Ч.Батцэнгэл: Очирваань намайг түшиж явдаг

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Ч.Батцэнгэл: Очирваань намайг түшиж явдаг

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Ч.Батцэнгэлийг зочноор урьж ярилцлаа.

-Таныг драмын жүжигчний ангид шалгалт өгөхөөр хотод ирээд дуулаачийн анги руу “урвасан” гэж сонссон. Хэрвээ тэгж огцом шийдвэр гаргаагүй бол би өнөөдөр жүжигчин Батцэнгэлтэй ярилцаад сууж байх байж дээ?

-Тийм шүү. Тэр бол миний хувьд уран бүтээлийн зам мөрөө анхлан гаргах, амьдралын жим хаашаа чиглэх вэ гэдгийг шийдсэн том эргэлт болсон. Би Дарханы драмын театрт 1993 оноос ажиллаж эхэлсэн. Хүүхэд байхдаа драмын дугуйланд явж, дараа нь театрт дагалдан жүжигчин болж жүжгийн олны хэсэгт гараад л, театр дээрээ хоночихоод л гүйж явдаг байлаа. Драмд тэгж л их дурлаж байсан. Жүжигчин болохын төлөө их ч зүтгэсэн. Тэгээд 1996 онд хотод ирж СУИС-ийн жүжигчний ангид шалгалт өгсөн. Би шалгалт дээр “Тогосын цагаан овоо” дууг дуулсан юм. Тэгсэн чинь Лхасүрэн багш “Чи “Тогосын цагаан овоо”-г ингэж дуулж байгаа бол энд шалгалт өгөөд хэрэггүй. Хоёр давхарт гарч дуулаачийн ангид шалгалт өг” гэсэн. Гайгүй дуулсан юм байлгүй. Тэгээд би дуулаачийн ангид шалгуулсан чинь тэнцсэн. Намар нь хичээдээ ирээд нэг хэсэг багшгүй яваад байлаа. Би хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж багш дээр л очно гээд зүтгээд байсан.  Ц.Пүрэвдорж багш маань нас дээр гарсан тул манай ангиас ганц хүүхэд авсан. Тэр нь дуучин Д.Хишигбаяр. Тэгтэл Баянхонгороос ирсэн нэг хүүхэд чөлөө авч, би азаар багшийн гар дээр ирсэн дээ. Ингээд Д.Хишигбаяр бид хоёр ангиасаа хоёулаа Ц.Пүрэвдорж гэдэг тэр агуу дуучны шавь болж таван жил хичээллэсэн. 

-Зууны манлай дуурийн дуучны шавь болно гэдэг ховорхон завшаан шүү. Багшдаа хэр загнуулж байв?

-Манай багш их сайхан хүн. Ёстой л их мөрөн дөлгөөн гэдэг тэр байх. Бидэнд олон юм яриад, загнаж үглээд байдаггүй. Багш нар шалгалтын дараа энэ өнгөн дээр алдлаа, ингэлээ тэглээ гээд шавь нараа загнаж байдаг. Харин манай багш бол тэгэхгүй. Чимээгүй л гараад явчихна. Юу ч дуугарахгүй. Тэгээд маргааш нь хичээл орж байхдаа яг тэр алдсан өнгөн дээр ажиллаад эхэлдэг. Бидэнд ингэж юм мэдрүүлдэг байсан. Дуулаачийн хичээл заана гэдэг их тэвчээр шаарддаг юм байна гэдгийг тэгж мэдсэн. Хоосон хэлэхээс илүү ингэж заавал энэ хүн илүү ойлгох байх гэж боддог байсан санагддаг. Би нэг удаа багшид “Сэтгэл судлал гэж балай хичээл орох юм” гэсэн чинь “Уран бүтээл гэдэг сэтгэл судлал юм шүү дээ. Би ч гэсэн та нарын сэтгэл зүйг судалж л байгаа хэрэг” гэж билээ. Тийм ухаантай хүн байсан. Дүн дээр хүртэл их сонин ханддаг хүн байв. Би шалгалт дээр өөрийгөө тун гайгүй дууллаа гэж бодоход сайн тавьчихсан байдаг. Яагаад сайн тавьчихав гээд асуухаар бусад багш нар онц тавиад байхад манай багш л хамгийн бага дүнг тавьсан байдаг байв. Сүүлд бодоход энэ нь багшийн зөв байдаг. Энэ намраас би дуулаачийн чиглэлээр багшилж байгаа. Хэдэн хүүхэдтэй ажиллаж байна. Тэдэнтэйгээ яах аргагүй багшийн барилаар ажиллах гээд байгаагаа мэдэрдэг. Багш тэгж сургасан учраас шавь нартайгаа олон юм яриад байхгүй. Алдаан дээр нь чимээгүй л өнгөрдөг. Намайг манай найзууд их даруухан багш гэдэг. Тэр бол Пүрэвдорж багшийн минь арга барил л даа. Миний багш алсуур, хүний ухаан руу нь юм хийдэг хүн байсан.

-Багшдаа тоогдсон үе хэзээ вэ. Тэр том дуучнаас урмын үг сонсоно гэдэг том шагнал биз?

-Манай багш зохиолын дуу мэтийг бол ойшоохгүй. Өөрөө дэлхийн дуурийн урлагт Монголын нэрийг гаргаж, тод мөрөө үлдээсэн хүн. Спортоор бол олимп гэж хэлж болох П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын А зэрэглэлийн том тэмцээний шүүгчээр монгол хүн сууж байсан нь гайхамшиг шүү дээ. Тийм том хүн нийтийн дууны талаар тэгээд бид нар шиг хүмүүстэй нэг их ярьдаггүй байсан. Намайг тоосон нь гэвэл башийн өөрийнх нь нэрэмжит дуурийн дуулаачдын тэмцээн болсон юм. Тэр тэмцээнд би өөрийгөө голоод оролцоогүй. Гэтэл багш дараа нь хүнд хэлсэн байсан. “Манай Баттөр, Батцэнгэл хоёр оролцсон бол юм дуулгах байлаа” гэж. Энэ үгнээс их урам авсан. Гэхдээ нэг талаар нэрэмжит тэмцээнд нь оролцолгүй багшийгаа сэтгэл гонсгор үлдээсэн болов уу гэж харамсдаг. Багшийгаа сэрүүн тунгалагт нэг их тэмцээн наадамд оролцож байгаагүй. Бурхан болсных нь дараа “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн уралдаанд оролцож тэргүүн байрт шалгарч байлаа. Тэр үед багш минь байсан бол гэж бодогдож байсан шүү.

Багшийг сэрүүн тунгалаг байхад нь би тоглолтоо хийх гэж байхдаа телевизийнхэнтэй гэрт нь очсон юм. Тэгэхэд багш “Одоо миний хүүхдүүд тоглолтоо хийх цаг болсон. Би аль ч орны тайзан дээр гологдохооргүй дуучид гаргасан гэж боддог” гэж хэлж байсан. Багшийн тэр үгэнд би их баярласан. Энэ бол том үнэлэмж, том урам юм даа.

-Багшийнхаа хэлснээр гадаадын улс орнуудын тайзан дээр хэр олон дуулсан бэ?

-Дуулж байсан. Өнгөрсөн хавар ОХУ-д Ким Базарсадаевын нэрэмжит наадамд оролцож тусгай шагнал хүртсэн. Гэхдээ санаандаа хүртэл дуулж чадаагүй. Уг нь тэр наадамд би өөр юм хөтөлнө гэж бодож ногт ганзагалж очсон. Тухайн өдрийн од тийм байсан байх аа. Гол нь гадаадын тайзан дээр гарч, өөр улс орны дуучдыг сонсоно гэдэг чухал юм. Орост очоод ангийн анд Н.Мөнхзулаараа үнэхээр бахархсан. Н.Мөнхзул маань Буриадад гайхалтай сайхан дуулж байна. Тэндээ маш нэр хүндтэй юм билээ. ОХУ-ын Буриадын театрт арваад жил дуулж байна. Олон тэмцээнд амжилттай оролцсон гэсэн. Аливаа тэмцээнд оролцоход Буриад театрын дуучин гэдэг нэрээр явдаг ч тайзан дээр гарахдаа Монгол Улсын дуучин гэж л дуудуулдаг юм билээ. Энэ бүхнийг хараад найзаараа бахархаж л байлаа.

-Н.Мөнхзул, Д.Хишигбаяр та нар нэг анги юм байна. Танай ангиас өөр ямар дуучид төрсөн бэ?

-Манай ангийнхан их сайн яваа. Рок, попынхноос Т.Дэлгэрмөрөн, нийтийн дууныхнаас Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа, Д.Хишигбаяр, дуурийн урлагт Ө.Уянга гээд олон сайхан дуучид байна. Манай Ө.Уянга мэргэжлээрээ мундаг дуулж байна. Эдгээр нөхдөөрөө бахархдаг.

-“Хүүдээ” дуу нэг үе олны дуулах дуртай дуу болсон. Энэ дуу таны анхны бүтээл байх аа?

-Төгсөх курст байхдаа энэ дууг дуулсан. Олонд хүрээд арваад жил болж байна дээ. Дараа нь С.Жавхлан дуулсан байдаг юм.

-Клип нь өвөрмөц болсон санагддаг?

-Сэтгэлээс гарсан дуу болохоор хүмүүс сайхан хүлээж авсан болов уу. Найруулагч Ж.Сэнгэдорж бид хоёр хэн хэн нь ааваа алдаад удаагүй байсан үе л дээ. Тэгээд л аав нартаа зориулж сайхан клип хийе гэж зорьсон. “Хүүдээ” дууны маань клип их амархан бүтсэн. Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар ах аавынхаа зургийг бариад л хүрээд ирж байх жишээтэй. Ж.Биндэр ах мөн аавынхаа зургийг барьчихсан хүрч ирээд зурганд орсон. Бүгд л тайз, дэлгэцэнд мөнхөрсөн аавуудаа дурссан. Тэр хүмүүсийн буянаар дуу маань олонд маш сайхан хүрсэн.

-Олны сэтгэлд хоногшсон нэгэн сайхан дууг та саяхан сэргээн дуулсан байна лээ. Клипийг нь үзсэн?

-Сүүлийн арваад жил хийсэн бүтээлүүдээ эргээд харахад, ер нь өнөөгийн залуусын дуунуудыг сонсоход ч тэр гэрэл гэгээтэй сайхан зүйлийн тухай өгүүлсэн дуу ховор санагдсан. Тиймээс нэг сайхан гэгээлэг дуу хийх юм сан гэдэг бодол төрсөн л дөө. Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбарын шүлэг “Гэгээн наранд ойрхон өслөө” гэдэг дууг би сонсох дуртай. “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан энэ дууны хөгжмийг бичиж, өөрөө дуулсан байдаг юм. Д.Жаргалсайхан ахын цомгийг их сонсдог байсан. Энэ дуу их сайхан үгтэй, аялгуу бас гоё. Сонссоны дараа бүр нэг дотор уужраад явчихдаг юм. Уул ус, байгаль дэлхийдээ ойртоод ирдэг. Тэгээд үүн шиг сайхан дуу дуулъя гэж бодсон. Шинэ дуу хийх гэж үзсэн л дээ. Сүүлдээ ерөөсөө энэ дууг сэргээж дуулбал яадаг юм гэж бодсон. О.Дашбалбар агсны шүлэг гэхээр бүр сайхан, бэлгэ дэмбэрэлтэй санагдсан. Х.Сүглэгмаа докторын гаргасан “Очирбатын Дашбалбар” номыг уншиж энэ хүний тухай илүү ихийг мэдэж авсан. Бүтээлээс нь гадна хүнтэй нь илүү танилцсан гэж болно. Энэ хүн юуны төлөө шаналж, зовниж, яаж ганцаардаж явсан юм гэдгийг мэдэрсэн. Ингээд л дууг нь дуулсан. Бичлэгийг нь “Логик фильм” продакшн хийсэн. Клипэнд нь нэг их сүрхий чамин зохиомж хийхийг зориогүй. Хүн үзээд ийм сайхан эх оронд төрж, ийм сайхан байгальд ойрхон өссөн гэдгээ мэдрээсэй, бахархаж, омогшоосой гэж л бодсон. Удахгүй болох тоглолтоо энэ дуугаар нэрлэсэн.

-Тоглолтоо хэзээ хийх гэж байгаа юм бэ?

-Би таван жилийн өмнө 2005 оны арванхоёрдугаар сарын 9-нд “Очирваань уулын цагаан үүл” гэдэг нэртэй тоглолтоо Бөхийн өргөөнд хийж байсан. Одоо ирэх арванхоёрдугаар сарын 10-нд “Гэгээн наранд ойрхон өслөө” тоглолтоо хийхээр бэлтгэж байна. Таван жилийн хугацаанд хийсэн бүтээлээ цэгнэж бодож, алдаа оноогоо шүүлээ. Олон найз нөхдийн тоглолтыг үзлээ. Би өөрөө Дуурь бүжгийн эрдмийн театрт дуулаад арваад жил болж байна. Миний хувьд аль болох мэргэжлийн үүднээс бүтээлээ хийх гэж хичээдэг. Анхны тоглолтоо Монгол түмний шүтэж биширч явдаг, монголчуудын хийморь лундааг даадаг Очирваань уулаараа нэрлэсэн тул тоглолтынхоо өмнө есөн ламаар ном уншуулж, Очирвааны сан айлдуулж байсан. Тэр үеийн тоглолтуудаас өөр болсон гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байсан. Үзэгчид ч сайхан хүлээж авсан. Одоо хийх тоглолтоо үүнээс дордуулахгүй гэж хичээж байна. Аливаа уран бүтээлийг үзээд гарч байгаа хүмүүс сэтгэл дүүрэн байх ёстой гэж боддог. Тоглолт хийж байгаа нь энэ гээд хэдэн дуугаа дарааллаар нь дуулаад, ганц хоёр дуучин дараалж дуулаад л байх уйтгартай. Үзэгчид сайхан дуу сонсохоос гадна харж таашаал авдаг. Нэг дуучин тайзан дээр зогсоод л дуулаад байхын оронд бүхэл бүтэн оркестрын өмнө мэргэжлийн дуу дуулахад үзэгчид нэг сайхан юм үзлээ гэдэг шүү дээ. Ард нь ямар ч тайзны засал, шийдэлгүй бол тоглолтыг хэн ч үзэхгүй. Тиймээс s. Мөн цэнгээнт бүжгийн хамтлагийг зарим дуун дээрээ бүжиглүүлнэ. Зарим дуучныг урилгаар дуулуулна. Тухайлбал, дуучин Д.Хишигбаяр тоглолт дээр маань ирж дуулна.

-Арван жил дуулсан дуучин цомог олныг гаргасан байлгүй дээ?

-Би нэг л цомог гаргасан. Ахиад хоёр цомог болохоор хэмжээний бүтээл байж л байна. Гэхдээ би дараагийн цомгоо симфони оркестртой дуулсан мэргэжлийн дуунуудаараа гаргана гэж бодож байгаа. Хүмүүс мэргэжлийн гэхээр дуурь л гэж ойлгоод байдаг. Гэтэл мэргэжлийн төвшний боловч концертын сайхан дуунууд олон байна. Хүн тэр бүр дагаад дуулдаггүй ч сонсох дуртай тийм дуунууд бий. Б.Шаравын “Аав ээж хоёр минь”, Н.Жанцанноровын “Хүний заяа”, Ч.Сангидоржийн “Зулай цагаан Алтай” гэх мэт. Ийм мэргэжлийн төвшний дуунуудыг дуулахсан гэж боддог. Би ер нь мэргэжлийн талын бүтээлдээ үнэнч байдаг хүн. Баритон хоолойд зориулсан мундаг дуунууд байна. Хавлааш, Гантөмөр, Ганбат зэрэг мундаг дуучдын дуулсан дуунуудыг цаашид дуулна гэж бодож байгаа. Нэг үгээр хэлбэл өөрийнхөө бярыг сорьж байгаа хэрэг.

-Бяраа үзнэ гэснээс дуурьт хэр бяраа үзэж байна вэ?

-Одоогоор би багшлахын зэрэгцээ магистрын ажил хийж байна. Мөрөөдөж байсан том дуурийн дүрээ барьж аваад диплом хамгаалахаар бэлтгэж байгаа. Дуурьт бүтээсэн дүрийн хувьд бол “Ламбугайн нулимс”-ын Лодон гэвшийн дүрдээ хайртай. Энэ бол баритон хоолойтнуудын мөрөөдөл болсон дүр. “Учиртай гурван толгой”-н Юндэнгээс ч илүү гоё дүр шүү дээ. Энэ дүрд дуулсандаа баярладаг. “Ламбугайн нулимс”-ыг анх тавьснаас хойш 25 жил болоход долоон хүн л Лодон гэвшид дуулсан байдаг юм билээ.

-Уран бүтээлч хүнтэй уулзсаных шинэ бүтээлийнх нь талаар асуухгүй өнгөрч болохгүй байх аа?

-Яруу найрагч Ц.Бавуудорж бид хоёр Завхан аймгийн Шилүүстэй сумынх. Очирваань уул минь орчлонд намайг түшиж явдаг гэж сүслэн боддог. Манай сум бол Нарванчин гэгээн, Андиа гэгээн гэж хоёр хутагтын төрсөн нутаг. Андиа гэгээнтэй Ц.Бавуудорж бид хоёр их ойр байсан. Тэр том гэгээнтний авшиг, адисыг хүртэж хүн болсон улс л даа. Одоо хүртэл би Андиа гэгээнийхээ арцаар утаж ариулж явдаг. Би дуучин хүний хувьд нутгаасаа төрсөн олон хутагт хувилгаадаа дуулах сан гэж боддог. Ц.Бавуудоржтойгоо хамтарч Ялгуусан хутагтын тухай дуу хийсэн.

Саяхан Андиа гэгээний тухай дуу хийж дууллаа. Андиа гэгээн бол Дилав  хутагт зэрэг хутагтуудыг амь сэрүүн байхад тодорсон хутагт. Гэвч цаг цөвүүн болсон тул ширээндээ залагдаж чадаагүй. Хар хүний амьдралаар амьдарч энх цагтай золгоод 1995 оны үед жанч халсан. Андиа гэгээнийг Мял богдын дүр, Цагаан Дарь эхийн бүрэлбаа гэж үздэг. Ц.Бавуудорж бид хоёр Андиа гэгээнийхээ тухай чи бид хоёр л дуу хийхгүй бол хэн хийх вэ гэж ярилцаж, бүр зорьж байж энэ дууг хийсэн.

“Үүлэн цагаан суварга болоод тоонон дээр минь залрах юм даа
Үнэр анхилуун арцанд хувилаад хоймор зүгт минь суунаглах юм даа
Ширхэг цагаан бороо болоод нутаг усаа аргадах юм даа
Хээрийн цэнхэр салхинд хувираад магнай дээр минь адислах юм даа
Андиа минь
Мял Богдын гэгээн дүр, Цагаан Дарь эхийн бүрэлбаа минь
Мянганы хүрэн уулсын мөнгөн олбогт хувилгаан минь…” гэсэн сайхан үгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж