2012 оны сонгуульд намаа удирдах эрхтэй үлдлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

2012 оны сонгуульд намаа удирдах эрхтэй үлдлээ

Н.Алтанхуяг УИХ-ын 2012 оны сонгуульд намаа удирдах эрхтэй үлдлээ

Ардчилсан намынхан удаан хү­лээсэн ҮЗХ-ны хурлаа өнгөрсөн баа­сан гарагт даруухан хийлээ. Мэдээж С.Эрдэнэ тэргүүтэй цөөхөн гишүүн намынхаа даргыг тагнуулчаар цол­лож, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Н.Батбаяр хоёр “Хэн нь худалч вэ” сэдвээр мэтгэлцээн өрнүүлснийг эс тооцвол Ардчилсан намын ҮЗХ-ны хурал намжмал уур амьсгалтай байлаа. Хурлын өмнө ганц нэг гишүүн “Би дарга болно…” хэмээн зарлаж, жирийн гишүүд нь “Ээлжит бус их хурал зарлаж бид­нийг анхаарахгүй бол УИХ-ын 2012 оны сонгуулиар гөжиж чадна шүү” гэсэн дарамт өгч, залуусаар овог­лосон хөдөлгөөнүүд “Унтаа намыг сэрээнэ” зэргээр үгээ хэлж байснаас ҮЗХ-ны хурал ширүүхэн болох нь гэсэн хүлээлт нийгэмд байсан. Харин энэ удаад АН-ын ҮЗХ-ны гишүүд хэрэлдэж, салж бутрах биш хамтраад хөгжлийн төлөө, гаргасан шийдвэрийнхээ үр дүнг үзье гэсэн бодлогын чанартай асуудлуудыг хэлэлцүүлэг болгосон нь онцлог байв.  Намын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газрын өнгөрсөн хоёр жилийн үйл ажиллагааг танилцуулж, ардчилсан хувьсгалын хоёр дахь шат болох үйлдвэржилтийг эхлүүлэх га­раан дээр байгааг онцолсон юм. Мөн АН ирэх 20 жилд монгол хүнийг төв болгох “Монгол хүн-2020” хө­төл­бөрийн хэлэлцүүлэгт ҮЗХ-ны гишүүдээ урьсан бол Ерөнхий на­рийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Иргэний эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр баталгаажуулна” гэж онцолсон. Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг ардчилсан Ерөнхийлөгчтэй болсноор хоригийг нь бүлгийн гишүүд хүлээж авах боломжтой болсон гэж бяцхан хошигноод авсан.

Ийн намын удирдлагуудын илт­гэлээр эхэлсэн ҮЗХ-ны хурал үдээс хойш асуулт, хариултаар үргэлжилж хамтарсан Засгийн газрын гэрээний биелэлтийг дүгнэсэн юм. Оюутолгойн гэрээнд Монголын талын эзэмших энгийн хувьцаа 34 хувьдаа хүрэхгүй болсон гэх шүүмжлэл дээр Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Н.Батбаяр нар ширүүхэн маргаан өрнүүлж, С.Эрдэнэ гишүүн хамтар­сан Засгийн газрын гэрээн дэх 60 мянгаас доошгүй иргэнийг ажил­тай болгоно гэсэн заалт хэрэг­жээгүйг онцолсон. Харин АН-ын хууч­чуул болох УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Батж.Батбаяр нар бо­лон нийтлэлч Б.Баабар АН хам­тарсан Засгийн газарт орсноор на­мын эрх ашиг биш ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавьсан. Тий­мээс ч шийдвэрлэж чадахгүй олон асуудлыг ажил болгож чадсан гэдгийг онцолж байлаа. Нийтлэлч Б.Баабар “Хөндлөнгөөс ажиглахад дотооддоо дөрвөн жил дайн хийлээ. Үүнийхээ оронд хяналт тавих байр сууриа бэхжүүлмээр байна” гэсэн юм. Хамтарсан Засгийн газар 140 гаруй ажил хэрэгжүүлэхээс 50 хувийг нь хийсэн нь чамлалттай. Иймээс илүү хурдтай ажиллах ёстой. Хийснээ намаараа авторлах санал ҮЗХ-ны гишүүдээс гарсан. Харин З.Энхболд, С.Эрдэнэ нарын яриад байсан шиг хамтарсан Засгийн газраас намаа салгах асуудлыг намын бодлого ба­ригчид авч хэлэлцсэнгүй.

Энэ удаагийн ҮЗХ-ны хурлаас олон нийт Онц их хурал зарлах уу гэсэн асуултын хариуг хүлээж бай­сан. Гэтэл “Их хурал хуралдуулж  на­маа шинэчилнэ, даргаа солино” гэж ҮЗХ-ны хурлаас өмнө уриалж байсан З.Энхболд, Ж.Батзандан нар хурлын үеэр энэ талаар ам нээсэнгүй. Харин Ц.Батаа, С.Эрдэнэ нар намын даргыг солих ёстой гэцгээж байв. С.Эрдэнэ гишүүн Н.Алтанхуягт хан­дан “Та нэг бол намын даргаараа үлд, эсвэл стандарт бус Засгийн газартаа Тэргүүн шадар сайдаараа үлд. Сонголтоо хий” гэж байв. Гэ­сэн ч онц их хурал зарлаж, намын дарга солих дээрх саналыг ҮЗХ-ны олонхи гишүүн хүлээж аваагүй. Тэр бүү хэл “Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр АН-ыг хуваагдсан мэт ойлголт өгч байсан нь буруу” гэж дур­гүйцлээ илэрхийлэх гишүүд ч байв. Ингээд Онц их хурал хуралдуулах шаардлагатай эсэх талаар санал хураахад ҮЗХ-ны 203 гишүүнээс 30 нь дэмжиж, 173 нь шаардлагагүй гэж үзсэн юм. Ингээд “Шийдвэртэй байж, сайн ажиллаж чадахгүй байна” гэж шүүмжлүүлсэн ч “АН-ыг эв нэг­дэлтэй болгосон. Ардчилсан Ерөн­хийлөгчийг гаргасан, олон жил хүлээ­сэн ажлуудыг эхлүүлсэн” гэж маг­туулсан Н.Алтанхуяг даргын ажлыг 2012 онд дүгнэх нь зүйтэй гэ­дэгт ҮЗХ-ны гишүүд санал нийллээ.

АН-ынхан цуглаж хуралдахаараа даргаа яаж солих вэ, хэнийг яаж нулимах вэ гэдгийг гол сэдэв болгож хэрүүл тэмцэл нь зодоондоо хүрдэг үе байсан. Харин өнгөрсөн баасан гарагт хуралдсан ҮЗХ хөгжлийн асуудлыг сэдэв болгосон нь онцлог байлаа. Ингэснээр хамтарсан Засгийн газрын насжилт ч ирэх 2012 оныг хүргэх нь тодорхой болж, ирэх УИХ-ын сонгуульд Н.Алтанхуяг дарга намаа удирдах эрхтэйгээ үлдэж буй нь энэ ажээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж