Волейболчид Хятадын багт хожигдов

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Волейболчид Хятадын багт хожигдов

Азийн наадмын волейболын төрөлд өрсөлдөж буй Монголын эмэгтэй волейболчид өчигдөр хэсгийн гурав дахь тоглолтоо зохион байгуулагч орон БНХАУ-ын багтай хийж, 3-0 (25-9; 25-13; 25-8) харьцаатай ялагджээ. Дэлхийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор багтдаг Хятадын волейболчид Японы нийслэл Токио хотноо болсон FIVB-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод шууд Азийн наадамд ирж, тоглож байгаа юм. Тэдний адилаар Япон, Өмнөд Солонгос, Тайланд болон Казахстаны багууд ч мөн дэлхийн аваргаас шууд Азийн наадмыг зорин ирээд байгаа.

Монголын волейболчдын тухайд нээлтийн тоглолтдоо Тайландын багт 3-0 харьцаатай хожигдож, дараа нь бямба гаригт Тажикистаны багийг 3-0-ээр буулган авсан юм. Харин өнөөдөр 12.00 цагаас хэсгийн сүүлийн тоглолтоо БНСУ-ын багтай хийнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж