Эрчүүдтэй бодлогоор зэрэгцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Эрчүүдтэй бодлогоор зэрэгцэнэ

Монгол Улсаа хүмүүнлэг, энэрэнгүй, хууль хэрэгждэг орон болгоход эмэгтэйчүүдийн нөлөө, оролцоог нэмэгдүүлэх нь сэдвээр парламентад суудалтай Ардчилсан нам, МАН, ИЗН, Ногоон намын эмэгтэйчүүдийн төлөөлөл, сэтгүүлчдийн хамтарсан уулзалт семинар боллоо.

Уг арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. Улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг чадавхжуулах, сонгуулийн тогтолцоо, Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэх, намуудын дотоод үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн нөлөөг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоо хөгжлийн бүх салбарт шаардлагатай гэдгийг хууль тогтоогч, иргэдэд ойлгуулах зэрэг чиглэлээр УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Оюунхорол, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны дэд дарга Б.Долгор, Нийгмийн ардчилал-эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Алтай, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл, Глоб интернэшнл ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал нар үг хэлсэн юм.

Энэ үеэр эмэгтэйчүүд зөвхөн жендэр, квот ярих биш бүх салбарт эрчүүдтэй эн тэнцүү бодлого ярьж нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэлээ. Мөн унтаа байдалд ороод байгаа Сонгуулийн хууль, Жендэрийн тэгш байдлын тухай хуулийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэх талаар санал солилцов.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж