Стратегийн түншлэл байгуулахаар болов

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Стратегийн түншлэл байгуулахаар болов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж арваннэгдүгээр сарын 15-19-нд Япон улсад төрийн айлчлал хийж, энэ үеэр хоёр улс 1997 оноос өнөөг хүртэл хөгжүүлж ирсэн Иж бүрэн түншлэлийн харилцаа зохих үр дүнд хүрсэн гэж үзэж, цаашид Стратегийн түншлэл байгуулах шинэ зорилт дэвшүүлж ажиллахаар тохиров.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 19-ний өдөр Японы Ерөнхий сайд Н.Кантай хэлэлцээ хийж гаргасан “Стратегийн түншлэл байгуулахад чиглэсэн Монгол, Японы Хамтарсан мэдэгдэл”-д энэ тухай зарласан бөгөөд хоёр орон цаашид  улс түрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, эдийн засгийн, ялангуяа эрдэс баялагийн салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, соёлын болон иргэдийн солилцоог өргөжүүлэх, олон улсын тавцанд нягт хамтран ажиллахаар тохирсон байна. 

Уг баримт бичигт “Монгол, Японы харилцааны шинэ үе болох “Стратегийн түншлэл”-ийг байгуулахад чиглэсэн алхам нь хоёр улсын харилцан ашигтай, бие биенээ нөхсөн харилцааг улам батжуулан хөгжүүлэх төдийгүй Азийн бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй улс төр, эдийн засаг, байгаль орчин зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахад чухал арга хэмжээ болохыг талууд нотлов” гэжээ.

Хамтарсан мэдэгдэлд дурьдсанаар хоёр тал Гадаад хэргийн сайд нарын яриа хэлэлцээг жил бүр зохион байгуулах сонирхолтой байгаагаа талууд илэрхийлсэн байна. Мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах судалгааны ажлын тайлангийн үр дүнг үндэслэн албан ёсны яриа хэлэлцээг 2011 онд багтаан эхлүүлэх зорилт тавьж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгдсэн байна. 

2012 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой нь найрамдалт харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх чухал боломж гэж үзэж, ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд талууд хамтран ажиллахаар болжээ.

Хоёр тал мөн НҮБ, ялангуяа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх асуудлаар санал нэгтэй байгаагаа нотлоод НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүний тоог нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзэв. Монголын тал Япон Улсыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болох, мөн байнгын бус гишүүнээр нэр дэвшихийг дэмжиж ирсэн байр сууриа цаашид ч үргэлжлүүлэн баримтлахаа илэрхийлэв гэж дээрх баримт бичигт дурджээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа үеэр Япон улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихитод бараалхаж, Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Т.Ёкомичи, Зөвлөхүүдийн Танхимын дарга Т.Нишиока нартай уулзав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсын Парламентын нэгдсэн чуулганд үг хэлэв. Тэрбээр мөн Токио хотноо зохиогдсон Монгол, Японы бизнесийн чуулганд оролцож үг хэлсэн бөгөөд Токиогийн их сургуульд байгаль орчныг хамгаалах сэдвээр лекц уншсан байна.

Айлчлалын үеэр Япон улсын Засгийн газраас Монгол Улсад Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр шаттай иенийн зээлийн 2 дахь ээлжийг олгох тухай Харилцан солилцох Ноот бичигт Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, С.Маэхара болон ЖАЙКА байгууллагын Ерөнхийлөгч С.Огата нар гарын үсэг зурсан байна.

Япон улсад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдан явсан Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Маэхара болон Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Гадаад хэгийн сайд асан К.Окадатай тус тус уулзаж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагаа, парламентын харилцааг өргөжүүлэх зэрэг өргөн хүрээтэй сэдвээр санал солилцсон байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж