Чимээгүй хот хаяагаа тэлсээр л байх уу?

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Чимээгүй хот хаяагаа тэлсээр л байх уу?

.Энэ оны эхний зургаан сарын байдлаар нийслэл хотод албан ёсны зөвшөөрөлтэй  оршуулгын газар 10 га талбайгаар нэмэгд­сэн гэх судалгаа гар­чээ. Шарил дунд үр хүүхэд нь тоглож, зах замбараагүй хаяагаа тэлэх оршуулгын газрын ту­хай сэдэв “улиг” болоод удаж. Бүр албан ёсны зөв­шөөрөлгүй газар ил задгай оршуулсан, хэнийх болох нь мэдэгдэхээ больсон, ухаж төнхсөн, хашааны гаднах шарилыг чандарлаж, оршуулгын газ­рыг цэцэрлэгт хүрээлэн бол­гохоор зэхэж байгаа, хотынхон. Саяхан буюу энэ сарын 18-нд “Оршуулсан шарилыг чандарлах, шилжүүлэхэд мөрдөгдөх журам”-ыг Иргэдийн тө­лөө­лөгчдийн хурлын тэр­­гүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталжээ. Үүний­гээ оршуулгын газ­рыг цэгцлэх томоохон ажлын эхлэл хэмээн тайлбарлаж буй.
Үнэхээр ч тэдний баталсан журам гарт баригдаж, нүдэнд харагдах бодит ажил болох учиртай. Гэхдээ нэг л өдөр Далан давхар, Өлзийт хороолол, Алтан-Өлгий, Нарангийн энгэрийн оршуулгын цэгийг нэг бүрчлэн цэцэрлэгт хүрээлэн болгоно гэвэл бас үгүй  аж. Дээрх баталсан журам цөөн  хэдэн тохиолдолд л мөрдөгдөх юм байна. Тухайлбал,  зөвшөөрөлгүй газар оршуулсан юм уу, ил задгай тавьсан, цөмөрсөн болон талийгаачийн ар гэрийнхэн нүүлгэн шилжүүлж, чандарлахыг зөвшөөрсөн зэрэг тохиолдолд иргэдийн хурлаар баталсан журам хэрэгжих гэнэ.
Цаашид шат дараатай  төлөвлөгөө боловс­руулж, хөрөнгө мөнгө зарцуулан улсын  хэмжээнд албан ёсны зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар уг ажлыг хийлгэхээр тооцоолжээ. Гэвч өнгөрсөн таван жилийн хугацаанд “Улаанбаатар буян” компани ердөө 30-хан шарилыг л ар гэрийнх нь зөвшөөрөлтэй чандарласан гэхээр яст мэлхийн хурдаар явж байгаа нь ойлгомжтой. Албан ёсны зөвшөөрөлтэй гэгдэх Нарангийн энгэр, Алтан Өлгийн оршуулгын газарт л гэхэд 1000 гаруй га талбайг талийгаачдын шарил эзэлжээ. Түүнчлэн талийгаачийг чандарлах нь далд оршуулсгаас олон талаар ач холбогдолтой гэж албаныхан онцолдог. Жишээ нь,  нэг шарилыг долоон ам метр талбайд оршуулах стандарт байдаг ч ихэнх тохиолдолд 10-12 ам метр талбайд  далд шарилыг байрлуулдаг аж. Гэтэл 16 ам метр талбайд 2000 хүний чандар хадгалах багтаамжтай суварга босгох нь газар нутаг, орчны бохирдол, хадгалалтаас эхлээд давуу чанар олон байх нь ойлгомжтой. Мөн оршуулгын ажил зохион байгуулдаг мэргэжлийн байгууллагууд далд оршуулгын зардлыг 1-1.2 сая төгрөгт тооцдог бол чандарыг 800 мянган төгрөгөөр гүйцэтгэх жишиг хүртэл тогтжээ. Өнгөрөгсдийнхөө шарил дунд амьдарч, арга ядаж буй оршин суугчид Монгол Улсаас өөр газар бий гэж үү. Өнөөдрийн байдлаар оршуулгын газартай хаяа  нийлэн амьдардаг айл өрхийн тоо 25 мянгад хүрчээ. Тэгэхээр гэрлийн хурдаар тэлэх чимээгүй хотын хүрээг хумих “шилдэг” арга нь чандарлах болж таарлаа. Гэвч ард түмний сэтгэхүй өөрчлөгдөж, өөрсдөө талийгаачийн шарилыг чандарлах  хүсэлтээ гаргадаг болтол, Далан давхар, Өлзийт хорооллын оршуулгын газар цэцэрлэгт хүрээлэнгээр солигдоход  нэлээд хэдэн жил хэрэгтэй биз ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж