Англичуудад “Уимбльдон” саад болж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Англичуудад “Уимбльдон” саад болж байна

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 2018 оны тэмцээнийг зохион байгуулах хүсэлтэй байгаа англичуудын хүсэл талаар болж магадгүй болоод байна. Учир нь FIFA-гийн техникийн үнэлгээний хорооноос тус тэмцээн нь уламжлал болгон зохиогддог талбайн теннисний Уимбльдон тэмцээнтэй давхцаж байгаа нь гол асуудал болж буй тухай мэдэгджээ. “Их дуулга”-ын цуврал Уимбльдон тэмцээн зургаагаас долдугаар сар хүртэл үргэлжилдэг билээ.

FIFA-гаас хийсэн мэдэгдэлд “FIFA-гийн дүрмийн дагуу тэмцээнийг зохион байгуулах хот нь тэмцээн зохиох хугацаандаа өөр спортын арга хэмжээг давхар зохион байгуулахгүй байх ёстой. Уимбльдон хуваарь ёсоор зургадугаар сарын сүүлээс долдугаар сарын эхэн хүртэл болно. Гэтэл тэр үед дэлхий дахины дийлэнх хувь нь хөлбөмбөгт анхаарах учраас Лондон хот тус тэмцээнийг зохиоход саад учрах болно” гэсэн байна.

“FIFA-2018” тэмцээний зохион байгуулах тов одоогоор тодроогүй ч Лондон зуны хоёр сард дэлхийн аваргыг хүлээн авах боломжгүй гэнэ.

Уимбльдон нь 1877 оноос эхтэй дэлхийн хамгийн анхны талбайн теннисний цуврал тэмцээн билээ.

Англи улсын хувьд дэлхийн аваргын эрхийн төлөө ОХУ, Испани-Португаль болон Нидерьланд-Бельги гэсэн хослолуудтай өрсөлдөж байгаа. FIFA-гийн үнэлгээгээр Англи тоглолт зохион байгуулах цэнгэлдэх, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулж байсан туршлага, харилцаа холбоо, дэд бүтэц сайтай гэсэн гол шалгууруудад хангалттай үнэлгээтэй байсан ч Уимбльдон тэдэнд саад болж байна.

Гэхдээ 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг FIFA арванхоёрдугаар сарын 2-нд Швейцарийн Цюрих хотноо болох хурлаараа эцэслэн шийдвэрлэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж