Ерөнхийлөгч Лисбоны уулзалтад оролцов

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Лисбоны уулзалтад оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11 дүгээр сарын 20-ны өдөр Португалийн нийслэл Лисбон хотод болсон Афганистаны асуудлаарх НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцож, ерөнхий хуралдааны үеэр үг хэлэв.  уулзалтад Ерөнхийлөгчийг дагалдан Батлан хамгаалахын сайд Л.Болд мөн оролцов.

НҮБ-ын даалгавраар НАТО-гийн цэргийн удирдлагын дор Афганистанд явагдаж буй энхийг сахиулах, сэргээн босгох цэргийн ажиллагааны үйл ажиллагааг зохицуулах зорилгоор цэрэг илгээгч улсууд жил бүр дээд хэмжээний уулзалт зохион байгуулдаг. Монгол Улс 2003 оноос эхлэн Афганистанд өөрийн цэргийн багийг ажиллуулж эхэлсэн юм. Цэрэг илгээхтэй холбогдсон эрх зүйн болон бусад асуудлыг НАТО-той энэ оны 3 дугаар сард харилцан тохирч чадснаар Монгол Улс албан ёсоор Афганистанд цэрэг илгээгч 45 дахь орон болжээ. Афганистанд одоогоор гадаадын 140 мянга гаруй цэрэг байрлаж байгаагийн дийлэнх нь АНУ-ын цэрэг бөгөөд бусад улс 40 гаруй мянган цэрэг илгээгээд байгаа юм.  Афганистанд цэргээ илгээгээд буй 48 орны төр, засгийн тэргүүн уулзалтад оролцов. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад АНУ, Их Британи, Герман, Франц, Итали, Канад, Австрали зэрэг дэлхийн тэргүүлэх улсын төр, засгийн тэргүүн нараас гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Моон, Европын Холбооны зөвлөлийн Ерөнхийлөгч В.Ромпиу, ЕХ-ны Комиссын дарга Х.М.Баррозо, Афганистаны Ерөнхийлөгч Х.Карзай нар оролцсон. Хурлын гол зорилго нь Афганистанд энхийг сахиулах, сэргээн болгох ажлын цаашдын чиглэл, түүний санхүүжилтийн талаар хэлэлцэх, Афганистанаас олон үндэстний цэргийг гаргах хугацааг тохирох, мөн НАТО-гийн удирдсан цэргийн үйл ажиллагаа дууссаны дараа Афганистаны аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцэх явдал байлаа.

 Дээд хэмжээний уулзалтын ерөнхий санал, шүүмжлэлийн үеэр хуралдаанд оролцогч улс орнуудын төр, засгийн тэргүүн Афганистаны байдлыг тогтворжуулах, сэргээн босгох ажлыг амжилттай болгох зам нь цэргийнхээс гадна иргэний зориулалттай үйл ажиллагааг түлхүү зохион байгуулж, улс орны болон орон нутгийн удирдлагыг афганчуудад аль болох түргэн шилжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа санал нэгтэй илэрхийлэв. Мөн энэ ажиллагаанд зориулан санхүүгийн тусламж үзүүлэх болон цэргийн тоогоо нэмэх, цэрэг, тусламж илгээхэд газар нутгаа ашиглуулах зэрэг олон төрлийн тусламж, дэмжлэг амлав. Хурлын ерөнхий хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч  Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ Евроазийн бүс нутгийн аюулгүй байдал, хар тамхины наймаа зэрэг зохион байгуулалттай гэмт хэргийн гол цөмийн нэг болоод буй Афганистаны байдлыг тогтворжуулахад Монгол Улс цаашид ч нэмэр хандиваа оруулах болно гээд ардчилсан Монгол Улс нь Афганистаны хувьд хөгжлийн загвар болох боломжтойг дурдав. Тэрээр мөн одоогийн байдлаар Афганистанд 200 гаруй монгол цэрэг эрс алба хааж, афганы ард түмэнд туслах үүргээ нэр төртэй биелүүлж байгааг дурдаж, Монгол Улс цаашид цэргийн инженер, хилийн хамгаалалтын мэргэжилтнүүд, гамшгийн үеийн аврах мэргэжилтнүүдийг илгээх, энэ чиглэлээр сургалт явуулах ажлыг гүйцэтгэх замаар цэргийнхээ тоог нэмэгдүүлэх боломжийг судлахаа мэдэгдсэнийг хуралдаанд оролцогч бусад улс болон НҮБ, НАТО-гийн удирдлага талархан хүлээн авав.

Дээд хэмжээний уулзалтаас Афганистан дахь Аюулгүй байдлыг хангах дэмжих олон улсын хүчний ажиллагаа (ISAF)-нд цэрэг илгээгч орнуудын төр, засгийн тэргүүн нарын Тунхаглалыг батлан гаргасан бөгөөд энэхүү тунхаглалд 2011 он гармагц зарим мужийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг афганистаны талд шилжүүлснээр тэндээс гадаадын цэргийг гаргах ажиллагааг эхлүүлэх бөгөөд 2014 оны эцэс гэхэд гаргаж дуусгах заалт орлоо. Энэ нь НҮБ-ын 2001 оны тогтоолын дагуу НАТО-гийн цэргийн удирдлагын дор Афганистанд цэргийн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Афганистаны тусгаар тогтнолын асуудлаар олон улсын тавцан, дайныг эсэргүүцэгчдийн дунд гарч ирсэн маргаан, эсэргүүцэлд тодорхой хариу өгсөн чухал ач холбогдолтой шийдвэр хэмээн ажиглагчид үзэж байна. Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд Афганистан, НАТО-гийн харилцааны талаарх Хамтарсан мэдэгдэлд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Ф.Расмуссен, Афганистаны Ерөнхийлөгч Х.Карзай нар гарын үсэг зурав. Уг баримт бичигт зааснаар НАТО нь 2014 онд Афганистанд олон үндэстний цэргийн үйл ажиллагаа дуусгавар болсны дараа ч аюулгүй байдлыг хангах асуудлаар хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Эх сурвалж:  president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж