Зидан “Реал”-даа эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Зидан “Реал”-даа эргэн ирлээ

Францын шилдэг хөлбөмбөгч Зинедин Зидан “Реал Мадрид” багийн эзэн Флорентино Перезтэй тохиролцсоны дагуу хуучин багтаа эргэн иржээ. Гэхдээ энэ удаад тоглогчийн хувиар бус арын албанд зүтгэх аж.

Францын домог маань Жозе Моуриньогийн дасгалжуулагчдын багт ажиллахгүй. Гэхдээ тэр Португаль мэргэжилтний өдөр тутмын ажлыг багийн ерөнхийлөгчид мэдээлэх аж. Тэгэхээр тэр багийн ерөнхийлөгч, багийн тоглогчдыг холбодог төлөөлөгч болж байна. Зиданы аялал лхагва гаригт Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод “Аякс”-ын эсрэг хийх тоглолтоор эхлэх ажээ.

Зидан өөрийн шинэ ажилдаа сэтгэл хангалуун байгаа гэнэ. Тэрбээр “Шинэ ажлаа би сэтгэл хангалуун хийнэ. Багийн ерөнхийлөгч болоод бүрэлдэхүүнийг хооронд нь холбож, багийн ирээдүйг хамт бүтээлцэх болсондоо баяртай байна” хэмээжээ.

“Онцгой нэгэн” хочит Моуриньо ч Зиданыг багтаа ирсэнд баяртай байгаа гэнэ. Учир нь Зидан тоглогчидтой их ойр байдаг болохоор багийн ерөнхийлөгчтэй холбогдох ажил нь илүү амар, үр дүнтэй байна гэж үзэж байгаа аж.

Зиданы хувьд нийслэл хотын багт таван жил хүчин зүтгэсэн. Мөн тэрбээр 1998 оны дэлхий аварга, 2000 оны Европын аварга тоглогч юм. “Реал Мадрид”-д хүчин зүтгэж байхдаа “Байер Леверкузен”-ий эсрэг Аваргуудын лигийн шигшээ тоглолтод оруулсан түүний гоол “Реал”-ыг тус тэмцээнд ес дэхээ түрүүлэх боломж олгосон юм. Энэ явдал өдгөөгөөс найман жилийн өмнө болж байжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж