”Анод”-ын хэрэгт өндөр албан тушаалтнууд татагдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

”Анод”-ын хэрэгт өндөр албан тушаалтнууд татагдаж байна

"Анод"-ын хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд татагдаж байна

“Анод”  банкны хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүллээ. Уг хэрэгт Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуягийг яллагдагчаар татлаа гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн зарим хэвлэлд нийтлэгджээ. Үүний өмнө “Зоос”-ын Ш.Чуданжийг баривчлан  “Ганцхудаг”-т хорилоо хэмээн мэдээлж байсан ч өөрөө үгүйсгэж байсан юм. Харин одоо Б.Энххуягийг яллагдагчаар татсан, мөн уг хэрэгтэй холбоотойгоор Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Д.Энхжаргал Монголд ирлээ гэцгээж байна. Эргээд мэдээлэхэд л сонин болохоос энэ асуудал хуучнаас хуучин, бүр хүлээлт үүсгээд байсан асуудал билээ. Учир нь, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг “Анод”-ыг дампуурсныг мэдсээр байж “Анод”ХК-аас хувьцаа арилжих зөвшөөрөл олгох ажлын хэсэгт голлон ажиллаж байсан. Үүнээс болж 1235 хүн “Анод  банк” ХК-ийн хувьцааг худалдан авснаар 9.8 тэрбум төгрөгийн хохирол амссан гэж үздэг. Мөн Сангийн яамны хуулийн хэлтсийн дарга Д.Ганбат, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү нарыг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.

Д.Баярсайхан энэ хэрэгт хол­богдон шалгуулж бай­гаагаас болоод Хяналтын зөвлөлийг хуралдуулах бо­ломжгүй байдаг. Гэтэл хохи­рог­чид СЗХ-ноос гаргасан 2008 оны 100, 122, 124 дүгээр  тогтоолуудыг хүчингүй бол­гох тухай нэхэмжлэлд хя­налт тавьж, Хяналтын зөв­лөлийг хуралдуулах үүр­гээ биелүүлээгүй, үүний цаад шалтгаан нь “Анод”-ын удирд­лагуудтай хуйвалдсан, тэднээс авлига авсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулах хүсэлт тавьжээ. Ингээд “Анод”-ын хэрэгт Ш.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энх­төр, Л.Уламбаяр нараас гадна Б.Энххуяг, Д.Ганбат, Д.Баярсайхан, Р.Содхүү на­рын төрийн хүмүүс шинээр  холбогдоод байна.  Энэ эгнээ цааш хэрхэн тэлэхийг одоогоор таамаглахад амаргүй юм.

Б.ЭНХХУЯГ ЗӨВХӨН “АНОД”-Д ХОЛБООТОЙ БИШ ШҮҮ ДЭЭ

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуягийг зөвхөн энэ хэргийн улмаас шалгагдаж байгаа юм биш гэж эх сурвалж хэлсэн. Мэдээж чухам өөр ямар хэргүүдэд шалгагдаж буйг нууцалсан ч үйл явдлыг эргэн харвал бүдэг ч болтугай зураглал гарч мэдэхээр байна. Тэгвэл Б.Энххуяг гэж хэн бэ. Монголбанкны чадварлаг мэргэжилтнүүдийн тоонд зүй ёсоор ордог тэрбээр “Гандирс”-ын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байв. Мөн АНУ-ын иргэн, “Стоунлей Интернэйшнл” компанийн захирал Жорж Чайлмерсийн хэргийг “судалж”  байсан. Хэдийгээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн ч Монгол Улсад 50 сая ам.долларын хохирол учруулчихаад байхад Монголын төлөө цохилох зүрхтэй л бол Б.Энххуяг хуулийнханд Ж.Чайлмерсийн зүг чигийг гаргаж өгөх учиртай хүмүүсийн нэг мөн. Ж.Чайлмерсийн Монголд учруулсан хохирлын хэмжээ одоо 21 сая ам.доллар болон багассан. Гэвч удаа дараа мөнгөөр аргалан батлан даалтад гарсаар байсан энэ этгээд  эдүгээ оргон зайлаад эрэн сурвалжлагдсан хэвээрээ. Шүүх хурлууд хойшилсоор л . Түүнчлэн мөнгөн дэвсгэртийг шинээр хэвлүүлэх бизнест хэнийг ч урдаа гаргахааргүй арвин туршлагатай. Үүгээрээ ч А.Батсүхийг эс тооцвол үе үеийн удирдлагууддаа таалагдсаар ирсэн. Учир нь А.Батсүхийн үед томоохон мөнгөн дэвсгэртүүдийг шинээр хэвлээгүй, тэгэх шаардлага ч байгаагүй ажээ. Энэ нь “АН-ын хүн” гэгддэг Б.Энххуягийн хувьд Монголбанкны ерөнхийлөгчтэйгээ дотно шадар байх хамгийн үнэ цэнэтэй арга нь байсан гэдэг. Сүүлийн 14 жилд Монголбанкны ерөнхийлөгч нь одоогийн Ардын намаас тасралтгүй томилогдлоо шүү дээ. Тэгэхээр тэдэнтэй хамтран ажиллая гэвэл ямар нэг өвөрмөц чадвартай байхаас өөр аргагүй. Энэ аргаараа арчигдахгүй, халагдахгүй явсаар 2010 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр дэд ерөнхийлөгч Д.Энхжаргалтайгаа зэрэг өргөдлөө өгсөн нь багагүй хардлага дагуулсан юм. Банкны салбарт савлагаа үүсч, хоёр ч банк хаалгаа бариад байсан тухайн цаг үеийн нөхцөл байдал үүнд чухал нөлөө үзүүлсэн байх. “Улс төрийн дарамт шахалтад орсон” хэмээн зэрэг дуугарсан тэдний тайлбар тун эргэлзээтэй төдийгүй  нас, мэргэжил нэгтэй ч нам өөртэй залуус яагаад ийм тоглолт хийх болсныг олон хүн гайхаж байлаа. Ялангуяа Б.Энххуягийг энх тунх инээд алдан гүйж яваад гэнэтхэн эрүүл мэндээ хайрлан чөлөө гуйхад итгэх хүн бүр ч ховор байсан юм. Харин ч С.Баярыг дуурайлаа гэж шоолох хүн мэр сэр гарч байв. Энэ хүн одоо ч эрүүл саруул хэвээрээ буй.

ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Д.ЭНХЖАРГАЛ УСНААС ХУУРАЙ ГАРАХ УУ

Харин Д.Энхжаргалын хувьд улс төрийн шалтгаанаар өргөдлөө өгөх болсноо тун нухацтайхан хэлснээрээ нууцхан түгшүүр төрүүлсэн. Түүний үгнээс нам нэгтнүүд нь битүүхэн  бэмбэгнэж байсан ч тэрбээр намаасаа холуур явах нь байтугай харин ч их хуралд нь суугаад, Бага хурлынх нь гишүүнээр сонгогдчихсон юм даа. Тэрбээр одоо Монголбанкны Лондон дахь төлөөлөгчийн газарт ажиллаж буй. Мөн МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдоход “МАН-ын Англи дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч” хэмээн танилцуулсан нь анхаарал татаж байлаа. Дэндүү чанга хатуу хяналттай ажилдаа чамбай ханддаг түүнийг дэргэдээсээ зайлуулах гэж Лондонд “цөллөө” гэх жиг жуг яриа гарч байсан нь саяхан. Гэвч хэзээний өөдрөг, бас тооцоотой, няхуур зангаараа энэхүү “шийтгэл”-ийг шагнал мэт хүлээн авсан гэдэг. Наад зах нь Монголбанкнаас урсгал зардалд нь өндөр үнэ төлдөг Лондон дахь байраа хүнд хөлслүүлчихээд, хямд байранд амьдраад мөнгө унагаж суудаг гэдгийг Монголбанкныхан ч, Лондон дахь монголчууд ч гэрчилнэ. Лондонд хаяглагдсан хатагтай Д.Энхжаргал намынхаа их, бага хурлуудад суучихаад буцаагүй байна. Түүнийг мөн л “Анод”-ын хэрэгт холбоотой шалгуулж байгаа гэж зарим хүн таамаглаж буй ч энэ нь тун үндэслэл муутай теорем юм. Тухайлбал, намын хурлуудаас гадна Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүний шинэ албан тушаал нь түүнийг хүлээж байсан. Түүнчлэн ОХУ-ын “Транс” банкны гүйцэтгэх захирал асан А.Е.Новожилов монгол иргэдийн хадгаламжийн мөнгийг өөрийн орны иргэнд барьцаагүй зээлийн хэлбэрээр олгосон хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна. Д.Энхжаргалын гэр бүлийн бизнес нь Тээвэр хөгжлийн банк. Тус банк “Транс” банктай хамтран ажилладгаа ч бодсон, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан, хяналт шалгалтын газрын захирал байсны хувьд ч уг хэргийн талаар хэдэн үг хэлэх л учиртай. Гэхдээ эдүгээ хатагтай Д.Энхжаргалд хамааралтай банкны тоо нэмэгдсээр байна. Дээрээс нь татаад авах том нам, түүний том албан тушаал байгаа болохоор Б.Энххуяг шиг яллагдагчаар татагдталаа “доошоо орохгүй” л болов уу. Уг нь шударга ёс гэж байдаг бол “Анод”-ыг төрөхөөс эхлээд авслагдах хүртэлх цаг үед нь хамтдаа Монголбанкны удирдлагын албыг хашиж байсных, Б.Энххуягтай ижил л хувь тавилантай байх учиртайсан.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА ДАХИН ӨРГӨДЛӨӨ ӨГӨХ ҮҮ

Одоогоос бараг хоёр жилийн өмнө буюу 2009 оны нэгдүгээр сарын эхээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан огцрох өргөдлөө өглөө гэсэн сураг чих дэлсч байв. УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллан, тус хороонд шалгалт хийсэн. Дээр нь үйл ажиллагаа нь доголдсон “Анод” банк хувьцаа гаргасан алдааг мөн л түүнд тохож, хариуцлагын асуудал ярих мөчид түүнийг өргөдлөө өгсөн тухай мэдээлэл хэвлэлд гарч байлаа. Тухайн үед УИХ Монголбанкны ерөнхийлөгчөө ч сонгож чадаагүй байсан. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны даргын суудал суларсан нь нэг талаар гэнэтийн эрсдэл, нөгөө талаар томилгооны баяр хөөр дагуулж байв. Ингээд МАН-аас Монголбанкны ерөнхийлөгчийг томилж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг АН-аас томилох тохироо явж байснаа гэнэт чимээгүй болсон юм. Эсвэл Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан өргөдлөө буцааж авсан буюу огт өгөөгүй байх. Тийм биш бол Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг зэрэг шахам томилохыг буруу гэсэн улс төрийн дүгнэлт гарсан байж болох юм. Хэрэв Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Анод”-ын хэрэгт яллагдагчаар татагдсан хэвээр байвал уг хорооны даргын суудлыг хуулийн “асуудал”-гүй, нэр цэвэр хүнд хүлээлгэн өгөхөөс өөр аргагүй. Энэ мөчид Санхүүгийн зохицуулах хорооны дарга дахин өргөдлөө өгөх болов уу яах бол.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж