Нэг бух нэмж өвчилснийг устгалаа

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Нэг бух нэмж өвчилснийг устгалаа

Аймгаас ирүүлсэн тусламжийн будаа гурил саахар зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг шүлхий өвчний голомт болон сэжигтэй бүсэд байгаа 46 айл өрхөд тараах хуваарь маршрутын дагуу Баянмөнх сумын Засаг дарга, хүн эмнэлгийн их эмч, аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг малчин айл өрхүүдэд аймгийн Засаг даргын захидлын хамт гардуулан өгч, хүн эмнэлгийн үзлэг хийлээ. Баянмөнх сумын хойно Хэрлэн гол дээр сумын хэсгийн төлөөлөгч, аймгийн ОБГ-ын албан хаагч, 2-р багийн Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна. Аймгийн мал эмнэлгийн албаны ариутгалын 2 авто дук машинаар голомт болон сэжигтэй бүсийн 54 айл өрхийн 56 хашаа саравч, 12 худаг, уст цэг, устгалын 3 цэг бүхий 58400 м2 талбайд заавар журмын дагуу ариутгал халдваргүйтгэл хийлээ.

Хэнтий аймгийн Дархан сумын нутагт байгаа Дорноговь аймгийн Иххэт сумын малчин С.Баатарцогтын хүрэн халзан бух шүлхий өвчнөөр өвчилсөн болох нь малын эмчийн үзлэгээр тогтоогдсон тул ажлын хэсэг энэ сарын 17-ны өдөр устгаж ариутгал халдваргүйтгэл хийлээ. Өнөөдрийн байдлаар зээрийн тандалтанд 80 кг, постонд 540 кг, айл өрх, устгалын цэг, худаг, уст цэгийн ариутгалд нийт 1788 кг хлорын шохой зарцууллаа. Шүлхий өвчний голомтыг цомхтгон дарах арга хэмжээний шатах тослох материалд 4,3 сая, хоол хүнсэнд 3,1 сая гэх мэтээр нийтдээ 8,8 сая төгрөгийн зардал гараад байгааг Хэнтий аймгийн Баянмөнх, Дархан суманд томилогдсон хээрийн штабаас энэ сарын 19-ны өдөр мэдээллээ.  Эдгээр сумдаас бусад аймаг хотод суралцаж байгаа нийт 196 хүүхдийг хоёр цэгт  төвлөрүүлэн унаагаар татан авч ариутгал хийн, Бор-Өндөр хотоос ирсэн хоёр автобусаар хүргэх ажлыг зохион байгуулж байна.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж