Боомоор халдварласан өвчтөн хоёр сар эмнэлэгт хэвтэж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Боомоор халдварласан өвчтөн хоёр сар эмнэлэгт хэвтэж байна

Он гарсаар мал амьтнаас хүнд халдварласан халдварт өвчний 66 тохиолдол Халдварт  өвчин судлалын үндэсний төвд бүртгэгджээ. Үүнээс Баян-Өлгий, Завхан аймаг тарваган тахлаар хоёр хүн өвчилсөн бол Сэлэнгэ, Дархан, Өвөрхангай, Дорнод, Ховд, Хэнтий, нийслэл хот, Багануур дүүрэгт нийт 37 хүн боомын халдвараар өвчилжээ. Мөн Архангай, Говь-Алтай, Орхон, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Баянгол дүүрэгт хачигт энцефалитаар зургаан хүн, хачигт риккетсиоз 18 хүн, боррелиозын халдвараар хоёр хүн өвдсөн байна.
Мал амьтнаас хүнд халдварлах өвчнөөс боомоор өвчилсөн хүний тоо хамгийн их байгаа нь энэ онд боомын тархалт өндөр байгаатай холбоотой гэнэ. Сүүлийн таван жилд дунджаар 19 хүн энэ өвчний халдвар авсан бол он гарсаар 30 гаруй хүн өвчлөөд байна. Өнгөрсөн сард халдвар авсан хүний нэг нь сэхээн амьдруулах тасагт эмчлүүлэх хэмжээнд хүртлээ хүндэрсэн. Өнөөдрийн байдлаар уг өвчнөөр халдварласан дөрвөн хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж, биеийн байдал нь дээрдсэн ч тэд хоёр сар гаруй эмнэлэгт хэвтэж байгаа аж. Гэтэл малаас хүнд халдварладаг энэ өвчин шүлхийн сүрд дарагдаад, боомын нянтай малын мах, боомын голомт зэрэг нь хяналтаас гадуур байсаар. Учир нь улсын хэмжээнд 24 мянга гаруй мал шүлхийгээр өвчлөөд мэргэжлийн байгууллагууд өвчтэй малыг устгаж, эрүүл малыг вакцинжуулах ажил эхлүүлээд удаж байна.
Өнгөрсөн сард сая хол давсан хүн амтай нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгэн хүнсний дэлгүүрээс боомын нян илэрч худалдагч нь өвчилсөн. Уг өвчтөн хоёр хоногийн турш халуурсан ч ажлаа хийсээр л байсан гэдэг. Тэрээр ХӨСҮТ-д хэвтэж эмчлүүлэх хүртлээ хэчнээн хүний дунд, хэдэн автобус унаанд сууж, эмнэлэг үйлчилгээний газруудаар явсныг мэргэжлийн байгууллагынхан тодруулж, ариутгал халдваргүйтгэлийг хийсэн гэж мэдэгдсэн ч бүрэн төгс хамгаалалт болсон эсэх нь эргэлзээтэй.  
Гэтэл энэ сарын 7-нд Багануур дүүргийн I хороонд оршин суудаг 34 настай, эмэгтэй Т боомоор өвчилж харъяа дүүргийн эмнэлэгт хэвтжээ. Өвчтөн Т нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын цайны газарт тогооч хийдэг аж. Түүний захаас худалдаж авсан мах нь боомын нянтай байснаас гадна тус аймгийн олон суманд шүлхий, боомын голомт байгааг эх сурвалж  мэдээлсэн юм. Энэ нь мал эрүүлжүүлэх бодлого, вакцинжуулалт хангалттай төгс хийгдэхгүй байгаатай холбоотой гэнэ.
Тэгвэл хэдхэн өдрийн өмнө мөн дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн, харуулын ажилтай 56 настай, эрэгтэй Б-д халдварт боом өвчний сэжиг илэрч, шинжлүүлэхэд уг өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогджээ. Тэрээр малчин биш, аргал түүж яваад гараа эсгэн халдвар авсан гэх. Мэргэжлийн байгууллагууд боом шүлхийгээр халдварласан малын сэгийг устгахдаа газарт булдаг. Гэтэл уул уурхай, хөрсний бохирдол, хуурайшилтаас үүдэлтэй халдварт өвчин дэгдэж байгааг үгүйсгэхгүй.
Нэрийг нь дуулснаас хэтрээгүй боом гэгч ямар өвчин бэ? Боомын нян нь голдуу халдварласан мал өвчих, ноослох үед, мөн  амьсгалын замаар болон дутуу боловсруулсан мах, сүүгээр дамжин хүнд халдварладаг байна. Боомын савханцар гадаад орчин болон хими, физикийн нөлөөнд тэсвэртэй, хөрсөнд хэдэн арван жилээр амьдрах чадвартай. Хөрсөн дор “нуугдаж” байсан тэрхүү нян газар ухах, мал хөрвөөх үед хүн, малын биед орон хэлбэрээ өөрчлөн ургаж эхэлдэг аж. Малын өтгө бууцанд удаан хадгалагдаж, гадаад орчны нөлөө болон халдваргүйжүүлэлтийн бодисуудад маш тэсвэртэй болдог гэнэ. Халдвар дамжих хэд хэдэн зам бий ч арьсны хэлбэр нь манайд хамгийн түгээмэл. Арьсны хэлбэрээс үжил болон хүндэрдэг ба үүнээс болж уушгины хавангаар амиа алдах хөнөөлтэйг мэргэжлийн хүн анхааруулж байв.
Боомоор хүн өвчилж байгаа нь өвчтэй мал, махыг хүнсэнд хэрэглэсэнээс үүдэлтэй. Энэ талаар Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Дамдиндоржоос тодруулахад “Малчид боомоор халдварласан малын махыг зах зээлд нийлүүлснээс  хүн өвчлөх шалтгаан болж байна.

Н.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж