Өнөөгийн дэлхий дахины бодлогод нөлөө бүхий энэ хүмүүс Афганистанд цэрэг эрсээ илгээн, дэлхий дахин, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад Монгол Улс идэвхитэй оролцож,  хамтран ажиллаж буйд Монгол Улс, монголын ард түмэнд талархаж байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах үеэрээ илэрхийллээ.
Монгол Улс 2003 оноос эхлэн өнөөг хүртэл Афганистанд энхийг сахиулах олон улсын үйл ажиллагаанд оролцож, цэргээ илгээсэн бөгөөд өнөөг хүртэл манай нийт 700 гаруй цэрэг эрс тэнд үүргээ амжилттай гүйцэтгээд буй юм. Одоогийн байдлаар манай зэвсэгт хүчний 2 багийн албан хаагчид Кабул хотын орчимд АНУ-ын хариуцсан бүсэд харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж, мөн Афганистаны умард хэгсийн Файзалбад хотод германы цэргүүдтэй хамтран үйл ажиллагаа явуулж байна. Мөн 2003 оноос эхэлсэн их бууны сургалтын багаас гадна нисдэг тэрэгний сургалтын баг мөн ажиллаж байна.

Эх сурвалж. http://www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж