“Барса”-гийн ээлжит бөмбөгдөлт

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

“Барса”-гийн ээлжит бөмбөгдөлт

Испанийн Ла лагийн 12 дугаар тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдлаа. Энэ тойрогт Каталончууд “Альмерия” клубын Медитерранео цэнгэлдэхэд зочилж, гоолын бороо оруулжээ.

Эхний үед нийт таван гоол оруулсан “Барса” дараагийн 45 минутад т ч дайралтаа үргэлжлүүлсээр “Альмерия”-г талбай дээр нь 8:0 харьцаатай бут ниргэжээ. Ойлгомжтой болсон тус тоглолтод Месси сэлгээнд суулгүй үндсэн цаг өндөрлөтөл талбайд байсан бөгөөд энэ хугацааг хангалттай сайн ашиглан хет-трик хийж, хоёр гоолын дамжуулалт өгсөн байна.

Харин шүүрэн шанага болсон талбайн эздийн хаалгач Диего Алвеш багийнхаа хамгийн муу тоглолтын түүхийн нэг хэсэг нь болж, хөгжөөн дэмжигчдээ гонсойлголоо. Ла лигт айлын талбай дээрээс 8:0 гэсэн үр дүнтэй ялалтыг Барселоны баг хагас зуун жилийн өмнө байгуулж байсан юм. 

1959 онд “Лас Палмас” клубыг талбай дээр нь 8:0 хожиж байсан “Барса” энэ удаад амжилтаа ахиулж чадалгүй дээрх харьцааг давтсан байна.

Аргентин залууг хет-трик хийж, лигтээ 13 гоолтой болж байх энэ зуур түүнтэй мэргэн буучдын жагсаалтанд жинхэнэ өрсөлдөөнийг үзүүлж байгаа Португалийн Криштиан Роналду тэргүүлээ эргүүлэн авч “Атлетик Билбао”-гийн эсрэг тоглолтонд мөн хет-трик хийж, баг нь 5:1 харьцаатай 12 дугаар тойрогт итгэл төгс ялалт байгуулсан юм.

Улмаар хүснэгтийн тэргүүн эгнээнд бичигдэж байгаа эзэн хааны баг байраа  хадгалж, Роналду 15 гоолтой болсноор мэргэн буучдыг тэргүүлсэн хэвээр үлджээ.

Яг долоо хоногийн дараа буюу энэ сарын 29-ний өдөр Испанийн төдийгүй дэлхийн сонгодог тулаан гэгддэг Эль Класико “Барселона” клубын Кэмп Ноу цэнгэлдэхэд болно. Уг нь энэ ням гаригт болох байсан ч 213 дахь удаагийн (Ла лигт 161) Эль Класико Каталончуудын сонгуультай холбогдуулан нэг хоног хойшлогдсон байна. Сүүлийн дөрвөн тоглолтод дараалан ялагдсан “Реал Мадрид” энэ удаа “Онцгой нэгэн”-ээр удирдуулан “Барса”-гийн талбайд зочилно. Моуриньо хамгийн сүүлд Кэмп Ноуд 1:0-ээр хожигдсон ч энэ цэнгэлдэхээс баярын нулимстай гарч одон “Интер Милан”-ы хамтаар “Барселона”-г Аваргуудын лигээс мулталсан билээ.       

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж