Шатахуун түгээх станцад гагнуур хийж байжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Шатахуун түгээх станцад гагнуур хийж байжээ

Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр 15:36 цагийн үед Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Петро Стар” ХХК-ийн 18 дугаар шатахуун түгээх станцад гагнуур хийж байна гэсэн мэдээлэл иргэдээс иржээ. Мэдээллийн дагуу шалгахад “Юнигаз” ХХК-ийн хийн түгээх байрыг барьж буй гүйцэтгэгч “Мон торх” ХХК-ийн ажилчид  зөвшөөрөлгүй гагнуурын ажил хийж байсныг зогсоож хуулийн дагуу холбогдох арга хэмжээг  авсан аж.

Сүүлийн үед нийслэл хотод байрлах шатахуун түгээх станцуудын галын аюулгүй  байдалтай холбоотой хэрэг  цөөнгүй гарч байгаа талаар холбогдох албаныхан хэлж байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт 20 цагийн үед Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Магнай трейд” ХХК-ийн наймдугаар шатахуун түгээх станцад автомашинаас бензин асгарсан байна гэсэн мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад 10 тонны багтаамжтай шатахуун тээвэрлэх зориулалтын автомашины холбох хоолойны хомут мултарч 900 гаруй литр  АИ-92 бензин асгарсан байсан аж. Тиймээс ШТС-ын ажилтан, албан хаагчид, инженер техникийн хэлтэс, борлуулалтын алба, хамгаалалтын албыг хүч нэмэгдүүлэн ажиллуулж элс асгуулж, аюулгүй болгосон байна.

Мөн өнгөрсөн сарын 11-нд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо буюу 22-ын товчооны урд байрлах “Эм Жи Ойл” ХХК-ийн 1000 м3  багтаамжтай резервуар /шатахуун агуулах сав/ шатаж,  Аврах гал унтраах 26 дугаар ангийн салаа,  нэмэлт дуудлагаар Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг, Аврах гал унтраах 14 болон 18, 30 дугаар ангийн тасгууд тус тус гарч ажиллаж байв. Иймд бензин, газ, түлш зэрэг тэсрэх, дэлбэрэх бодистой харьцдаг аж ахуйн  нэгж байгууллагууд галын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. 
 

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж