Манай сагсан бөмбөгчид тэмцээнээ дуусгалаа | News.MN

Манай сагсан бөмбөгчид тэмцээнээ дуусгалаа

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Манай сагсан бөмбөгчид тэмцээнээ дуусгалаа

Азийн XVI наадамд Монголын сагсан бөмбөгчид оролцсон ч өчигдөр тэмцээнээ дуусгалаа. Хамгийн эхлээд тэд хэсэгт шалгарахын төлөө Туркменистантай хүч үзэж, 90:85 харьцаатай хожсоноор Азийн наадамд оролцох эрхээ авсан юм. Харин 2006 онд манай тамирчид шалгарч чадалгүй нутаг буцаж байлаа.

Энэ удаад манай тамирчид БНХАУ, БНСУ, БНАСАУ, Узбекистан, Йордан гэсэн таван улстай хамт “С” хэсэгт өрсөлдөх болсон. Хамгийн эхний тоглолтоо зохион байгуулагч орон Хятадын багтай хийж, 91:46 харьцаатай ялагдал хүлээсэн юм.

Гэвч дараагийн тоглолтдоо маш сайн тоглолт үзүүлж, Узбекистаныг 67:65 харьцаатай буулган авч, Монголын сагсан бөмбөгийн түүхэнд тодоор бичигдэн үлдэх хожил байгуулсан юм. Ингэснээр мөн хэсгээс шалгарах боломжтой багуудын нэг болж таарсан. Хэрэв Хойд Солонгос болон Йордан гэсэн дундаж багуудыг хожиж чадвал шилдэг наймд үлдэх боломж гарч ирсэн юм.
Гэвч харамсалтай нь, Йорданд 79:64 харьцаатай, Хойд Солонгосын багт 67:88 харьцаатай тус тус ялагдал хүлээснээр дараагийн шатанд шалгарах бараг боломжгүй болоод байсан ч эцсийн найдвар нь хүчирхэг Өмнөд Солонгосын багийг хожих байлаа.

Өчигдөр орой энэхүү тоглолт явагдсан ч манай шигшээ баг 115:66 харьцаатай хожигдож, Азийн наадмыг орхих нь тодорхой боллоо. Өмнөд Солонгосын багийн эсрэг багийн ахлагч Ш.Сэдбазар, Ц.Шаравжамц, М.Отгонмөнх нар талбайд гараагүй бол хамгийн олон минутыг талбай дээр Г.Ихбаяр, О.Ууганбаяр нар өнгөрүүлсэн.

О.Ууганбаяр 27 оноо, 10 удаагийн самбараас бөмбөг авалт, Г.Ихбаяр 14 оноог авсан юм.

Тоглолтын үеэр энэ хоёр тоглогчийн хийсэн довтолгоонууд ордонд цугласан үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж байсныг дурьдах хэрэгтэй. Тоглолтын дараа Өмнөд Солонгосын багийн дасгалжуулагч манай довтлогч О.Ууганбаярт онцгойлон баяр хүргэж байгаа харагдсан. Эсрэг багийн хамгаалалтыг ганц нэвтэлж байсан тоглогч нь Уугаа учраас тэр.

Ийнхүү манай сагсан бөмбөгийн баг Азийн наадмаас хоёр хожил, дөрвөн хожигдолтойгоор буцах болж байна. Гэхдээ өмнөх тэмцээнүүдтэй харьцуулахад маш том амжилт үзүүлснийг онцолмоор.

Цааш цаашдын тэмцээн, уралдаанд нь амжилт хүсье.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж