Монголын ЗГ дахиад л Олон улсын шүүхэд

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Монголын ЗГ дахиад л Олон улсын шүүхэд

Цаана чинь Монгол Улсын Засгийн газрыг бас л Олон улсын шүүхэд дуудахаар болж байх шиг байна. Арбитрын шүүх дээр "Алтан Дорнод"-д ялагдал сонсч баахан өр төлбөрийн асуудал нэхэгдээд байхад араас нь "Голд­ман сакс Интернэшил Лимитед" компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгсөн тухай мэдээлэл авлаа. Тус компанийн зүгээс аравдугаар сарын 28-ны өдөр манай таван газрын нэр дээр албан захидал ирүүлсэн байх юм. Хаана, ямар хүмүүсийн нэр дээр болохыг нь тодрууллаа. Монгол Улсын Ерөн­хийлөгч, Монгол Улсын Их хурлын дарга, Ерөнхий сайдад, ХЗДХ-ийн сайд, ЭБЭХ-ний сайдад, ЗГХЭГ-ын дарга Монгол Улсын сайд гэсэн таван эрхмийн нэр дээр нэгэн албан захидал хаяглагджээ. Захид­лыг "Голдман сакс"-ын хууль зүйн зөвлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч болох "Allen Overy" компаниас ирүүлсэн байна. Захидлын товч агуулга нь "Олон овоотын алтны ордтой холбоотой асуудлыг Мон­гол Улсын Засгийн газар тус ком­панитай гэрээ хэлцэл байгуулж хамтран ажиллах, энэ талаар да­руй шийдвэр гаргахгүй тохиолдолд Монголын Засгийн газрыг Олон улсын шүүхэд дуудна" гэжээ. Захид­лын хариу ирүүлэх хугацааг бас заасан бололтой. Өнөөдөр арваннэгдүгээр сарын 22-ны өдөр. Захидалд заасан хугацаа дууссан байж болзошгүй нь. Сураг нь манай талаас ямар ч хариу явуу­лаагүй бололтой. Ер нь манайхан болохоор "Голдман сакс"-ыг Мон­гол Улсын Засгийн газрыг Олон улсын шүүхэд нэгэнт өгчихсөн хойноо ёсыг бодож энэ тухайгаа захидлаар мэдэгдлээ гэж үзсэн бололтой. Тэрнээс өөрөөр асан бол юунд дээрх таван эрхэмд нэгэн зэрэг албан захидал зэрэг ирүүлэх билээ.

Уншигчид санаж байгаа байх. "Монгол газар" компани эзэмшиж байсан "Олон Овоот" гэж алтны ордын лицензээ "Голдман сакс" гэж гадны компанид шилжүүлсэн байсныг Монгол Улсын Засгийн газар хүчингүй болгож "Олон овоот гоулд" нэртэй шинэ компанид шилжүүлсэн билээ. Гэтэл энэхүү шилжүүлж өгсөн шинэ компанид нь тус ордын хуучин эзэмшигч өнөөх "Монгол газар"-ын захирал Ц.Мян­ган­баяр нь хувь нийлүүлчихсэн байдаг ч гэх шиг хөл толгой нь мэдэгдэхгүй будлиан энэхүү ордын эргэн тойронд өрнөөд байгаа юм. Томоохон улстөрчдийн орол­цоо­той, нэрс нь дуулдаж байдаг энэхүү "Олон Овоот"-ын лицензийг эзэм­шигч асан "Голдман сакс"-ынхан ямартай ч өөрсдийгөө хохирсон, луйвардуулсан гэж үзжээ. Тэднийг хохироосон тал нь Монгол Улсын Засгийн газар юм байна.

Ийнхүү манай Засгийн газар ард түмний мэдэхээр лавтай гадны хөрөнгө оруулагчдыг луйвардсан, зальдсан хэргээр гурав дахь удаа­гаа Олон улсын шүүхэд дуудагдах нь бололтой. Харамсмаар л байна. Учир нь бөөн зардал чирэгдэл төсвийн хөрөнгөөс буюу татвар төлөгчдийн халааснаас гардаг байхгүй юу. Тухайлбал Марубени­гийн асуудлаар Олон улсын шүүхэд дуудагдаж баахан юм болохдоо өмгөөлөгчийн зардлаас эхлээд нааш цааш явсан… гэх олон зард­лыг нь тооцоход хоёр сая ам.дол­лар төсвөөс гараад явчихсан байдаг юм. Дор хаяж 20 томоохон сумын жилийн төсөв шүү дээ. Хувийн нэгэн компани гаднаас зээл авсан, түүнд нь Монголын Засгийн газар баталгаа гаргаж өгснийхөө төлөөсөнд ингэж шатсан байх жишээтэй. Ийм мөнгө зарж зар­галдсан гээд өнөөдрийг хүртэл Марубенигийн хэрэг шийдэгдсэн гэх тоймтой мэдээлэлгүй байдаг юм. Сүүлд гэхэд "Алтан Дорнод" компани манай Засгийн газрыг татвараар дарамталлаа хэмээн Олон улсын шүүхэд буюу Лондонгийн арбитрын шүүхэд өгч заргаа аваад байгаа. Манайхан эхний байдлаар ялагдчихсан (эх­ний байдлаар гэж л хэлье дээ. Эргүүлээд үзэж тарах л юм ярьц­гаагаад байгаа болохоор нь) бай­гаа. Заргалдаж хичнээн төгрөгийн зардал гаргасан нь өнөөдөртөө тодорхойгүй байна. Мэдээж үүнийг Засгийн газар нууж байгаа. Хэзээ нэгэн цагт илрэх нь тодорхой. Тэр үед Марубенид зарцуулсан хоёр сая ам.доллараас хэтэрчихээгүй байгаасай.

Одоо манай Засгийн газар Таван толгой энэ тэр гээд гадны хөрөнгө оруулалттай холбоотой том асуудлыг ид ярьцгааж байна. Үүнийгээ ярихын өмнө дээрх асууд­луудынхаа ард гараач. Бас нэг хөрөнгө оруулагч орж ирдэг хэсэг хугацааны дараа манай Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгдөг. Ийм л жишиг тогтоод эхэлчихлээ шүү дээ. "Голдман Сакс Интер­нэшил Лимитед" гэж энэ компани Монгол Улсын Засгийн газрыг одоо яаж зовоохыг мэдэхгүй. Олон ул­сын шүүхэд байнга дуудагдаастай. Баахан хүмүүс тийшээ яваастай. Явах тоолонд нь нэг сумын төсөв болох хэмжээний мөнгө үрэгдээс­тэй. Ийм дампуу байдал цааш үргэлжлээд л байх юм уу. Нэг зүйлийг манай улстөрчид бодмоор байгаа юм. Өндөр хөгжсөн орнууд буюу ялангуяа тэр Олон улсын шүүх хурал болоод байгаа Лондон мэт газруудад хувийн өмчийг хамгийн эхэнд дээдэлдэг шүү дээ. Хувийн өмчтэй заргалдсан Засгийн газар ялж байсан түүх тун ховор доо. Тэгж хувь хүнийг, хувийн өмчийг дээ­дэлдэг газруудад тэрхүү Олон улсын шүүх ажиллагаа чинь явагд­даг юм. Тэрнээс Орос, манай хоёрт Олон улсын шүүх хурал болбол манай нөхдүүд мэдээж яах гэж үзнэ л дээ. Тэгэхийг чинь мэдэх боло­хоор цаад "гар"-ууд чинь баруунд гарчихаад манай Засгийн газрыг баалаад байна шүү дээ.

Эх  сурвалж: Өдрийн сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж