Драмын театрын “солиотой” бэлэг

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Драмын театрын “солиотой” бэлэг

Драмын театр энэ удаад үзэгчдэд В.С.Красногоровын “Солиотой” жүжгийг толилууллаа. Уг жүжгийн гол дүрүүдэд жүжигчин Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай, Ц.Баясгалан, Б.Отгонбат, С.Сарантуяа нар тогложээ.Ч.Түвшин найруулагчийн тавилтаар тоглож буй уг жүжиг таван гол дүртэй. Тавуулаа солиотой нөхдүүд. Хоёр эмэгтэй, гурван эрэгтэй.

Жүжиг тус хотынхоо хамгийн алдартай сэтгэл мэдрэлийн эмчийн өрөөнд өрнөдөг. Мөрийтэй тоглоомонд донтоод их хэмжээний мөнгөний өрөнд орсон дүүгийнхээ төлөө банкинд ажилладаг эгч нь хуульч эхнэртэй нь хамтран энэхүү солиотой жүжгийн тавина. Хэргийн эзэн мөрийтэй тоглоомонд донтогч Михаил хэлэлцэж тохирсон ёсоор эмч дээр орон ой санамжаа алддаг өвчтний дүрд тоглоно. Эмч нэрээ ч  санахгүй будилах түүний халааснаас цаасан дээр бичсэн Марина гэх эмэгтэйн утасны дугаарыг олдог. Харин өвчтөн миний эхнэр гэж хэлнэ. Эмч Маринагийн утасны дугаар руу залган өвчтнийг өөрийг нь яриулж, нэрээ мэдэхийг хүсдэг ч Марина утсаа авч, эмчтэй шууд яриулснаар жүжиг өрнөнө. Харилцуурын цаанаас л Марина эмчийн сэтгэлийг эзэмдэнэ. Өвчтний нэрийг мэдсэн ч хэрхэн эмчлэхээ мэдэхгүй будилах эмч дээр ойрхон явж байлаа гэсээр Марина гэнэт орж ирэн эмчийг өөрийг нь таньсангүй, манай нөхөр тань дээр хоёр жил эмчлүүлж байгаа шүү дээ гэж тунирхана. Гэтэл тэдэнд хоёр жилийн турш эмчлүүлж байгаа, ой санамжаа алдах өвчтэй, хэрэг хүлээх чадваргүй гэсэн магадлагаа л хэрэгтэй байлаа. Учрыг нь олох байтугай сэжим ч аваагүй эмч бүүр гайхаж орхино. Дөнгөж саяхан өрөөнд орж ирсэн өвчтөн нь өөрөөр нь хоёр жил үйлчлүүлсэн гэхээр эргэлзэж эхэлдэг. Гэвч эмч Маринагийн гоо үзэсгэлэнд автан түүнд өнөөх магадлагааг хийж өгөхөөр амлаж, оройн хоолонд урьдаг. Марина гоёод ирэхээр гэрийн зүг явна. Гэтэл байдал бүр хурцадна. Гэнэт гаднаас өөрийгөө Михилийн эхнэр гэсээр хуучинсаг үзэлтэй нэгэн хуульч бүсгүй эмчийн өрөөнд орж ирэх ба өнөөх л магадлагааг нэхнэ. Хоёр жил үйлчилчихээд өнөөдөр намайг танихгүй мэт аашлан бичиг баримт нэхлээ хууль журмаар нь явна хэмээн эмчийг жинхэнэ утгаар нь шоконд оруулна. Худал зүйлийг мянгантаа давтвал үнэн болдог гэдэг шиг хүн бүр л “хоёр жил”,  “магадлагаа” гэсээр үгс эмчийг хага солиоруулна. Аль аль бүсгүйг харсан өвчтөн Михаиль хоёуланг нь “миний эхнэр” гэж эмчийг баярлуулан гайхашруулна. Маринаг түүний эхнэр биш гэж баярлах ч энэ бүсгүй Михаилтай ямар холбоотойг нь үл мэдэн гайхширна.

Марина үдшийн зоогт бэлтгэн гангалсаар ирдэг ч бас л түүнийг алмайруулан “миний нөхөр” хэмээн Михаилийг дуудан оруулж ирж үнсэнэ. Хэдхэн цагийн хооронд хөврөн үргэлжлэх эл явдалд хамгийн ихээр цочирдсон хүн бол яах аргагүй сэтгэл мэдрэлийн эмч залуу байлаа. Ээлжлэн түүний өрөөнд орж гаран жүжиглэх эгч дүү, эхнэр, банкны даргын ярианд эмч солиорон эцэст нь ухаан алдан унадаг. Марина дүүгийнхээ эхнэр Жаннаг дуудан энэ бүхэнд хутгалдан шоконд орсон эмчийг өрөвдөж байгаагаа хэлэн банкнаасаа гаргаж өгсөн мөнгөө өөртөө хүлээн дүүгийнхээ өмнөөс хэргийг хүлээе хэмээн учирладаг. Тэгээд эмчийг сэргэхээр болсон бүх явдлыг тайлбарлан хэлж, эмч Маринад хайртайгаа хэлэн туслахаар болдог ч тийм их хэмжээний мөнгө байдаггүй. Яг энэ үед Михаил эмчийг сүрдүүлэн авч явсан мөнгөөрөө мөрийтэй тоглон тэдний хайгаад байсан хоёр сая доллар хожсон гэж баяртай мэдээ дуулгадаг. Тэднийг ийнхүү баярлаж байхад Михиал ирж, хэрхэн мөрийтэй тоглосноо сайрхан ярина. Харамсалтай нь, тэр хоёр саяыг хожоод тоглоомоос гаралгүй дахин тоглон нэмээд хоёр саяыг алдсан тухайгаа хэлснээр бүгд солиорно.

Жүжгийн төгсгөл хүртэл зөвхөн түүний төлөө байсан хүн бүрийн сэтгэлийг Михиал ойлгодоггүй. Сүүлийн үед манайд яригдах болсон мөрийтэй тоглоомын талаар хүмүүст мессеж болон очсон энэхүү жүжиг тэр чигтээ л солиормоор сайхан байсан. Оньсого мэт үйл явдлууд ар араасаа хөврөн үзэгчдийг ч бяцхан солиоролд автуулсан. Драмын театрынхны үзэгчдэд барьсан “Солиотой” бэлэг таалагдсан шүү.

Дашрамд сонирхуулахад энэхүү жүжиг “Гэгээн муза” наадамд нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж