Мал эмнэлгийн мэргэжилтнүүд номын дуу сонсно

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Мал эмнэлгийн мэргэжилтнүүд номын дуу сонсно

Сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх 21 хоногийн сургалт өчигдөр эхэлжээ. Энэ удаагийн сургалтад хөдөө орон нутагтаа улсын мал эмнэлгийн нэгжийг ажиллуулж эхлээд байгаа 300 гаруй төлөөлөгч 21 хоног номын дуу сонсох юм.  Хүнс,  хөдөө аж ахуйн талаар гарсан төрийн бодлого шийдвэрийг сумын төвшинд хэрэгжүүлэх,  хувийн мал эмнэлэг, үржлийн анхан шатны нэгжүүдийн сайн үйл ажиллагааг дэмжих, салбарын бодлогын мэдээллээр малчид, бизнес эрхлэгчид, засаг захиргааны байгууллагыг тогтмол хангаж хамтран ажиллах, Малчдад хамтын хөдөлмөрийн давуу талыг ойлгуулан сурталчилж малчдын бүлэг, нөхөрлөл, хоршоо зэрэг аж ахуй, зохион байгуулалтын хэлбэрүүдийг олноор байгуулахад зөвлөгөө өгч, дэмжиж туслах,  малчны хөдөлмөрийг бизнессийн хэв шинжид шилжүүлэн тэдгээрийг орлого, зарлагаа тооцдог, санхүүгийн данс, бүртгэлтэй болгоход нь тусалж зөвлөх, цахим мэдээллийн орчин үеийн хурд хөгжилд нийцэн ажиллах  зэрэг сэдвүүдээр хичээл сургалт болох ажээ.  

УИХ-аас батлагдсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт 21 аймгийн 329 суманд мал эмнэлэг, үржлийн нэгж байгуулах тухай Засгийн газрын 223 дугаар тогтоол гарч сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн ажил, үйлчилгээг зохицуулах, хянах, мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий “Мал эмнэлэг, үржлийн тасаг”-ийг байгуулан ажиллуулж эхлээд байгаа юм. Сумдад байгуулсан энэхүү нэгж, бүтцийг анхнаас нь эхлэн зөв зохион байгуулалтын хэлбэрт оруулж ажиллахыг ХХААЯ-наас чухалчилж байгаа юм байна. Сумдад мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулах арга хэмжээний хүрээнд 329 суманд нийт 658 мэргэжилтэн шинээр авч ажиллуулахаас одоогийн байдлаар 542 мэргэжилтнийг зохих албан тушаалд томилсноос 365-ийг нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагчаар, 177-г нь ажил гүйцэтгэх хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж эхлээд байгаа нь томилгоо хийгдэх нийт мэргэжилтний 65,5 хувь болж байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж