Шатсан есөн хүний наймыг нь хутгалсан байжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Шатсан есөн хүний наймыг нь хутгалсан байжээ

СХД-т гарсан энэ аймшигт хэрэг хардалтаас үүдэлтэй байж магадгүй ажээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, “Эрэл” компанийн тоосгоны үйлдвэрийн урд энэ хэрэг гарсан байна. Өнгөрөгч бямба гаригийн үдэш 18.00 цагийн орчимд айлын гэр шатаж, есөн хүний халуун амь эрсэдлээ. Зургаан ам бүлтэй айл байсан гэх хажуу айлынх нь жаахан хүүхдээс өөр ямар ч гэрчгүй энэ хэргийг ЭЦГ-ын Мөрдөн байцаах тасгийнхан шалгаж эхэлжээ. Биднийг өчигдөр 12.20 цагт хэргийн газар очиход ЭЦГ, Сонгинохайрхан дүүргийн ЦХ-ийн ажилтнууд, Онцгой байдлын ажилтнууд шатсан гэрийн буйрыг цэвэрлэж, шинжилгээ хийхээр зарим эд зүйлсийг авч байсан юм. Үдшийн 18.20 цагт дуудлага авсны дараа цагдаагийнхныг очиход цогцсууд хоёр гурваараа давхралдсан байдалтай шатсан байсан бөгөөд тэдний дөрөв нь бага насны хүүхдүүд байжээ. Нийтдээ есөн хүний цогцос байснаас найман хүний биед хутгалуулсан шинж тэмдэг илэрсэн байна. Хүн ам, орон сууцны тооллогоор ам бүл зургуулаа гэж бүртгэгдсэн хохирогчийнд чухам ямар хүмүүс байсан нь тодорхойгүй, хэрэг бүртгэлтийн шатандаа яваа учир илүү мэдээлэл олдсонгүй. Хохирогчийнхтой хөрш айлд бага насны гурван хүүхдээс өөр хүн байсангүй. Арай томхон нь болох 10 гаруй насны хүү “Өчигдөр орой манай дүү нүүрс оруулж ирэхээр гараад орж ирэхдээ эдний тооноор аймаар их гал гарч байна” гэж хэлсэн. Эднийхээс ямар ч дуу чимээ гараагүй гэхчлэн бор цай аягалангаа ярьсан юм. Цагдаагийнхны яриагаар нас барсан есөн хүний нэг нь гадны нөлөөгүйгээр шатаж нас барсан нь нэг нь бусдыгаа хутгалж хөнөөгөөд, өөрийгөө хамт шатаасан байх магадлалтай ажээ. Тоосгоны үйлдвэрийн урд талын 20 хүрэхгүй метр зайтай жалганы ирмэг дээрх хэсэгхэн газарт хохирогчийнх хашаагүй, задгай газар гэрээ барьсан байжээ. Гэрээс төмөр орны пүрш, шалны хулдаасны тасархай, төмөр пийшингээс өөр юу ч үлдээгүй байлаа. Гэр байсан гэж мэдэгдэхээргүй болсон нүүгэлтсэн үнс, нурман дунд цагдаагийнхан хэрэг бүртгэх ажиллагаа явуулж, онцгой байдлын шинжээчдийн бүлэг ямар нэгэн зүйлээс дээж авч байв.

Салсан нөхөр нь эхнэрээ хардаж, төрсөн үрээ хөнөөсөн бололтой

Тууз татаж, цагдаагийн хамгаалалтад авсан тус газарт хөндлөнгийн хүмүүсийг ойртуулахгүй байх үүрэг хүлээсэн цагдаа нар манай сурвалжлах хэсгийг ч мөн хэргийн газар руу ойртуулсангүй. Энэ хэрэг дээр Эрүүгийн цагдаа, УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Онцгой байдлын гал унтраах XXVI анги, Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах I албаны ажилчид хэргийн газар хэрэг бүртгэх нэмэлт ажиллагаа явуулж байлаа. Бидэнд олдсон мэдээллээр уг гэрт 1962 онд төрсөн нэгэн эмэгтэй нөхөр, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг байсан. Нөхөр нь эхнэрээсээ 20 насаар дүү буюу 1982 онд төрсөн нэгэн бөгөөд тэд дундаасаа гарсан хоёр орчим настай нэг охинтой байсан аж. Харин эмэгтэй 14 орчим насны дагавар хүүтэй. Дагавар хүүгийнх нь аав хааяа тэднийхээр ирдэг бөгөөд 1982 онд төрсөн Ядамсүрэнгийн Гансүх гэгч гэнэ. Тэрбээр гал гарах үед тэднийд ирсэн байжээ. Урьдчилсан дүгнэлтээр энэ айлд Я.Гансүх согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ирсэн. Ингээд салсан эхнэрээ хардахдаа гэрт байсан найман хүнийг хутгалж, амь насыг нь егүүтгэж эцэст нь гэрт гал тавьсан байж болзошгүй гэв.

Гэр рүү бензин ч юм уу, хүчтэй бодис цацсан бололтой байсан тул унтрааж дийлээгүй ажээ

Галд шатсан айлын хөршүүдийн нэг нь гал гарахын өмнөхөн эмэгтэй хүн “Амь авраарай” гэж байсан хэмээн цагдаагийнханд мэдүүлээд байгаа гэнэ. Одоогийн байдлаар цагдаа нар хэргийн газраас хоёр ширхэг богино иштэй хутга олоод байгаа бөгөөд тэр нь амиа алдсан найман хүнийг хөнөөсөн хутга биш хэмээн үзэж байгаа ажээ. Мөн хэргийн газраас талийгаачдын хэрэглэж байсан гар утас, хувцасны тасархай гэх мэт зүйлийг нотлох баримт болгон цуглуулжээ. Энэ хэргийн газрын өөр нэг хачирхалтай зүйл нь урд талынх нь гэрт гал гарч байхыг харсан “Эрэл” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн ажилчид галыг унтраахаар очсон боловч бензин ч юм уу, хүчтэй бодис цацсан юм шиг гал маш эрчтэй байсан бөгөөд хоёр метр ч ойртож болохгүй байсан гэнэ. Гал унтраах ангийнхан ирэхэд гэр аль хэдийнэ шатчихсан байсан хэмээн мэдээлж байлаа. Энэ нь уг галыг санаатайгаар тавьсан гэдгийг нотолж байв. Ингээд шатсан гэрээс 7-8 метрт буюу бараг зэрэгцэн буусан хөршийнд нь орлоо. Уг гэрт 2-14 насны дөрвөн хүү гэрээ харж үлдсэн байв. Тэдний ууган нь болох Н.Сосороос цөөн асуултад хариулт авлаа.

-Хажуу талын айлд чинь өчигдөр /уржигдар/ юу болсон юм бэ?

-Мэдэхгүй. Ямар нэг чимээ гараагүй. Ер нь их хөдөлгөөнтэй айл байдаг юм. Манайх энд ирээд сар болоогүй байгаа болохоор сайн танихгүй. Хүүхдүүдтэй нь бид тоглодоггүй. Өчигдөр өдөр 14.00 цагийн үед лав ээж нь хоёр хүүхэдтэйгээ л байсан. Тэрнээс хойш манай хоёр жижиг дүү унтчихсан. Би том дүүтэйгээ шатар тоглож байгаад гаднаас нүүрс оруулж ирүүлэхээр дүүгээ гаргасан юм. Тэгсэн хажуу айлын тоононоос нь гал гарч байна гэсэн. Тэгээд хүн дуудаж, дуудлага өгсөн. Тэгэхэд цаг 16.20 болж байсан.

-Энэ айлд ямар хүмүүс амьдардаг байсан юм бол. Та хоёрыг тоглож байхад хажуу айлаас чинь ямар нэг чимээ гараагүй юу?

-Яг ямар хүн байдгийг нь сайн мэдэхгүй. Архи дарс гээд л ер нь их чимээтэй айл шүү дээ. Тийм болохоор нэг их юм анзаарагдаагүй. Хоёр орчим насны жаахан охин л ээж, аавтайгаа амьдардаг юм шиг байдаг байсан. Аав, ээж хоёр нь 27-28 орчим настай л байх. Сүүлийн хэд хоногоос том хүү нь гэсэн байх аа, 14 орчим насны нэг хүү ирсэн. Тэр лав байсан. Яг гал гарах үеэр авраарай энэ тэр гэсэн чимээ лав гараагүй. Ямар хүмүүс байсныг нь сайн мэдэхгүй байна.

-Цагдаа, онцгойгийнхон хэзээ ирсэн юм бол?

-Онцгой байдлынхан өчигдөр /уржигдар/ 18.40 гэж ирсэн. Цагдаа тэрний дараахан ирсэн. Өнөөдөр /өчигдөр/ 09.00 гээд л ирсэн. Энэ айлын талаар ер нь бид сайн мэдэхгүй.

Эднийхээс гарсны дараа зэргэлдээх айл руу очиж, мөн хэргийн талаар асуусан боловч “Хэрэг гарах үед байсан хүн нь алга байна. Тиймээс юу ч мэдэхгүй байна. Шатсан айл энэ газар буугаад жил гаруй болж байгаа. Олон хүн орж, гарч харагддаг болохоор яг аль аль нь амьдардаг гэдгийг мэдэхгүй. 27-28 насны эрэгтэй, эмэгтэй хоёр л хүүхдүүдтэйгээ амьдардаг юм шиг байсан. Үүнээс өөрийг мэдэхгүй” гэв. Талийгаачдын хэн болохыг одоогоор тогтоох боломжгүй байгаа бөгөөд 14 хоногийн дараа гал гарсан шалтгаан болон цогцоснуудаас авсан дээжний хариу гарах юм байна.

Ийнхүү нэгэн гэр бүлийнхэн гэртээ бусдын гарт хорлогдож, хүйс тэмтрэгдлээ. Хэрэг гараад бүтэн шөнө, тал өдөр болж байхад хохирогчийн талын гэх ганц ч хүн хэргийн газарт ирээгүй байлаа. Биднийг очиход цагдаагийнхан “Та нар энэ айлын ар гэрийнхэн үү” хэмээн асууж байсан нь үүнийг гэрчлэх мэт. Монгол хүн хэзээний айл хөршийндөө орж гарч, танилцаж, илүү дутуугаа нөхөлцөж  амьдардаг энгүүн ёс хаачаа вэ. Давс гурил гуйхаа байг, бүтэн жил хөрш, хаяа залгаж амьдарчихаад нэг нэгнээ танихгүй, нэрийг нь ч мэдэхгүй, учир мэдэхгүй жаахан хүүхдүүд нь ч хамтдаа тоглодоггүй болсон ийм л нийгэмд амьдарч байна даа, бид. Хөршийнх нь орон гэртэйгээ шатаж, өрх бүлээрээ тэнгэрт хальчихаад байхад эзгүй байсан хөрш гэх айл хохирогчийнхоос 20 хүрэхгүй метрийн зайтай, хоорондоо тусгаарлах хашаа ч үгүй байсан гээд бод доо. Гэрийн эзэд нь улаан нялзрай гурван хүүхдээ шатсан гэрийн буйран дээр орхичихоод хаашаа ч юм явцгаасан нь хачирхалтай. Цагдаа, шүүх, онцгойгийнхон гээд хэн дуртай нь тэднийд орж хүүгээс юм асуух, цаадах нь мэдэх мэдэхгүй, болох болохгүйг ч мэдэхгүй асуултад нь хариулаад зогсч байх. Бас монгол хүн юм гэсэндээ халуун бор цайгаар дайлж байсныг хэлэх юун.

Б.ОЮУНГЭРЭЛ, С.ЭНХЗАЯА.

Зохиогчийн эрх:
 “Монголын мэдээ” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж