Ж.Грантам: АНУ Хятадтай адил бодлого явуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Ж.Грантам: АНУ Хятадтай адил бодлого явуулж байна

“Grantham” хөрөнгө оруу­­лалтын газрын ах­лах шинжээч Жереми Гран­тамын “CNBC” телевизэд өгсөн ярилцлагыг хүргэе. Санхүүгийн зах зээлийн тө­лөв байдлын талаарх түү­ний таамаглалуудын ихэнх нь бодит биеллээ олж бай­­жээ. Тухайлбал, 1989 онд Японд болсон хямрал, 2000 оны хувьцааны зах зээ­лийн уналт, 2007 онд бол­сон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт зэргийг тэрбээр урьдчилан зөв таа­магласан аж.

-Та өнөөдөр хувьцаа, хө­рөнгө оруулалтын зах зээ­лийг ямар байна гэж дүгнэх вэ?

-Миний санааг хамгийн ихээр зовоож буй зүйл бол Холбооны нөөцийн сан­гийн бодлого, саяхан хэ­рэг­жүүлэхээр болсон “QE II” хөтөлбөр. АНУ-ын төв банк­ны хувьд сүүлийн 20 шахам жил хувьцааны зах зээлийг бүрэн хянасан гэхэд болно. Тэд ямар бодлого эдийн засаг, макро түвшинд нөлөөлж ча­дах вэ гэдгийг сайн мэдэж байгаа. Тэгэхээр “QE II”-ийг хэрэгжүүлснээр шууд үр дүн гарахгүй, эдийн засагт шууд нөлөөлөхгүй гэдгийг ч бас мэднэ гэсэн үг юм.

Гэхдээ хэрэв чи зах зээ­лийн талаас илүү хувийг нь эзэмшдэг бол хүмүүст илүү баян юм шиг санагдана. Энэ үед өөртөө илүү итгэл­тэй болно. Зүй нь бол хувь­цааны зах зээлийн нийт өр­тгийн 2.4 хувь буюу ой­ролцоогоор дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувийг зарцуулж гэмээнэ нөхцөл бай­дал тогтворжино.

Миний айгаад байгаа зүйл бол цаашид хувьцааны зах зээлд өсөлт ажиглагдсан хэвээр байна. Инфляциас үл хамаарч бага хүү тогтоосон үед хүссэн ч эс хүссэн ч зээлийн хэмжээ нэмэгддэг.

-Тэгэхээр мөнгөний бод­логоо тэлсээр байгаагийн учир нь юу вэ. Бүр 600 тэрбум ам.доллар гээд хэмжээг нь нарийн заачихсан байгаа?

-Сүүлийн гурван жилийн турш бодлогын хүү буурсаар байгаа. Үүнтэй тэмцэхийн тулд үнийн хөөрөгдлийг дэмжих нь бодлого боловсруулагчдын зорилго. Гэхдээ энэ нь өөр нэг эрсдэл дагуулж байна. Санхүүгийн хямрал эхлэхээс өмнө өнгөц харахад бүх зүйл зүгээр байсан. Хувьцаа, бондын зах зээл бүгд хэвийн. Эрүүл мэт өсөлт ажиглагдаж байсан.

-Харин дараа нь тэсэр­сэн?

-Тийм. Тэсэрсэн. Хэрэв чи зах зээлийг бүхэлд нь удир­даад эхэлбэл эцэстээ үнийн хөөрөгдөл гаарч, тэ­сэрнэ. Тиймээс Холбооны нөө­цийн сангийн хэрэгжүүлж буй шинэ бодлого 2008 оны санхүүгийн хямралыг дахин бий болгох гээд байна. Нэг үгээр бол Япон загварын үл хөдлөх хөрөнгийн хямрал гэсэн үг.

-Гэхдээ энэ бүхнийг шийдэх арга байгаа биз дээ?

-Хамгийн зөв арга бол эдийн засагтай, зах зээлтэй тохиролцох. Мөнгөний ний­лүүлэлтийг хязгаарлаж, хянах ёстой. Ажилгүйдлийн түвшин­тэй тэмцэх замаар санхүүгийн зах зээлийг хянах хэрэгтэй.

-Ажлын байр бий бол­гоход гол анхаарлаа хан­дуулах хэрэгтэй гэж үү?

-Тийм. Үйлдвэрлэгчид, кор­порациуд илүү олон хүнийг ажилтай болгож гэмээнэ эдийн засагт хамгийн эрүүл бө­гөөд эерэг нөлөө үзүүлнэ. Германд төрөөс нь энэ тал дээр үйлдвэрлэгчдээ дэмжсэн. Нөгөө талаас, Засгийн газар өөрөө хүмүүсийг ажилтай бол­гож болно. Маш чадварлаг ажил­лах хүчнүүд зүгээр гу­дам­жинд гарч байгаа учраас эдийн засаг ахихгүй байгаа юм.

-Тэгэхээр АНУ-ын Зас­гийн газар яг юу хийх ёстой вэ?

-Миний бодлоор Холбоо­ны нөөцийн сан үнийн хөө­рөгдөлтэй хүчтэй тэмцэх ёстой болоод байна. Зах зээлд хөөс бий болох хамгийн аюултай. Энэ нь хөрөнгө оруу­лагчдыг хүнд байдалд оруул­даг. Японд 1990-ээд онд болсон санхүүгийн зах зээлийн уналт, 1929 оны их хямрал гээд үүнийг батлах зүйл олон бий.

-АНУ-ын Засгийн газар зөв бодлого хэрэгжүүлж бай­гаа эсэхийг хэрхэн дүгнэх вэ?

-Шинээр ам.доллар хэв­лэж, зах зээлд гаргана гэдэг гадны орнуудын дургүйцлийг төрүүлэх нь ар­гагүй. Яагаад гэвэл ам.долларын ханш хэдий чинээ унана төдий чинээ инфляцийн өсөлт хурдасна гэх айдас байгаа болохоор тэр.

-Үнийн хөөрөгдөл хаана хамгийн их бий болох вэ?

-Ам.доллар суларснаар түүхий эдийн зах зээлд хамгийн их нөлөөлж байна. Алтны үнэ өнгөрсөн оны өсөлттэйгөө адилхан өссөн. Тиймээс алтыг тооцохгүй орхиё гэхэд бусад түүхий эд, металлын хувьд үнэ нь огцом нэмэгдэж байгаа. Сүүлийн нэг жилийн дотор түүхий эдүүдийн индекс 35 хувиар өссөн. Мэдээж хэрэг, энд газрын тосны тухай яриагүй. Учир нь газрын тосны худалдааг ам.доллараар хийдэг. Нэг үгээр бол ам.дол­ларын уналт түүхий эд, металлын зах зээлийг хүнд байдалд оруулж байна.

-Ам.доллар өөр юунд нө­лөөлж байна вэ?

Өөр нэг асуудал бол валютын дайн. Бид ам.дол­ларын нийлүүлэлтээ ихэсгээд байвал валютын ханшийн дайныг улам дэвэргэнэ гэсэн үг. Өнөөдөр ам.доллар тэртэй тэргүй хямдарчихаад байгаа. Үүнийг нь улам хөөрөгдөж, инфляцийг ихэсгэх бодлого баримтлахад өсөн нэмэгдэж буй зах зээлтэй орнууд ямар хариу барина гэж бодож байна. Тэд өөрсдийгөө хамгаалахыг л хичээх болно. Энэ бол валютын ханшийн дайн. Энэ тодорхойлолтоор бол бид аль хэдийнэ дайтаад эхэлчихсэн. Валютын дайн гэдэг нь нө­гөө талаасаа татвар, бараа бүтээгдэхүүний үнэ, тарифтай холбогдоно.

-Хүмүүс Хятадыг өөрс­дийн валютаа ашиглаж, хөлжиж байна гэх болсон. Таныхаар бол АНУ-ын Холбооны нөөцийн сан зах зээлийг ашиглаж, түүгээрээ тогтвортой байдлаа хангах гээд байна уу?

-Тийм. Хятадын хувьд юанийн ханшаар тоглож, асуудлыг тун амархан шийдсэн. Гэтэл бид тэдэнтэй яг адилхан зүйл хийж байгаа хэрнээ тэднийг буруутгаад байгаа юм шүү. Одоогоос хоёр жилийн өмнө Германы Сангийн сайдын хэрэгжүүлж байсан бодлого ч бас иймэрхүү  байсан.

-Өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий орнуудын талаар ярилцъя. Та 2000 онд тэдгээр орны эдийн засаг хүчирхэгжих талаар онцолж байсан. Тухайн үед танаас өөр хүн энэ талаар бараг дурсаагүй. Өнөөдөр тэд үнэхээр нүсэр том зах зээлийг бий болгож байна. Хятад тэргүүтэй орнуудын хувьд эдийн засаг нь үнэхээр хүчирхэгжээд байна уу, эсвэл энэ нь яваандаа үнийн хөөрөгдлийг бий болгох уу?

-Өсөн нэмэгдэж буй зах зээлийн хэмжээ 2000 оноос хойш 3.3 дахин өссөн. Огцом өсөлт ажиглагдана гэдэг нь яалт ч гүй үнийн хөөрөгдөл бий болох үндэс.

-Тэдгээр оронд одоо ч гэсэн мөнгө босгох боломж байгаа гэж үү?

-Би хоёр жил хагасын өмнө хэлж байсан. Өсөн нэмэгдэж буй үнийн хөөрөгдөл гэж. Зах зээл нь томрохын хэрээр хөөс бий болж байна. Бид хоёр янзын хөгжингүй оронд амьдарч байна. 1995 оноос өмнө бол нэг их ялгаа ажиглагддаггүй байсан. Харин өнөөдөр бол огт өөр. Хэрэв чи өсч дэвжихийг хүсч байгаа бол өсөн нэмэгдэж буй зах зээлийг сонго. Тэнд хөрөнгө оруул. Ингэхээс өөр аргагүй болчихоод байна.

Зах зээл нь тэлж буй орнуудын хувьд хүн амын амьдрах нөхцөл байдал гэхээс илүү тэдний өсөлт нь чухал болоод байна. Тэд бол хямд ажиллах хүчин.

-Түүхий эдүүд яах вэ. Хятадын эрэлт ихэссэнээс болж бараг бүх түүхий эдийн үнэ өссөн?

-Энэ хамаагүй. Удахгүй түүхий эдүүдийн үнэ буурах л болно. Одоогоос таван жилийн өмнө бид юу бодож байсныг саная. Тэр үед ойрын 50 жилд түүхий эдийн үнэ өснө гэж таамаглаж байсан. Гэтэл буурсан. Миний бод­лоор өнөөдөр ч гэсэн тэр бүхэн дахин давтагдана. Нөгөө талаас түүхий эдийн хямрал бий болно гээд хэлчихэд буруудахгүй л байх.

-Та ирэх онд эдийн засаг ямар болно гэж бодож байна вэ?

-Тийм ч таатай үр дүн харагдахгүй л байна. АНУ-ын эдийн засгийн хувьд магадгүй хоёр орчим хувийн өсөлт ажиглагдаж болох юм. Хувьцааны үнэ огцом өсч, эцэст нь гэнэт унана гэдэгтэй маргах юм алга. Хэрэв бид азгүйтвэл дахиад нэг хямралтай нүүр тулж мэднэ.

-Ам.долларын тухай юу хэлэх вэ?

-Ам.долларын ханш маш сул болсон. Холбооны нөө­цийн сангаас “QE” хөтөл­бөрийн гурав, дөрөв, тав дахь хувилбарыг нь хэрэгжүүлэх л байх. Ингэснээр ам.доллар улам суларна. Валютын дайн улам гаарна. Гэхдээ энэ тоглоом эцэстээ юу болж дуусах, хэн ялахыг хэлэхэд хэцүү байна.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж