Ширэн бээлийтнүүдийн ялагдал үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Ширэн бээлийтнүүдийн ялагдал үргэлжилсээр

“Гуанжоу-2010” Азийн XVI спортын их наадмын боксын тэмцээн долоо дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай ширэн бээлийтнүүдээс эмэгтэйчүүдийн 69-75 кг-ын жингийн ангилалд Э.Ундрам 16.00 цагаас анхны тулаанаа Киргизстаны тамирчин Гулзат Мусабаеватай хийх бол 20.00 цагаас эрэгтэйчүүдийн 64 кг-д Б.Түвшинбат шөвгийн наймд Энэтхэгийн Кумар Сантош Виротутай тулалдах юм. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 69 кг-д Ж.Отгонжаргал Филиппиний Уилфредр Лопезтай тулалдана. Тулаан 21.30 цагаас эхлэх юм.

Өчигдөр манай тамирчдаас М.Нандинцэцэг, О.Сувд-Эрдэнэ, Д.Отгондалай нар Азийн наадмын рингэнд гарч тулалдсан боловч бүгд ялагдсанаар рингнээс буусан. Эмэгтэйчүүдийн 48-51 кг-ын жинд өрсөлдсөн М.Нандинцэцэг Японы тамирчин Аяа Шинмотод 8:4 харьцаатай ялагдсан бол эмэгтэйчүүдийн 57-60 кг-ын ангилалд О.Сувд-Эрдэнэ 8:2-оор Энэтхэгийн Преети Бенивалд ялагдсан байна. Харин Д.Отгондалайн хувьд “Доха-2006” Азийн наадмын алтан медальт, БНХАУ-ын Ху Чинтэй тоглож, 6:2 харьцаагаар ялагджээ.

Ийнхүү Азийн наадмын боксын тэмцээний зургаан өдрийн дараах байдлаар манай 11 тамирчин Гуанжоугийн рингэнд гарч тулалдсанаас ес нь ялагдаад байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж