Роботууд мэс засал хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Роботууд мэс засал хийнэ

Роботын мэс засал 2012 оны эхээр Орос улсад хөгжиж, тус улсын анагаах ухааны хүрээлэнгүүдэд төмөр хүмүүс мэс засал удирдан явуулах боломж тун ойр байгаа аж.

Канад мэргэжилтнүүд энэ төрлийн технологи ашиглан 10 дугаар сарын сүүлээр роботод суурилсан мэс засал хийсэн билээ. Энэ нь хүний оролцоогүйгээр явуулсан анхны мэс засал болсон байна. Робот технологийн хөрөнгө оруулалт одоогоор ихээхэн өндөр түвшинд байгаа бөгөөд роботуудыг автомашин угсрах, дурангийн хагалгаа зэрэгт ашиглаж байгаагаас гадна бохирын хоолой цэвэрлэх, тэсрэх бөмбөг салгах ажилд мөн оролцуулж байгаа билээ. Анагаах ухааны салбар нь робот технологийн цаашдын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах гол салбарын нэг болж байгаа. Америкийн Да Винчи мэс заслын систем бүхий төхөөрөмж анагаах ухааны салбарт ихээхэн нэр хүндтэй бөгөөд орчин үеийн энэ технологи нь мэс заслын үед халдвар авах эрсдэлийг бууруулаад зогсохгүй мэс заслын үр дүнд ч сайнаар нөлөөлдөг байна.

Да Винчи систем бүхий роботын зах зээлийн үнэ 2,5 сая доллар аж. Түүнчлэн техникийн үйлчилгээнд жилд 150-200 мянган евро шаарддаг байна. Мэс засал хийдэг роботын гарыг 10-аас олон удаа ашигладаггүй учир нэг иж бүрдэл төхөөрөмжинд 10 мянган евро зарцуулдаг юм. Одоогоор Орост Да Винчи төрлийн зургаан робот байгаа аж. 2012 он гэхэд уг роботын тоног төхөөрөмж нийлүүлэгч « Intuitive Surgical» компани монополь байдлаа алдан анагаах ухааны салбарт ихээхэн боломж бий болно гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа юм. Харин Орос улсад энэ төхөөрөмжийг үйлдвэрлэх боломж тун бүрхэг байгаа бөгөөд тус улсын роботын технологийг гадаадын улсуудтай харьцуулахад хөгжил нь харьцангуй хойно байгаа аж.

Оросын мэс засал нь гарын авьяасандаа итгэдэг гэдгээрээ мэргэжилтнүүдэд танил болсон бөгөөд роботын технологийн одоогийн хөгжил Оросын мэс заслын нэр хүндийг дээш өргөж болох юм. 10 дугаар сарын сүүлээр канад мэргэжилтнүүд роботын технологийг бүрэн ашигласан хамгийн анхны мэс засал хийжээ. Канадын МакЖилл их сургуулийн мэргэжилтнүүд МакСлипи нэртэй роботыг Да Винчи мэс заслын системийн хамт ашиглан түрүү булчирхайн үрэвсэлтэй өвчтөнд мэс засал хийсэн байна.

Үүнээс гадна Да Винчи робот өөр олон авьяас чадвараа харуулжээ. Италид алсаас удирдлагатай Писа роботоор I хэлбэрийн чихрийн шижингээр олон жил шаналсан эмэгтэй өвчтөнд нойр булчирхайн булчирхай шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. Энэ мэс засал ямар нэг хүндрэлгүй амжилттай болсон байна. Орчин үеийн шинэ дэвшилтэт технологи мөн зүрх судасны робот мэс заслын салбарт шинэ нээлт хийнэ гэдгээ мэдэгджээ. Энэхүү мэс заслыг хийхэд гурван хэмжээст /3D/ технологи ашиглан зүрхний цохилтын зургийг авах аж.

С.Отгонбаяр
www.inet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж