С.Молор-Эрдэнэ гэж хэн бэ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

С.Молор-Эрдэнэ гэж хэн бэ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр найдвартай  “Нохойд барьдаг мод”-той болжээ. Тэр мод нь хаа сайгүй л “С.Батболд гэж нэг юм авгайдаа таалагдах гэж сайд болсон. Үнэхээр юу ч мэдэхгүй мал, У.Хүрэлсүх гэж нэг зүгээр л хутгуур, ийм толгойтой малнуудтай байхад яаж улс орон хөгжих юм. Баруун, зүүнээ мэдэхгүй дуракууд” гэх буюу  “Эд юундаа хувьсгал гэдэг үгнээсээ айгаад ичээд байгаа юм. Би Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай нийлж МАХН байгуулна. Хувьсгал гэдэг ийм сайхан үгийг авч хаяж байгаа нь хойшид ямар ч хувьсгал хийхгүй гэсэн үг. Няцаж байна, тийм үү” гээд ерөөсөө амныхаа зоргоор бурж, нам төрийн тэргүүнүүдийг баруун солгойгүй “гөвдөг” нэг нөхөр бий болжээ. Сүүлийн хэдэн сард Монгол Улсад танигдаад байгаа энэ нөхрийг философич С.Молор-Эрдэнэ гэх. Хамаагүй ярьдаг энэ “мод” маань МУИС-д багшилж байгаад үзэл бодол нийлэхгүй гэсэн шалтгаанаар ажлаасаа халагдсан гэдэг. Үзэл бодол нийлэхгүй ч юу байхав, үнэн хэрэгтээ оюутнуудын дунд өнөөх мундаг доктор профессоруудыг нь муулаад байвал хэн л дуртай байгаа аж.

МУИС-д ад болсон нөхөр мэдлэг боловсролоо дээшлүүлж, баталгаажуулах гэж Германд эрдмийн ажил хийж ирснээс хойш өнөөх зоргоор бурдаг нь бүр хэтрээд, юуны их сургуульд тэнцэх вэ, өнөөх “Сахил хүртээд шал дордов”-ын үлгэр болж арга мухардахдаа Н.Энхбаярын фракцид нэгдчихэв. Түүнээс өөр арга ч үгүй байсан биз. Намдаа жийгдэж бухимдлаа дийлэхгүй байгаа экс Ерөнхийлөгчид энэ бүү хэл “Нохойд барьдаг мод” хэрэгтэй ч байсан биз. Бодоход Н.Энхбаяр “Чи арай өөр сэтгэлгээтэй. Боловсрол өндөртэй нөхөр байна. Тэгэхээр чамайг хэвлэл мэдээллээр од болгоё. Чи харин ярих болгондоо миний нэрийг дурьдаарай” гээд өөрөө чадахгүй байж, боломжийн албан тушаал, алдар нэр амласан ч байх. Ингээд экс Ерөнхийлөгчийн урласан цаасан малгайг лавхан духдуулсан баагий МАН-ын удирдлагуудыг муулж гарсан. Эд нарыг муулахын зэрэгцээ Н.Энхбаяраа магтах үүргээ ер умартсангүй. Сүүлдээ ам нь хэт халсан нөхөр маань “Н.Энхбаяр өдөр шөнөгүй намайг гуйдаг, би ч тус болохоо ер татгалздаггүй. Бид хоёр нийлж байгаад сүйдлээд өгнө харж байгаарай” хэмээн бяцхан өөрийгөө магтаж, занал хийхээ ч мартахгүй.

Тэгэхээр С.Молор-Эрдэнэ өөрийн боловсрол мэдлэг дээр тулгуурлан Н.Энхбаярын сехмээр хаа хамаагүй дайрч давшилж байна. Мэдээж бүх хэвлэл мэдээлэл гуйгаад омогшуулчихаар орцныхон нь хүртэл өөрөөр таниад эхлэнэ биз дээ. Үүндээ урам авсан С.Молор-Эрдэнэ дараа дараа юу бурахаа л мэдэх гэж улайрахаас биш хэнийг дагаад хаа очих гэж яваагаа ч мэдэхгүй. Н.Энхбаярын хувьд юун С.Молор-Эрдэнэ, тэр бүү хэл нөхдийг өмнөөсөө тавьж чаддаг туршлагатай нөхөр. Нөгөө талд мань хүн МАН-ынхантай үзээд байвал эд нар миний өмнөөс хэвлэл мэдээллээр няцаагаад эхлэнэ. Тэр цагт би ингэж хариулна, үүний дараа ч над шиг од байхгүй болно гэж “сэрүүн зүүдэлж” байгаа.

Гэтэл ийм довтолгоог Н.Энхбаяраас суралцсан С.Батболд, У.Хүрэлсүх нар ус балгасан мэт юу ч дуугарахгүй л байна.  МАН-ын удирдлагуудын хувьд ёстой өнөөх “Жингэр нохой хуцаж л байна. Жингийн цуваа явдгаараа явж л байна” гэдэг шиг үл тоож байгаа нь мань эрийг нэлээд бухимдуулаад байгаа сурагтай. Гэсэн хэдий тэр няцсангүй. зурагт асаана, үсчиж л байна. Сонин уншина мөн л ижил. Заавраар хэдий ч мань эрийн арга нь зөв юм. Бас чиг философи талдаа гайгүй нөхөр гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ. Үүний нөгөө талд С.Батболд, У.Хүрэлсүх гэж арчаагүй юмнууд энэ нэг сэгсийсэн юмаар өдрийн хэд зүхүүлж суух ч гэж дээ гэх хүмүүс ч бий. Үнэндээ буруу зүйл хийгээгүй бол бас чиг хариулт өгөөд давхиж мэдэх л нөхөд дөө. Даанч өөрсдөө зөв алхам нэг ч хийхгүй байгаагаа сайтар ойлгож байгаа учраас үл дуугарсан хэрэг. Ерөөсөө эхлэл нь буруу байсан зүйл ахиад хэзээ ч сайн зүйл хийдэггүй нь хууль. Анх 1921 онд  МАН байгуулагдаад тун ч удалгүй гол дүрүүдийг бүгдийг нь хороочихсон. Дараа нь МАХН болоод олон мянган хүнээ буудчихсан. 20 жилийн өмнө Ардчилсан хувьсгал ялснаас хойш өнөөдрийг хүрэхэд ил далд хүний амь бүрлэгсээр байгаа. Ерөөсөө эдний түүх ийм. Өөр юу ярих билээ. Тэгэхээр ийм л намыг толгойлж явсан нөхрийн талд зүтгэж байгаа С.Молор-Эрдэнэ гэж ийм л нөхөр.

 С.Баяр.
Зохиогчийн эрх: “Монголын мэдээ” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж