25 хүний материалыг ОХУ-аас авчирчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

25 хүний материалыг ОХУ-аас авчирчээ

Хуучин ЗХУ-д баривчлагдан хүргэгдэж шийтгүүлсэн монгол иргэдийн хэрэг материалыг хуулбарлан авах ажил дуусах шатандаа оржээ. Сураггүй болсон болон  хэрэг материал нь олдохгүй цөөхөн хүн  үлдээд байгаа гэнэ. Энэ тухай Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай архивын орлогч дарга Ш.Цогбаатар өнөөдөр болсон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хуралдааны үеэр мэдэгдлээ. Тэрбээр  ажлын хэсгийг ахалж ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны архивт ажиллахдаа, 1930-1940 онд хуучин ЗХУ-д улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн зарим монгол иргэдтэй холбоотой мөрдөн байцаалтын хэрэг материалтай танилцаж, хуулбарлан авчирсан  байна.
Энэ удаа ажлын хэсгийнхэн Цэргийн явдлын яамны Хуягт танкийн газрын дарга Д.Цоож, Дотоод явдлын яамны Онцгой хэлтсийн тасгийн дарга Э.Дорж, тус яамны Өвөрхангай аймаг дахь хэлтсийн дарга Ц.Долгоржав нарын таван хүнтэй холбоотой хавтаст хэргийг шинээр, Хууль зүйн яамны сайд Г.Даншийцоодол, Дотоод явдлын яамны Онцгой хэлтсийн дарга Б.Ванчинхүү зэрэг 20 хүний  хэргийг баяжуулан хуулбарлан авчоаад байгаа аж. Хуучин ЗХУ-д улс төрийн хилс хэргээр 418 монгол иргэн шийтгэгдэж хэлмэгдсэнээс 71 хүнтэй холбоотой хавтаст хэргийг бүрэн хуулбарлан авчирч, бусад хэлмэгдсэн монгол иргэдийн талаар товч мэдээлэл байгаа бөгөөд 10 гаруй хүнтэй холбоотой хавтаст хэргийг хуулбарлан авах шаардлагатай байгаа  гэж Комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж